Нэгжээс авах ургацын хэмжээ нэмэгдэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-09-27 10:37:34

Увс /МОНЦАМЭ/. Энэ жил цаг агаар тааламжтай байж сайхан зун болсон тул Увс аймгийн тариаланчид сүүлийн 30 гаруй жилд байгаагүй арвин ургац хураах төлөвтэй байна. Аймгийн хэмжээнд энэ жил 15961 га-д улаанбуудай, 103,5 га-д арвай, 433 га-д овъёос, 2 га-д хөх тариа, 25 га-д гурвалжин будаа тариалсан байна.  

Мөн төмс 280 га-д, хүнсний ногоо 297 га-д, тосны ургамал 320 га-д, тэжээлийн ургамал 2907,5 га-д тариалжээ. Үүнээс одоогоор улаанбуудай 388 га-гаас 715 тн, овъёос 22 га-гаас 33 тн, тосны ургамал 120 га-гаас 60 тн, төмс 40,5 га-гаас 318,5 тн, хүнсний ногоо 82,1 га-гаас 703,1 тн-ыг тус тус хурааж аваад байна. Үндсэндээ ургац хураалт аймгийн хэмжээнд 10 гаруй хувьтай үргэлжилж байна.

Өнгөрсөн онд Увс аймагт нэгжээс авах ургацын хэмжээ 11,7 цн байсан бол энэ жилийн тухайд 16 цн хүрнэ гэсэн мэргэжилтний тооцоо байна. Гэхдээ ургац хурааж дуустал цаг агаар ямар байхаас шалтгаалаад энэ тоо хэлбэлзэх аж.

Энэ жилийн хувьд Увс аймгийн тариаланчдад 6 комбайн, 6 трактор, нэг чиргүүлийг салбарын яамнаас шинээр нийлүүлсэн байна.   

 

Related news