Т.Ням-Очир: Хүүхдийг эдийн засгийн хөшүүрэг болгох хандлага цэгцэртэл олимпиадыг хумих ёстой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
boloroo8136@gmail.com
2019-09-07 15:26:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2019-2020 оны хичээлийн жил эхэлж байгаатай холбогдуулан БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очироос сурах бичгийн хангалт, эх хэл, бичгийн хичээлийн онцлог, "Үндэсний бичгийн дунд болон урт хугацааны хөтөлбөр" боловсруулж батлах ажил ямар явцтай байгаа талаар тодрууллаа.

 

-Энэ хичээлийн жил үндэсний бичгийн хичээлийн хувьд ямар онцлогтой жил болох вэ?

-2019 онд БСШУС-ын сайд сургалтын хөтөлбөрийн хүрээнд сургуулийн анги танхим, сурагчдад хүргэхэд хүндрэлтэй агуулгыг засаж сайжруулах үүрэг чиглэлийг холбогдох мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдад өгсөн. Үүнтэй холбоотой монгол хэл, уран зохиол, монгол бичгийн хичээлийн агуулгыг нэлээн засаж сайжруулсан. Боловсролын хүрээлэнгийнхний хэлж байгаагаар, ялангуяа монгол бичгийн хичээлийн агуулгыг илэрхийлж байгаа суралцахуйн зорилтуудыг хүүхдийн нас, бие, сэтгэхүйн онцлогт тохируулж нэмэгдүүлэх, зарим суралцахуйн зорилтуудыг хооронд нь нэгтгэх зэргээр сайжруулсан. Хэрхэн сайжруулсан, ямар үр дүнтэй болсон чиглэлээр 8 дугаар сарын 15-30-нд гурван хэсэг болж, багш нарын хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүйг сайжруулах, арга зүйд нь дэмжлэг үзүүлэх сургалтыг үндэсний хэмжээнд зохион байгууллаа. Шинэ хичээлийн жил эхлээд 4, 5 хонож байна. Тиймээс удахгүй хүүхдэд хүрэхэд хүндрэлтэй байгаа агуулгад ямар тохируулга хийсэн, ямар агуулга дутагдаад байсныг нэмж оруулсан, ямар агуулга ихдээд хүндрээд байсныг засаж сайжруулсан нь багш нарт мэдэгдээд эхэлнэ.

-“Монгол хэлний тухай хууль”-д зааснаар 6-аас дээш бүх ангид үндэсний бичгийн хичээл ордог. Эдгээр ангид долоо хоногт хэдэн удаа, ямар цагаар орж байгаа вэ. Ахлах ангид монгол бичгийн хичээлийн цаг нэмэгдсэн үү?

-2018-2019 оны хичээлийн жилээс монгол хэл бичиг, уран зохиолын хичээл гээд бүхэлд нь 105 цаг тавьдаг байсан. Үүнийг монгол хэл, бичгийн багш нар, эрдэмтэн судлаач, мэргэжлийн байгууллагууд шүүмжилдэг байсан. Монгол, хэл бичиг гээд бүхэлд нь тавихаар багш нар монгол хэлний агуулгыг түлхүү ороод монгол бичгийн хичээл хоцрогдоод байна. Тиймээс монгол хэл, уран зохиол, монгол бичиг гээд тус тусад нь тохирсон цагийг салгаж тавьж өгөөч гэсний дагуу нэг хичээлийг 35 цаг гэж хуваарилсан. Тэгэхээр багш өөрийн давуу талыг ашиглаад монгол хэлний хичээлээ түлхүү заахгүйгээр бие даасан цагтай болгож өгснөөрөө онцлогтой. Мөн 2018-2019 оны хичээлийн жилээс эхлэн 10-12 дугаар ангид сонгон судлах цагийг нэмж өгсөн. Өөрөөр хэлбэл, хүүхэд цаашдаа монгол хэл, соёлын чиглэлээр боловсрол эзэмших, гүнзгийрүүлэн судлах сонирхолтой байвал заавал судлах цагаасаа гадна сонгоод судлах боломжтой болгож байгаа юм. Энэ нь сэтгүүлч, судлаач, түүхч, соёл судлаач болох сонирхолтой хүүхэд оноосон сургалтын төлөвлөгөөний цагаас гадна сонголтоороо судлах боломжийг олгож өгснөөрөө давуу талтай. Тиймээс долоо хоногт 4 цагаар 2 удаа сонгон судлах боломжийг ахлах ангийнханд олгосон.

-Монгол бичгийн сурах бичгийн хувьд хэрхэн шинэчлэгдсэн бэ. Шинээр аль аль ангид сурах бичиг гарах вэ?

