Монголын "Гуравдагч хөрш"-ийн бодлого цэцэглэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-03-29 16:15:59

ТОКИО. /Thediplomat/. Монгол Улс Зүүн Азийн зүүн хойд бүс нутагт оршдог хэдий ч “Гуравдагч хөрш” гадаад бодлогоороо дамжуулан даян дэлхийн орнуудтай хоёр болон олон талын дипломат харилцаагаа өргөжүүлсээр байна.

Улс төр, эдийн засаг, батлан хамгаалахын талаар хүчирхэг ОХУ, БНХАУ-ын дунд оршдог Монгол Улсын гуравдагч хөршийн бодлого нь тус хоёр орноос хөндийрөх гэсэн зорилгогүй. Харин уг стратегийн бодлогын хүрээнд боловсрол, шинжлэх ухаан, технологи, уул уурхай, эрчим хүчний дэд бүтэц зэрэг амин чухал салбарыг хөгжүүлэх арга зам маягаар аядуу хүчний хандлагыг олон улсын харилцаанд ашиглахаар төлөвлөжээ.

2015 онд Зүүн Ази, Персийн булан тэр ч байтугай Америк тивд Монголын дипломат харилцаа өргөжин тэлсэн байна. Өнгөрсөн жил Монголын Гадаад хэргийн яам гуравдагч хөршийн бодлогоо хэрэгжүүлж, хэд хэдэн орон, тухайлбал, Унгар, Иран, Бразил, АНУ, Японтой яриа хэлцээ хийж, хэлэлцээр байгуулжээ.

Үүнээс гадна, Монголын Засгийн газар 71 дүгээр тогтоолынхоо дагуу Боловсрол, шинжлэх ухааны яамтайгаа нягт хамтран ажиллаж байна. Уг тогтоолоор тэргүүлэх мэргэжил, тухайлбал, уул уурхай, инженер, эдийн засгийн чиглэлээр гадаадад тэтгэлэгтэй суралцах боломжийг монгол оюутнуудад олгосон юм. Жишээ нь, 2016-2017 оны “Stipendium Hungaricum” тэтгэлэгт хөтөлбөрт 2000 оюутныг хамруулах хэлэлцээрийг Монголын Боловсрол, шинжлэх ухааны яам Унгарын Хөдөлмөрийн яамтай байгуулсан. Үүний нэгэн адил, Монголын боловсролын хөгжлийг дэмжих зорилгоор их сургуулийн дараах түвшний хөтөлбөрт монгол оюутнуудыг хамруулах тухай “Боловсролын хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг Бразилын Гадаад хэргийн яамтай байгуулсан байна. Боловсролын эдгээр хэлэлцээр нь Монголын гуравдагч хөршийн бодлогын зорилгыг илтгэхийн сацуу тус улсын боловсрол гэлтгүй уул уурхай, эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлж байна.

Монгол нь бусад орныг өөртөө татагч улс юм. Япон газар зүйн байрлалын хувьд Монголын “гуравдагч хөрш”. Бүс нутаг дахь БНХАУ-ын нөлөө тэлж байгаатай холбоотойгоор Япон Улс түншлэлийн шинэ түвшин, эдийн засгийн шинэ холбоотон эрэлхийлэхээс өөр аргагүйд хүрснээр Монгол-Японы харилцааг шинэчлэх үүд хаалга нээгдсэн юм. 2015 оны 10 дугаар сард Монголын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон Японы Ерөнхий сайд Шинзо Абэ “Тавантолгой” ордын дэд бүтэц, тухайлбал, төмөр зам, уурхайг хөгжүүлэх болон эдийн засгийн хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан билээ. Эдгээр мега төсөл нь хоёр улсын эдийн засгийн харилцааг бэхжүүлээд зогсохгүй хөдөлмөр эрхлэлтэд шууд нөлөө үзүүлж, дотоодын ажиллах хүчинд үр ашгаа өгөх юм. Үүнээс гадна, АНУ-Монгол-Японы гурван талын хэлэлцээ нь Зүүн Хойд Ази дахь Монгол-ОХУ-БНХАУ-ын эдийн засгийн коридорын төлөвлөгөөг бүрэлдэхүүн хэсгээр хангах бодлогын тогтолцоо болоход ойрхон байна.

