Х.Даваахүү:Тариалалтад 10-аад мянган тонн үр дутагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭЭрчимжсэн МАА, газар тариалангийн бүс нутаг болох зорилго тавиад байгаа Сэлэнгэчүүд хаврын тариалалтын их ажилтайгаа удахгүй золгоно. Ийн хаврын тариалалт эхлэх дөхж байгаатай холбогдуулан ХХААГ-ын дарга Х.Даваахүүтэй ярилцлаа.
-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе.Сэлэнгэ нутгийн маань хавар сайхан болж байна. Малчдын хотонд төлийн дуу хэдийнээ цангинаж эхэлжээ. Малчдын маань хаваржилт хэр байна. Мал төллөлтийн явц ямар байгаа талаар яриагаа эхлэх үү?
-Танд ч бас энэ өдрийн мэнд хүргэе. Энэ өвөл Сэлэнгэ аймаг бүхэлдээ цасан бүрхүүлтэй, 5-10 см-ийн жигд цастай, их орсон үедээ 10-20 см зузаан айхтар хүндрэлгүйгээр, гэхдээ байнгын болон нэмэгдэл тэжээлд орсон малын тоо харьцангуй нэмэгдсэн байдалтай, хохирол багатайгаар өвлийг давсан. Үндсэндээ өвлийн бэлтгэл өвс, тэжээлээ сайн бэлтгэсэн учраас энэ шүү дээ. Бид 130 гаруй мянган тонн хадлан бэлтгэсэн. Түүний 30-аад мянга нь бизнесийн хадлан байлаа. 100-аад мянган тонн тэжээлээ нэг сая 40058 мянган толгой малдаа өгч хавартайгаа золгож байна. Энэ өвөл манай 700 гаруй мал хорогдсон. Энэ бол нэг хувь ч хүрэхгүй үзүүлэлт. Өнөөдрийн байдлаар цас ханзраад зарим сумандаа бэлчээр гарч эхэллээ. Одоогоор бидний тооцоогоор 20 гаруй мянган тонн тэжээл нөөцөнд бий. Түүнийгээ төл бойжилтондоо хэрэглэнэ. Алтанбулаг, Мандал, Баянгол сумдын зарим малчдаас тэжээл нэлээд багассан гэсэн мэдээлэл ирүүлсний дагуу бид аймгийн ОБГ-т хүсэлт тавиад Засгийн газраас 300 тонн хивэг 50 хувийн хямдралтай үнээр татаж өгсөн. Үүний өмнө бас асуудал тавьж байгаад 2013 оны өвсийг хямдралтай үнээр хүргүүлсэн байгаа. Өнөөдрийн байдлаар бид төлтэйгээ золгочихсон, төлдөө өгөх нөөц өвстэй байна. Цаашид гэнэтийн онцгой байгалийн хүчин зүйл тохиолдохгүй байвал төллөлт дуусч ногоотойгоо учирна гэсэн бодолтой байна. Мал эмнэлэг урьдчилан сэргийлэх арга хэмжээний ажлын хүрээнд малаа вакцинжуулах хуваарь гарчихсан, хараахан вакцин ирээгүй байна. Ингээд 3-4 саруудад хуваарьт вакцинаа хийчих юм бол үндсэндээ мал аж ахуйн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.
-Та сая хэд хоногийн өмнө малчдын улсын зөвлөлгөөнд оролцоод ирсэн гэсэн. Энэ зөвлөлгөөн дээр малчдын хүсээд байдаг асуудлууд хэр нааштайгаар шийдэгдэв. Ялангуяа манай аймаг эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн бүс нутаг болох асуудлыг дээд шатанд олон жил тавьж байсан. Энэ асуудал хэр хөндөгдөв?
