“Тайшир-Алтай” усан хангамжийн төслийн ажлын явцтай танилцаж, үүрэг чиглэл өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж “Тайшир-Алтай” усан хангамжийн төслийн ажлын явцтай газар дээр нь танилцаж, холбогдох албаныханд хэд хэдэн үүрэг чиглэл өглөө.
Тэрээр тус ажлын явцтай танилцах явцдаа усан хангамжийн төслийн нуурын эргийн байгууламж буюу толгойн барилга, өргөлтийн станц, аймгийн төвийн усан санг холбосон гадна цахилгааны эх үүсвэрийн зураг төслийг ойрын хугацаанд боловсруулж, хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэж ажиллахыг тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын даргад үүрэг болголоо. Түүнчлэн бүтээн байгуулалт ашиглалтад орсноор цаашид гарах ашиглалтын зардлын тооцоо, судалгааг эртнээс гаргаж улс, орон нутгийн төсөвт тусгах санал боловсруулж ажиллах, хадархаг хөрстэй газарт мэргэжлийн компани тэсэлгээ хийх явцад аюулгүй байдлыг хангаж хяналт тавьж ажиллахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон юм.
Говь-Алтай аймгийн төв Алтай хотын хүн амын усан хангамжийг сайжруулах зорилго бүхий ус төслийг Австри улсын 14 сая еврогийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Тайшир сум дахь Улаанбоомын усан сангаас ус авах эргийн далд байгууламж байгуулах бөгөөд 48 км далд яндан хоолойгоор усыг дамжуулан авч ашиглах ба ус дамжуулах яндан хоолойн трассын дагуу ус гаргах цэг байгуулж 3-4 фермерийн аж ахуй болон ойн зурвас, ногоон төгөл байгуулснаар цөлжилттэй тэмцэх томоохон байгууламж бий болох юм.