-Өнгөрсөн хичээлийн жилд 6, 7 дугаар ангийн монгол хэлний хичээлийн сурах бичгийг шинээр зохиож, нийлүүлсэн. Энэ жил шинээр монгол бичгийн ном сурах бичиг зохиохгүй. Харин сайжруулсан хөтөлбөрийг дагаад сурах бичгүүдэд тохиргоо хийсэн. Цаашид сургалтын хөтөлбөр тогтвортой байх ёстой. Дараагийн шинэ хөтөлбөр хэдэн оноос эхлэх вэ, үзэл баримтлал нь ямар байх вэ гэдгийг одооноос эхлэн судалж байна. Магадгүй 2024 оноос ЕБС-ийн шинэ хөтөлбөр хэрэгжиж эхлэхэд монгол хэл, монгол бичгийн агуулга, сурах бичиг ямар байх вэ гэдэгт эрдэмтэн судлаачид судалгаа шинжилгээ хийж эхэлнэ гэж бодож байна.

-Өнгөрсөн жил сурах бичиг их оройтож гарсан. Сурагчид одоогоор сурах бичгээ аваагүй л байна?

-Бага ангийн сурах бичиг 100 хувь, дунд, ахлах ангийн сурах бичиг 40 хувь нь сурагчдын гарт хүрсэн. Өмнө нь дунд, ахлах ангийн сурагчдын 60 хувь нь зах зээлээс сурах бичгээ худалдан авдаг байсан. Сурах бичгийн үнэ хэт хямдаас болж алсалсан сум, багт сурах бичгийн нэгдсэн борлуулалтын нэгдсэн тогтолцоогүйгээс хүүхдийн гарт сурах бичиг хүрдэггүй, зохиомол хомсдол үүсэх асуудал нэлээн хэл ам дагуулдаг байсан. Тиймээс энэ жилээс бүх сурах бичгийг сургуулийн номын сангаар дамжуулан үнэ төлбөргүй олгох бодлогыг хэрэгжүүлж эхэлж байна. Дунд, ахлах ангийн 60 хувь нь тодорхой төлбөр төлж сурах бичгээ ашиглана. Сурах бичиг 9 дүгээр сард багтан сурагчдын гарт очно. Хүүхэд сурах бичгээ номын сангаас авч ашиглаад, буцааж тушаана. Ашигласны төлбөр болгон нийт үнийн дүнгийн 20-40 хувийг номын сандаа тушаана. Энэ нь эргээд тус номыг 4-5 жилийн дараа элэгдээд актлахад сурах бичгийн нөхөн хэвлэлтэд зарцуулах зохицуулалт хийсэн. Энэ хичээлийн жилд сурах бичгийг зах зээлд худалдахгүй.

-Үндэсний бичгийн “Урт болон дунд хугацааны хөтөлбөр”-ийг боловсруулж дууссан. Хэзээ батлагдах вэ?

-Энэ дөрвөн жилд хөгжлийн бодлоготой холбоотой ямар ямар дунд, урт хугацааны бодлого боловсруулж хэрэгжүүлэх, ямар ямар хууль дүрэм шинэчлэх зэрэг бодлогын баримт бичгүүдэд монгол бичгийн үндэсний хөтөлбөр батлах тухай санхүүгийн болон эрх зүйн нэр томьёогоор орж ирээгүйгээс болж Сангийн яам батлаагүй. Батална, боловсруулна гэж заагаагүй хөтөлбөрүүдийг дэмжих боломжгүй, санхүүгийн эх үүсвэр нь байхгүй гэдэг асуудал яригдсан. Бид ажлын баг байгуулан, хөтөлбөрөө боловсруулан хэд хэдэн удаагийн хэлэлцүүлэг хийж, Сангийн яамнаас бусад бүх яамнаас дэмжсэн хариу авсан. Сангийн яаманд энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд эдийн засгийн ийм үр дагавар гарна, үүнийг ингэж шийдвэрлэнэ гээд 2, 3 удаа санхүү эдийн засгийн задаргаа, үр нөлөөг нь тооцсон тооцоолол судалгаа гаргаж хүргүүлсэн. Сүүлийн хариуг нь аваад Сангийн яамнаас ийм хариу ирлээ гээд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн. Тэгэхээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Засгийн газраар хэлэлцүүлэх эсэхийг эцэслэн шийдэх ёстой. БСШУСЯ бол энэхүү хөтөлбөрөө батлуулна гэдэг байр сууриа илэрхийлэн гурав дахь удаагаа Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хандаад байна.