-Ер нь манай аймаг малынхаа тоог бууруулах зорилт тавиад байгаа шүү дээ. Сүүлийн 7 жил бидний ярьж байгаа нэг асуудал бол таны саяны хэлсэн эрчимжсэн МАА, газар тариалангийн бүс нутаг болох. Бидний энэ яриад байсан асуудлыг сая гарсан тариалангийн хууль буюу төрөөс газар тариалангийн талаар баримтлах бодлогодоо тусгасан. Тухайлбал тариалангийн хуулинд засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийн дагуу эрчимжсэн аж ахуй байж болно гэж заасан. Манай аймаг чинь 2009 онд аймгийн ИТХ-аараа “Сэлэнгэ аймаг бүхэлдээ эрчимжсэн МАА, газар тариалангийн бүс нутаг байна” гэсэн тогтоолыг гаргасан. Одоо тэр тогтоолоо шинэчлээд Засгийн газарт явуулна. Тэгээд “Сэлэнгэ аймгийг бүхэлд нь эрчимжсэн МАА, газар тариалангийн бүс нутаг болгоно” гээд зарлах байх. Ингээд зарлаад ирэхээр тэр бүс нутагт эрчимжсэн МАА байх ёстой. Эрчимжсэн МАА гэхээр бүгдийг нь хашаанд оруулчихна гэсэн үг биш. Одоо байгаа сая 450 мянган толгой малаа болдог юм бол ядаж 50 хувь тоог нь бууруулах хэрэгтэй. Гэхдээ тоо нь буурч 7000 мянга болсон ч өмнөх тооны малаасаа илүү ашиг авах ёстой. Бид бас малчдаа бодохгүй бол болохгүй. Малчид маань үндэсний үйлдвэрлэгчид. Энэ бүгд тариалангийн хуулинд туссан байгаа. Өнөөдөр хууль гараад маргааш малынхаа тоог 50 хувь бууруулна гэж байхгүй. Мэдээж хугацаа хэрэгтэй. Тариалангийн хуулинд хэд хэдэн заалт орсон. Тухайлбал тариалангийн талбайгаас 500 м-ийн дотор хаваржаа, өвөлжөө байхгүй гэж заасан. Бид шууд одоо нүү гэж малчдад хэлж болохгүй. Хаваржаа, өвөлжөөний газрыг нь зааж өгнө, шийдэх зүйл их бий. Энэ хавар бид малчид, тариаланчиддаа тариалангийн хуулиа хэрэгжүүлэх асуудлаар хууль сурталчлах ажлыг маш сайн хийж, ойлгуулна. Энэ асуудлаар өмнө нь бид 6 жил гаруй ярьсан болохоор хүмүүсийн сэтгэл зүй бэлтгэгдсэн байх гэж бодож байна. Одоо хуульчлаад гараад ирлээ.
Энэ зөвлөлгөөн дээр хүнс, хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлогын бичиг баримтууд, түүнийг хэрэгжүүлэхийн тулд мал аж ахуйн үйлдвэрлэлд ямар ямар хууль эрх зүйн актууд, журмууд гарах ёстой вэ гэдгийг хоёр өдөр их нугацтай сайн ярилцлаа. Зөвлөлгөөнд Ерөнхий сайд өөрөө оролцсон. Хаалтан дээр УИХ-ын дарга ирсэн. Үндсэндээ мал аж ахуйн үйлдвэрлэл бол монголын хөгжлийн бас нэгэн гарц юм байна гэдгийг энд тодорхойллоо. Тэгэхээр цаашдаа МАА-н үйлдвэрлэл рүүгээ нэлээд анхаарч ашиг шимийг нэмэгдүүлэх, МАА-н бүтээгдэхүүний чанарыг сайжруулах. Цаашлаад экспорт руу чиглэх арга хэмжээг авах юм байна. Тэгэхээр манай эрчимжсэн МАА, газар тариалангийн бүс нутаг болох бодлого, төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлоготойгоо яв цав нэгдэж байна гэж ойлгосон. Түрүүчийн ажлууд хийгдээд эхэллээ. Улсын хэмжээнд үндсэндээ 5000 мянган тонн мах гаргасан байна. Манай улс ОХУ, БНХАУ, Вьетнам зэрэг хэд хэдэн улсад мах, махан бүтээгдэхүүн гаргаж байгаа юм байна лээ.
-Сэлэнгэ аймгийн удирдлагууд ОХУ, болон БНХАУ-тай мах гаргах асуудлаар ярилцсан гэсэн. Сэлэнгэ аймгийн тухайд гадагш мах гаргахад болохгүй зүйл юу байна. “Гацуурт” компани чинь орчин үеийн технологитой махны үйлдвэртэй биздээ?