Монголын гадаад болон дотоод бодлогын хамгийн чухал зорилго нь Алс Дорнодын эрчим хүчний гол эх үүсвэр болох явдал юм. Эдгээр хэлэлцээр нь бүс нутагт Монголын нөлөө эрчимтэй тэлж байгааг харуулж байгаагийн сацуу гуравдагч хөршийн бодлогын стратегийн ач холбогдлыг давхар илтгэж байна. Далайд гарцгүй Монголын гадаад бодлого олон салбарт, тухайлбал, Персийн булангийн нефть, эрчим хүчний салбарт хүртэл тэлж байна.

Монгол шатахууныхаа 90 хувийг ОХУ-аас импортолж, тус улсыг Зүүн Хойд Ази дахь хамгийн хүчирхэг эрчим хүчний зах зээлтэй орон болгож байна. Монголын Засгийн газар олон тооны хайгуулын лиценз олгож, тэр дундаас түүхий нефтийн ордууд илэрсэн. УИХ-ын баталсан хууль ёсны тогтоолын дагуу эдгээр баялгийг ашиглахад Монголын гуравдагч хөршийн бодлого өөрийн гэсэн үүрэгтэй. Үүний зэрэгцээ, гуравдагч хөршөөс импортолж эсвэл гуравдагч хөрш рүү экспортлох бүтээгдэхүүнийг нутгаараа дамжин өнгөрөөх тээврийн зохион байгуулалтыг гуравдагч хөршийн бодлогоор дамжуулан бий болгож байгаа нь Монголын эрчим хүчний төрхийг өөрчилж байна. Жишээ нь, БНХАУ-ын компаниудаар дамжуулан Ираны нефтийг импортлох хэлэлцээрийг Монгол 2015 оны 12 дугаар сард Ирантай байгуулсан.

Тиймээс Монгол Улс геополитикийн давуу талаа ашиглан ОХУ болон БНХАУ-тай хийж буй эдийн засаг болон дамжин өнгөрөх харилцааг бэлжүүлсээр байна. 2011 онд Монгол, ОХУ, БНХАУ-ын Тээврийн яамд хоёр талын дамжин өнгөрөх өндөр түвшний хэлэлцээр байгуулсан. Дамжин өнгөрөх энэ хэлэлцээрийн ачаар БНХАУ болон Умард Солонгосын тээврийн боомтуудыг ашиглан гуравдагч орон руу Монгол Улс экспорт хийх боломжтой болох юм. Үүнд томоохон хэмжээний лобби, өндөр түвшний уулзалт шаардлагатай хэдий ч Монгол, ОХУ, Япон Зүүн Хойд Азийн бодлогыг бэхжүүлэх хуулиар хамгаалагдсан хэлэлцээр байгуулбал БНХАУ-ын “Нэг бүс, нэг зам” санаачилга нь дээрх гурван улсад геополитикийн гайхалтай нөлөөг үзүүлнэ. Монголын гуравдагч хөршийн бодлогын бас нэгэн гайхалтай давуу тал бол тэнцүү боломжийг олгох юм. Ингэснээр иймэрхүү хэлэлцээрт илүү их нөлөөтэй байх боломжийг Монгол Улсад олгодог.

Монголын Улсын түүхэн дэх хамгийн шинэлэг гадаад бодлого бол “гуравдагч хөршийн бодлого” юм. Дэлхийн улс төрийн байдал эрчимтэй хувьсаж байгаатай холбоотойгоор Монголын улс төрийн тогтвортой байдал, эдийн засгийн хөгжил, үндэсний аюулгүй байдлын уламжлалт бус орчин, гадаад бодлогын алсын хараатай стратегиуд нь тус улсын ардчилсан өөрчлөлт шинэчлэлтийг үргэлжлүүлэх, Ази-Номхон далайн бүс нутгийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхахад шийдвэрлэх ач холбогдолтой. Ихээхэн сорилтуудтай тулгарах хэдий ч хөгжингүй болон хөгжиж буй орнуудын туршлагаас суралцах замаар Монголын удирдагчид, бодлого боловсруулагчид хазгай гишгэх учиргүй гэж Зүүн Ази, Номхон далайн судлаач Лхаажавын Болор бичжээ.

Д.Нямтулга

 

Related news