Замын Цагдаагийн уулзварын гүүрэн гарц 50-100 жилийн баталгаатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | ТОДРУУЛГА
boloroo8136@gmail.com
2019-09-16 15:17:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Олимпын гудамжийг Их Монгол Улсын гудамжтай холбосон дөрвөн эгнээ, 477 метрийн урттай, төмөр бетон гүүрээр тээврийн хэрэгсэл өнөөдрөөс зорчиж эхэллээ.


Гүүрэн гарцыг нээх үеэр нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индрагаас дараах мэдээллийг тодруулав.

-Замын Цагдаагийн уулзварын гүүрэн гарцын хөдөлгөөнийг нээлээ. Энэхүү гүүрэн гарц ямар ямар стандартыг бүрэн хангаж байгаа вэ?

-Стандарт, даацын хувьд энэхүү гүүр даац авах бүрэн боломжтой. Ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан “Хятадын төмөр замын 20 дугаар товчоо” групп бол улсын компани. Зөвхөн Монголд төдийгүй бусад хөгжилтэй оронд далай дээгүүр болон доогуур авто зам барьж байсан туршлагатай учраас гүүрийн чанар, материалын хувьд стандартад нийцсэн бүтээн байгуулалт болсон. Гүүрний үе шат бүрд манай болон хөндлөнгийн гадны лабораториудад дээж явуулж байсан.

-Нийслэл хотын түгжрэлийг бууруулахад чухал ач холбогдолтой гүүр болж байгаа учир орох, гарах нэвтрэхэд гэрэл дохио, явган хүний зам шаардлагатай.  Гүүрээс хойш ГХЯ руу нэвтрэх үед гацаа түгжрэл гаргахгүй байх асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Энэхүү гүүрэн гарц төмөр зам, Нарны замтай нэг түвшинд огтлолцдог асуудлыг шийдвэрлэсэн. Үүнээс болж эрдэнэт хүний амь насыг хамгаалах, галт тэрэгний осол аваараас урьдчилан сэргийлэх боломж бүрдэж байна. Гүүрийг нээснээр хөдөлгөөн эрчимжинэ. Дараагийн уулзвар буюу Олимпын гудамжны уулзваруудыг өргөтгөх, шинэчлэх, явган хүний гарцаар хөгжлийн бэрхшээлтэй иргэн явах боломжийг бүрдүүлсэн төслийг 2020 оны төсөвт давхар суулгана. Ингэснээр ойрын болон дунд, урт хугацааны авто замын ерөнхий төлөвлөгөөнд тусгасны дагуу явган хүний гүүрэн гарц, гэрэл дохионы асуудлыг ярина. Мөн нийслэлийн явган хүний хөдөлгөөний эрчим ихтэй газруудад гүүрэн гарцыг нэмэгдүүлэхээр 2020 оны төсөвт тусгахаар удирдлагуудад танилцуулж байгаа. Тиймээс Замын Цагдаагийн гүүрэн гарц бол нийслэлийн өнгө үзэмжийг нэмсэн, хөдөлгөөн зохион байгуулалтын хувьд зөв шийдэлтэй бүтээн байгуулалт болж байна. Яармагийн гүүр анх шүүмжлэлд их өртөж байсан бол одоо авто тээвэр эзэмшигч зорчигч нар ам сайтай байгаа.

-Энэхүү бүтээн байгуулалтад хэдэн жилийн баталгаа өгч байгаа вэ?

-Бид 50-100 жилийн баталгаа өгч байгаа. Энэхүү компани зөвхөн гүйцэтгээд орхихгүй.  Компанийн барьцаа хөрөнгө Монгол Улсад үлдэж байгаа учир баталгаат хугацаандаа ямар нэг эвдрэл гэмтэл гарвал бүрэн хариуцах юм. Ямар нэг алдаа гарахгүй гэдэгт бүрэн итгэлтэй байгаа.

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүүр далий, муруй болсон гэсэн мэдээлэл цацагдсан. Үүнд ямар хариулт өгөх вэ?

-Энэ асуудлыг ШУТИС-ийн доктор, профессор болон гадны хөндлөнгийн компани, хэвлэл мэдээллийнхнийг газар дээр нь авчирч үзүүлсэн. Үндсэн гүүр бол агаарт хөдөлгөөнөө зүүн баруун тийш А, В, С рамп руу унаж байгаа хэсэг нь 6 эгнээ, цааш рамп руу бууж байгаа нь нэг эгнээ юм. Үндсэн гүүр дөрвөн эгнээтэй. Бүтээн байгуулалт хийж дууссаны дараа иргэдэд маш  ойлгомжтой, ач холбогдолтой гүүрэн байгууламж болжээ гэдэг нь мэдэгдэнэ. Өмнө нь төмөр замаар 45 галт тэрэг зорчдог байсан. Галт тэргийг зорчих тоолонд тээврийн хэрэгсэл зогсдог. Галт тэргийг өнгөрөн өнгөртөл зүүн, баруун, урагш, хойш түгжрэл үүсдгээс гадна галт тэрэгтэй авто машин мөргөлдөх зэргээр осол аваар гардаг байсан. Энэхүү гүүрийг барьснаар энэ асуудал 100 хувь шийдэгдсэн. Мөн Нарны замд буцаж эргэх үйлдлийг давхар хийнэ. Замын Цагдаагийн гүүрэн гарцыг хоёр жилийн хугацаанд хийж гүйцэтгэх ёстой байсан ч хүн хүч гарган өдөр, шөнийн ээлжээр ажиллаж 477 метр авто гүүр нээсэндээ таатай байна.


Related news