-Сэлэнгэ аймаг буюу төвийн бүсийг эрүүл бүс нутаг гэж тогтоогоод ирэх юм бол бид цаашдаа махаа гадагш гаргаж болно. Ингэхийн тулд нэгдүгээрт эрүүл бүс нутагтай байх, хоёрдугаарт махаа үйлдвэрийн аргаар боловсруулдаг болох ёстой. Өнөөдөр манайд яг тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа махны үйлдвэр алга байна. “Гацуурт”-ын махны үйлдвэр уг нь орчин үеийн техник тоног төхөөрөмж, технологитой боловч тогтвортой жигд бус, өөрсдийнхөө хэмжээнд үйлдвэрлэлээ явуулж байх шиг байна. Иймд орчин үеийн шаардлагад нийцсэн үйлдвэр байгуулья гэсэн бодлоготой байгаа. Монгол Улсын Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрөөр 12 ширхэг томоохон махны үйлдвэр байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. Үүний нэгийг Сэлэнгэ аймагт байхаар болсон. Бид газрын асуудлаа шийдээд ХХААЯ-д явуулна. Ингээд судалгаа ороод ирвэл дараа жилээс үйлдвэр баригдах байх аа. Ингээд ирэхээр нөгөө эрчимжсэн мал аж ахуйн 700 мянган мал чинь нэг хэсэг нь махны, нөгөө хэсэг нь сүүний чиглэлээр хуваагдаад явна. Сүүний жижиг үйлдвэрүүдийг бүсийн хөгжилд бас байгуулах шаардлагатай болно. Ингээд малчид маань мах, сүүгээ үйлдвэрлээд ойрхон үйлдвэртээ өгнө шүү дээ. Ингэснээр малчдын үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ. Цаашдаа махаа экспортлоод ирэхээр малчдын маань орлого ч улам нэмэгдээд ирнэ.
-За ингээд Сэлэнгэ аймаг “Эрчимжсэн МАА, газар тариалангийн бүс нутаг” боллоо. Мэдээж малчдын зүгээс малын тооны хойноос бус, ашиг шим өндөртэй малын хойноос хөөцөлдөх цаг үе ирлээ гэж ойлгож байна. Гэхдээ энд чинь дан ганц эрчимжсэн малнаас гадна нутгийн мал гэж байгаа шүү дээ. Үүнийгээ яах билээ?
-Ингээд Сэлэнгэ аймаг бүс нутаг болоод ирэхээр Сэлэнгэд нутгийн мал бага хэмжээгээр байх ёстой. Гэхдээ байх юм бол зарим боломжтой сумдууд алсын бэлчээрээ ашиглах ёстой. Хамгийн гол нь тарианаасаа хол байж л нутгийн малаа өсгөх боломж гарна. Иймээс аймгийн бодлогод малчдад дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж өгөх асуудал үүсч байгаа. Алсын бэлчээр нь хаана байх юм. Зам даваагаа давах юм уу, худаг ус нь ойр юм уу гээд. Энэ бүгдийг цаашид шийдвэрлэх ажлууд маш их бий. Мал аж ахуйг төрөөс маш их анхаарч байна. Зээлийн асуудлыг 29.5 хувь байсныг 18 хувь болгосон. Одоо дахиад 10 хувь болгох гэж байна. Энэ зээлэнд хамрагдахдаа малчдаас гуравхан зүйлийг л шаардаж байгаа. Үүнд нэгдүгээрт малчныхаа дансаар орлого, зарлагаа оруулдаг бай. Хоёрдугаарт эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн бай. Гуравдугаарт мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд оролцсон бай гэсэн. Малчин чинь тусгай мэргэжил болоод үйлдвэрлэгч учраас энэ шаардлагыг заавал биелүүлэх ёстой. Мөн мал эрүүл байх ёстой. Иймээс цаашдаа мал аж ахуйн үйлдвэрлэл нь экспорт руу чиглэсэн, монгол эх орны хөгжлийн томоохон гарц болох чиг хандлага руу чиглэж байна. Манай аймгийн баримталж байгаа бодлогын чиг хандага төрөөс баримталж байгаа бодлогын чиг хандагатай тохирч байна гэж ойлгож болно.
-Сэлэнгэчүүдийн Монгол Улсынхаа өмнө хүлээсэн хамгийн том хариуцлагатай ажил бол газар тариалангийн салбарын ажлын үр дүн байдаг. Тун удахгүй хаврын тариалалтын их ажил эхэлнэ. Энэ жилийн тариалалт хэзээ эхлэх гэж байна. Хичнээн га-д тариалалт хийх, энэ жилийн тухайд уринш хэр бэлтгэсэн бэ. Манай тариаланчид техникийн шинэчлэлт маш сайн хийсэн байх аа?