-Үндэсний бичгийн шинэ хөтөлбөр батлагдлаа гэхэд хэзээнээс хэрэгжүүлэх вэ?

-Батлах ёстой бодлогын баримт бичгийн жагсаалтад нэр усаараа орж ирээгүй учраас ийм зүйл болж байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт энэ хугацаанд дунд, урт хугацааны ийм хөтөлбөр хэрэгжүүлнэ, хууль эрх зүйн ийм баримт бичгийг гаргана гээд баталсан, түүнд орж ирээгүйгээс болж байна. Ер нь батлагдсан даруйд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргаад явах боломжтой. Мөн энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага болон хэвлэл мэдээллийн байгууллагууд нэлээн саналаа өгсөн учраас батлагдаад хэрэгжүүлэх юм бол цаашид монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэхэд үр дүнтэй ажил болно гэж үзэж байна.

-Монгол бичгийн багш нарын заах арга, ур чадварыг дээшлүүлэх талаар яамнаас ямар бодлого хэрэгжүүлж байна вэ?

-Монгол хэлний бодлогын үндэсний зөвлөл, Монгол хэлний олимпиадын хороо, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт зэрэг бүхий л мэргэжлийн байгууллага хамтран ажиллаж байна. Монгол бичиг бол Монголын үндэсний соёл. Тиймээс монгол хүний эзэмших, заавал мэддэг байх ёстой соёл хандлага, мэдлэг, ур чадвар юм. Цаашид Монголын урт хугацаанд оршин тогтнох, тусгаар тогтнолын баталгаа бичиг үсэг учраас бүхий л талаас нь хөгжүүлэх боломж, гарц нь байгаа. Зөвхөн хичээл сургалтыг сайжруулах гэхээсээ илүүтэй багш нарын сэтгэлгээ, хандлага, нийгмийн идэвхийг сэргээх, урамшуулах бодлогыг барьж ажиллаж байна.

-Сурагчдыг аливаа олимпиад, уралдаан тэмцээнд оролцуулахгүй байх талаар сайдын тушаал гарсан. Чухам ямар учраас хязгаарлаж байгаа вэ?

-Хүүхдийг бизнесийн ашиг хонжоо гэж хараад байна л даа. Бид төсөл боловсруулан, нийгэмд санал асуулга явуулсан. Сургууль бүр, багш бүр өөрийн нэрэмжит олимпиад зохион байгуулдаг. Хамгийн гол нь хүүхдээс төлбөр хураамж авч, үүнийгээ бизнесийн ашиг хонжоонд зарцуулдаг, зарим нэр төрлийн олимпиад цэвэр бизнес болсон дүр зураг байгаа учир хүүхдийн эрх ашгийг хамгаалахын тулд хийж байгаа алхам юм. Харин өв соёлоо хамгаалсан, түүх соёлын чиглэлийн, олон улсад эх орноо сурталчлах олимпиад хэвийн үргэлжилнэ. Шинэ сэтгэлгээ хандлага тогтож, хүүхдийг эдийн засгийн хөшүүрэг болгон ашигладаг хандлага цэгцрэх хүртэл олимпиадыг хумих ёстой гэдэг нийгмийн шаардлага, эцэг эх, багш нарын шүүмжлэлийн үүднээс төсөл боловсруулж байна. Бизнесийн ашиг орлого нь хаагдаж байгаа хүмүүс янз бүрээр дайрч давшилж, сошиалд хандах асуудал гардаг. Хүүхэд сурч боловсрох ёстой болохоос бизнесийн ашиг хонжоо хайсан хүмүүсийн зэвсэг болох ёсгүй гэж үзэж байна.

-Өнгөрсөн жил гарсан “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-ийн агуулгыг ЕБС-ийн сурах бичигт тусгасан уу. Тухайлахад, “Дэгдээхий-дэгдээхэй, чээж-цээж” гэх мэтээр шинээр журамласан байгаа?

-Энэхүү толь бичиг одоо бидний ширээний ном болж байна. Бүх сургуульд цахим хэлбэрээр хүрсэн. Сургуулиудаас хүртээмжтэй хэлбэрээр хүргэж өгөөч гэсэн хүсэлт маш их ирж байгаа. Үндэсний хэмжээний сургалт явуулахад Хэлний бодлогын үндэсний зөвлөл журамласан тольтой холбоотой багш нарт мэдээлэл өгөхөөр сургалтын үйл ажиллагаанд хамтран ажилласан. Тэгэхээр сурах бичиг, сургалтын агуулга хөтөлбөрт журамласан толь бичгийг ашиглаж байгаа.

Related news