-Газар тариалангийн үйлдвэрлэл хаяанд ирэх дөхөж байна. Мэдээж олон жилийн дундаж, технологиороо 5-р сарын 5-наас 25-ны хооронд үр тариагаа тарьдаг. Бид техникийн тооцоо хийж үзсэн. Манай тариаланчид ажлын 12 хоногт тарих боломжтой. Энэ бол аймгийн дунджаар шүү. Гэхдээ Түшигт байгаа техникээ Орхонтуул суманд аваачиж тарихгүй гэх юм бол зарим сумд 14 хоногт, зарим сумд 9 хоногт тарьчихна. Сэлэнгийн тариаланчид үндсэндээ цомхотгосон технологиос тэг технологи руу явж байгаа шүү дээ. Бид нийт бэлтгэсэн уриншийнхаа 50 хувийг тэг технологиор хийж байгаа. Техник технологийн хувьд урьдын адил тариалалт хийх боломжоо бүрэн хангасан. Боловсон хүчний хувьд бас бололцоотой. Өндөр хүчин чадлын техникүүд ирж байгаатай холбоотойгоор урьдынх шиг олон механикжуулагчид ажиллахаа больсон. Гэхдээ боловсон хүчин, механикжуулагчдын мэдлэг чадварыг энэ шинэ өндөр хүчин чадалтай техник, технологид нь тааруулан урт болоод богино хугацааны сургалтуудаар дээшлүүлж байх ёстой. Бид өнгөрсөн жил сургалт хийсэнгүй. Урд жилүүдэд техник нийлүүлдэг диллер компаниуд, туршлагатай тариаланч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат механикжуулагч Ш.Мардаан гуай, хүрээлэнгийхэнтэй хамтраад практик, онол хосолсон сургалтуудыг хийж байсан. Энэ жил ХААИС, инновацийн төвтэй харилцан гэрээ хийсэн. Энэ хавар хамтраад сургалт хийхээр төлөвлөж байна. Мөн диллер компаниуд өөрсдийн оруулж ирж байгаа техникийнхээ хүчин чадал болоод давуу тал, засвар үйлчилгээн дээр хэрхэн ажиллах аргыг ч зааж сургадаг. Манай аймаг энэ жил сайдтай байгуулсан гэрээгээрээ бол 120 мянган га улаанбуудай тарих ёстой. Гэхдээ манай бэлтгэсэн уринш бол 140-өөд мянган га байгаа. Ингээд бид нийтдээ 150 мянган га-д тарих боломжтой.
-Тариалалтын хамгийн чухал зүйл бол үр. Хаврын тариалалтын үр хэр хүрэлцээтэй байгаа вэ. Мөн чанарын шаардлага хангасан үрээр мэдээж тариалалтаа хийх болов уу?
-Дээр хэлсэн манай аймаг энэ жил 150-иад мянган га-д тариалалт хийнэ. Энэ талбайд үндсэндээ 20 гаруй мянган тонн үр хэрэгтэй байгаа. Өнөөдрийн байдлаар бидэнд яг одоо 10 гаруй мянган тонн үр байна. Аймагт байгаагаа зохицуулаад ч 10-аад мянган тонн дутаж байна. Энэ бол том асуудал. Үрийн тендер зарласан зарим компаниуд гаднаас оруулахаар хөөцөлдөж байгаа. Дотооддоо нөөцөлсөн үрнээс бид авна. Улсаас хуваарь гаргана. Ганцхан манай аймагт бүгдийг нь өгчихнө гэж байхгүй. Иймээс бид үлдсэн дутуу үрээ гаднаас оруулах арга хайж байна. Аймгийн Ерөнхий агрономи бид хоёр маргааш ОХУ руу үр судлах ажлаар явах гэж байна. Тухайлбал ямар үр байна, чанар хэр байна, үнэ хэд байгааг судлахаар. Энэ ажилд төсвөөс мөнгө гаргахгүй. Бид зөвхөн үр оруулж ирэх бололцоо нөхцөлийг нь судлаад ирнэ. Үнэхээр чанартай, хямд үр байвал аж ахуйн нэгжүүддээ хэлнэ. Ингээд бид 5 сарын 10 гэхэд үрээ шийдчих байх аа. Хэрвээ үрээ шийдэж чадахгүй бол нөгөө л тосны ургамалаа тарина ш дээ. Тосны ургамлыг нийт талбайн 15 хүртэл хувьд тарьж болно гэж байгаа. Ингэхийн бол манай аймаг 80 хувьд улаан буудай, 20 хувьд тосны ургамал тарих болно.
-Бордооны асуудлыг хэрхэн шийдэж байна вэ. Манай дотоодод үйлдвэрлэж байгаа бордооны чанар хэр сайн байдаг юм бол. Гаднаас бордоо авч байгаа юу. Тариаланчдад өгдөг урамшууллын асуудал юу болсон бэ. Өнгөрсөн жил ургац алдсан компаниуд их байгаа. Эд маань эргэлтийн хөрөнгө байхгүй гэх асуудал яригдаад байх шиг?
-Шатахуун, бордоо, ургамал хамгааллын бодисын тухайд ХХААЯ-наас урьдын адил бордоог 60 хувь хүртэл хөнгөлөөд тариаланчиддаа өгнө. Үлдсэн мөнгийг нь намар авна гэсэн. Шатахууны хувьд ч гэсэн 50 хувь хөнгөлж өгнө гэж сая удирдах ажилтны зөвлөлгөөн дээр хэлсэн. Уринш, шатахуун хоёрт ч бас адил 50 хувь хөнгөлөлт өгнө гэж ярьсан. Манай улс чинь дотооддоо бордоо үйлдвэрлэж байгаа. Тухайлбал Багануур, Баянчандмань, манай Сэлэнгэд үйлдвэрлэж байгаа “Био бордоо” зэрэг үйлдвэрүүдэд хийж байгаа дотоодын бордоо бий. Эд маш сайн чанартай бордоонууд байдаг. Энэ маань бараг хэрэгцээгээ хангана. Гэхдээ дутвал заримыг нь гаднаас оруулна. Нэг анхаарах асуудал бол өнгөрсөн жил ургац муу авсан. Зарим аж ахуйн нэгжүүд борлуулалт муу байснаас зарим аж ахуйн нэгжүүд эргэлтийн хөрөнгө байхгүй байгаа. Сая Засгийн газраас тариаланчдад баярлууштай шийдвэр гаргаж урамшууллаа өгөхөөр боллоо. Өнгөрсөн жилүүд шиг тонн тутамд 50-70 мянга биш, бүгдэд нь хүртээмжтэй 40-50 мянгыг өгөхөөр боллоо. Манай аж ахуйн нэгжүүд материалаа бүрдүүлээд өгсөн байгаа. Ихэнх аж ахуйнууд тариалан эрхлэлтийг дэмжих санд өртэй. Иймээс энэ өгөх мөнгөө энэ хавартаа өрд нь шилжүүлэхгүйгээр өгчих юм бол эргэлтийн мөнгөгүй болсон компаниудад ихээхэн нэмэр болоод явчихна. Нэлээд олон хүн үүнийг хүсэж байгаа байх шиг байна. Гаднаас техник, үр бордоо, ургамал хамгааллын бодис оруулж ирэхэд гаалийн татвар, НӨАТ-аас хөнгөлсөн байгаа.
-Тариаланчдын хамгийн гол асуудал бол хөрсөө хамгаалах ажил байдаг. Энэ хөрс хамгаалллын ажил ямар түвшинд байгаа вэ. Хөрс хамгааллаа сайн хийсэн компаниудад хөнгөлөлт, урамшуулал өгнө гэдэг үнэн үү?
-Мэдээж бидний гол бодлого бол хөрсөө хамгаалах. Нөгөө талаас тариаланг хөгжүүлэх дэд хөтөлбөр гэж гараад 100 тэрбум төгрөгийг бага хүүтэй, урт хугацаатай өгөх юм гэнэлээ. Энэ бол техник технологийн шинэчлэлт хийх, томоохон хөрөнгө оруулалтыг хийхэд зориулах юм байна. Үүний журам нь батлагдаад Хөгжлийн банкнаас гаргана. Арилжааны банкууд ямар нөхцөлөөр яаж гаргах вэ гэдэг дээр яригдаж байгаа юм байна. Улс тариаланчдын зөвлөлгөөнөө энэ сарын 25-нд хийх гэж байснаа хойшлуулаад 4 сарын дундуур хийхээр боллоо. Миний бодож байгаагаар урамшууллын мөнгөө өгсөн байх, бас саяын ярьсан зээлийн асуудлаа шийдэх, цаашдын бодлого зорилтоо зөв тодорхойлоод тариаланчиддаа хэлэх үгтэй байж зөвлөлгөөнөө хийхээр хойшлуулав уу гэж бодлоо. Мэдээж тарилангийн хууль шинээр гарлаа. Түүнийгээ хэрэгжүүлнэ. Хуучин газрыг 15 жилээр эзэмшүүлдэг байсан. Одоо доод тал нь 40 жил болгож сунгалаа. Тэгээд цаашдаа сунгах юм гэсэн. Ингээд газрын эзэмшил нь олон жил болж байгаа юм чинь газар эзэмшлийн гэрчилгээгээр нь барьцаа авах болов уу. Хуулийн концевцийн гол үзэл нь газар эзэмшлийн хугацааг сунгаж байна. Нөгөө талаас газрын үржил шимээ хэрхэн сайжруулсаныг харна. Хуучин тариаланчид 5 жил тутамд хөрсний үржил шимээ үзүүлж фосфор, азот, калийн хангамжаа үзүүлдэг байсан. Одоо төрөөс тариаланчдад дэмжлэг, урамшуулал үзүүлэхдээ мөн бусад техник технологийн шинэчлэл хийхдээ хөрснийхөө үржил шимээ сайжруулсан, сайжруулаагүй юмаа гэхэд бууруулаагүй, тогтвортой ургац авсан, ургацын чанар муугүй байх нөхцөлүүдийг харж үзэхээр болж байгаа.
-Сэлэнгэ аймгийн тухайд тариаланч, малчид хоёрын зөрчил нэлээд байдаг. Энэ зөрчил сүүлийн жилүүдэд журмаар зохицуулагдаад овоо арилж байгаа гэсэн. Одоо бүс нутаг зарлагдахаар бүр мартагдах болов уу?
-Шинэ хуулинд малчид тариаланчдын зөрчлийг хэрхэн зохицуулах вэ гэсэн санаанууд бүгд орсон байгаа. Ингээд улсын зөвлөлгөөний дараа бид аймгийн зөвлөлгөөнөө хийж аймгийн бодлогоо тодорхойлно. Мэдээж тогтвортой хөгжих боломж нөхцөлөө хангах ёстой. Эцэст нь Сэлэнгэ аймаг 700 мянган толгой малтай болоод түүний 80-аас доошгүй хувь нь цэвэр эрлийз, 20 хувь нь нутгийн мал болсон үед малчид тариаланчдын зөрчил арилна. Энэ хооронд малчид маань мах, сүүний эрчимжсэн аж ахуй руу хөдөлмөрөө чиглүүлэх хэрэгтэй. Эрчимжүүлнэ гэдэг маань байнга хашаанд байх биш, зун бэлчээртээ гараад хагас суурин маллагаанд орох ёстой. Энэ рүү одооноос орох ёстой. Манай аймгийн цаашдын бодлого бол төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах 2030 он хүртэлх бодлогод Сэлэнгэ аймгаас хэрэгжүүлэх бодлогоо оруулна. Дараагийн засаглалын үед энэ бодлогоо анхаараад явах хэрэгтэй. Малаа эрчимжүүлэхэд төрөөс малчиддаа зайлшгүй туслах ёстой.
-Хүнсний ногооны хувьд хичнээн га-д тариалалт хийх гэж байна. Манай тариаланчид, ногоочид даатгалын байгууллагатай хэр холбогдож ажилладаг юм бол?
-Урьдын адил 3000 га-д төмс, 2000 га-д хүнсний ногоо тарина. Хүнсний ногооны 20 гаруй хувь, төмсний 30 гаруй хувийг манай аймаг дангаараа үйлдвэрлэдэг. Үүнийгээ үйлдвэрлэх боломжтой. Даатгалд жил бүр талбайгаа даатгуулж байх ёстой. Даатгуулахдаа оны эхэнд даатгуулсан байх ёстой юм байна лээ. Тариаланчид маань хэзээ ган болохыг мэдэхгүй шүү дээ. Талбай нэг бүрээ, жил бүр даатгах учраас хүмүүс нэг их сонирхолгүй байдаг юм шиг байгаа юм.
-Сэлэнгэ аймгийн хувьд услалтын системийг хэр ашиглаж байгаа вэ. Өнөөдөр хичнээн га услалтын систем хэрэглэж байна?
-Сэлэнгэ аймагт 10000 га орчим услалтын систем байдаг. 2000 гаруй нь тогтвортой ажилдаггүй. 4000 га гаруйг үр тарианы үйлдвэрлэлд хэрэглэж байна. Нутаг амьгүй ус гэж ярьдаг. Урсаад шууд хойшоо гарч байгаа голын ил усыг усалгаанд сайн хэрэглэх ёстой. Эндээс услалтын систем байгуулахыг шаардаж байгаа. Ингэж газар тариалангийн үйлдвэрлэлд ашигласан ил уснаас усны төлбөр авахгүй гэж байгаа ш дээ.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг