2016 онд нэг сая тонн нүүрс экспортлох зорилттой ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-04-13 17:26:37

Ховд аймгийн ИТХ-ын Ээлжит бус хуралдаан өчигдөр болж, төлөөлөгчид 61 хувийн ирцтэй хуралдлаа. Хуралдааныг эхэнд аймгийн ИТХ-ын дарга Б.Баярсайхан аймаг орны хөгжил, хөгжилд хүрэх түвшин, цаашдын зорилын талаар товч мэдээллээ.

”Өнгөрч буй 4 жилийн хугацаанд дэлхийн зах зээл ашигт малтмал, өнгөт металл, түүхий эдийн үнэ буурч дэлхийн эдийн засгийн хөгжлийн бууралтаас манай улсын хөгжилд нөлөөлж, гадаадын хөрөнгө оруулалт багассан хүндхэн жилүүд байлаа.   

Гэсэн ч бид аймгийнхаа эдийн засгийн хөгжлийг 2015-2025 онд хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлж, бүтээн байгуулалтыг эрчимжүүллээ.  

Аймгийн дотоодын нийт бүтээгдхүүн 2015 онд 305,0 тэрбум төгрөгт хүрч өмнөх оноос 2,7 хувиар өсч,  жилийн эцэст 2905,4 мянган толгой мал тоолуулж, 2198,1 га-гаас  20891,5 мянган тонн ургац хурааж, 9,5 тэрбум төгрөгийн бүтээгдхүүн үйлдвэрлэж, 26,7 тэрбум төгрөгийн барилга угсралтын ажил  хийж, аймгийн төсвийн орлого 64,5 тэрбум төгрөг, зарлага 9,8 тэрбум төгрөгт хүрч  71,1 мянган хадгаламж эзэмшигчид 46,1 тэрбум төгрөгийн хадгаламжтай болжээ. 

Олон жил үйл ажиллагаа нь саатаж байсан Хөшөөтийн уурхайг ажиллуулж, манай аймаг анх удаа их хэмжээний буюу  2015 онд 300 гаруй мянган тонн нүүрс экспортлосон бол  2016 онд нэг сая тонн нүүрс экспортлох зорилттой ажиллаж байна.

Эрдэнэбүрэний усан цахилгаан станцыг байгуулах ажлыг санаачилж, техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийж, энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн хөрөнгө оруулалтыг сонгон шалгаруулах ажлыг эхлүүлж байна. Тус станц ашиглалтанд орсноор манай аймаг Баруун бүсийн эрчим хүчний хэрэглээг 100 хувь хангадаг болохын зэрэгцээ эрчим хүчний үнэ тарифыг бууруулж, айл өрх албан газрууд хямд цахилгаан эрчим хүчээр дулаан, халаалтаар хангагдах боломж бүрдэнэ.

Буянт суманд баригдах Цементийн үйлдвэр байгуулах ажил орд газрыг улсын нөөцөөс чөлөөлж сонгон шалгаруулалтнь зарлагдаж техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, дүгнэлт гаргах, хөрөнгө оруулагчийг олж гэрээ хэлцэл байгуулах шатандаа явж байна.

Баруун бүсийн махны шинэ технологийн үйлдвэр манай аймагт байгуулагдах урьдчилсан тохиролцоонд хүрээд байна. 

Шинэ технологи бүхий махны үйлдвэр нь ганц мал нядалгааны газар биш жилийн дөрвөн улирал тогтмол ажиллагаатай, орчин үеийн технологиор малыг эрүүлжүүлдэг, борддог, үүний тулд малын тэжээл үйлдвэрлэх болон гахай, тахиа бусад аж ахуй эрхэлдэг том үйлдвэрүүд дагаж хөгжих болно.

Мөн Ховд гол,  Буянт голын сав газар “Ховд Агропарк” төслийг хэрэгжүүлнэ.

Иймд бид 2016 онд төлөвлөсөн зорилтуудаа бүрэн хангахаар бүх боломжоо дайчлан бодлогодоо өөрчлөлт оруулан баталж хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж мэдээллээ.

                2016 оны  төсөвт өөрчлөлт оруулах асуудал хэлэлцлээ

Ээлжит бус хуралдаанаар эхний хэлэлцэх асуудлын дарааллаар  “Аймгийн 2016 оны  төсөвт өөрчлөлт оруулах тухай” Ховд аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга П.Амгаланбаатарын илтгэлийг сонсож хэлэлцлээ.

Тэрээр Монгол улсын хуулийн 34-р зүйлийн 34,2,2 заалт, Сангийн сайдын 2016 оны 2 дугаар сарын 4-3/760, 4-4/1002 тоот албан тоотуудыг үндэслэн орон нутгийн төсөвт өөрчлөлт оруулах шаардлагатай болоод байна гэв.

Дээрх заалтуудад үндэслэн орон нутгийн 2016 оны төсвийн тодотголын саналыг боловсруулсан дүнг танилцууллаа.

Орон нутгийн хөгжлийн сангийн 2015 оны дутуу санхүүжилтийг олгох боломжгүй болсон тул 2016 онд зарим өөрчлөлт оруулж байгаа ажээ.  Үүнд 2014, 2015 онд төсөвлөсөн ажлуудын дагуу санхүүжилтэнд 100,3 сая төгрөг, Прокурорын газрын гадна засварт 5,0 сая төгрөг, Оюутан цэрэг хөтөлбөрийн хүрээнд цэргийн ангийг жагсаалын талбайн засварт 15,0 сая төгрөг тус тус нэмж, Ховд сумын 70 жилийн ойн бүтээн байгуулалтын ажлын 30,0 сая төгрөг, сум, багийн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалт 90,3 сая төгрөг хасч тодотгохоор төсөлд тусгажээ.

Шинэ суурьшлын бүсийн 15 га газарт “Бичил хотхон”  байгуулна

Ээлжит бус хуралдааны дараагийн хэлэлцсэн асуудал нь “Шинэ суурьшлын бүсэд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай Аймгийн засаг дарга Д.Цэвээнравдан илтгэл тавьсан юм.

Тэрээр “Ховд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” 2015 оны 03 дугаар сард баталсан. Уг ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг үе шаттайгаар батлуулж хэрэгжүүлэх шаардлага бидний өмнө тулгарч байна. Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 100 мянган айлын орон бууц хөтөлбөрүүдийн хүрээнд “Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”–нд тусгагдсаны дагуу шинэ суурьшлын бүсийн 15 га газарт “Бичил хотхон”-ны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг “Билгүүн шонхор” ХКК боловсруулсан” гэж танилцууллаа.

Ховд аймгийн засаг дарга Д.Цэвээнравдангийн хэлэлцүүлсэн Шинэ суурьшлын бүсэд 1023 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн дотуур байр, хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн байр, хуримын ордон, 50 айлын орон сууц, спорт талбай, явган зам, авто зам зэргийг ногоон байгууламжийн хамтаар орчин үеийн шийдэл бүхий барилга байгууламж барихаар тусгажээ.

                 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулна

Дараагийн  хэлэлцсэн асуудал нь “Аймгийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай” Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын дарга Д.Нямтулга илтгэл тавилаа.

Газрын тухай хуульд заасанчлан 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг сум тус бүрээр нэгтгэн дүгнэж,  аймгийн ИТХ-ын 9/04 дүгээр тогтоолоор батлуулан хэрэгжилтийг ханган газар эзэмшүүлэх дуудлага худалдаа,төсөл сонгон шалгаруулалт зарлан, Иргэн аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх,өмчлүүлэх ажил зохион байгуулж байна.

Хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг үе шаттай боловсруулж, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган газар олголтын ажлыг хэвшүүлж байна.

Хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу тавигдаж байгаа замын трассд орж газраа чөлөөлсөн айлуудад газрыг нь нөхөж олгох асуудал нь 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд зайлшгүй тусгагдах шаардлага тулгарч байна.

Иймд шинээр дараахь газруудыг ерөнхий төлөвлөгөөн дэх бүсүүдээс хэсэгчилсэн нэмэлтээр газар зохион байгуулалтын  төлөвлөгөөнд оруулах гэж байна.

Үүнд.

1 дүгээр хавсралтын “Иргэн аж ахуй нэгж байгууллагад үйлдвэр үйлчилгээ эрхлэх зориулалтаар эзэмшүүлэх газрын байршил хэмжээ”-нд  1915,06 га

9 дүгээр хавсралтын “Шинээр үүсэх зам,шугам сүлжээний төлөвлөлт”-нд 334 км,

13 дугаар хавсралтын “Төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд зориулан эзэмшүүлэх газрын байршил, хэмжээ”-нд 126,065 га,

19 дүгээр хавсралтын “Түгээмэл тархацтай ашигт малтмалын зориулалтаар үйл ажиллагаа явуулах иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлэх газрын төлөвлөлт”-нд 168,88 га

25 дугаар хавсралтын “Хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл эвдрэлд орж ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн аж ахуйн нэгж байгууллагад үйлдвэрлэлийн зориулалтаар давуу эрхээр эзэмшүүлэх газрын байршил, хэмжээ”-нд 1,45 га

Мөн тус төлөвлөгөөнд “хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу тавигдаж байгаа замын трасст орж газраа чөлөөлсөн айлуудад давуу эрхээр газрыг нь нөхөж эзэмшүүлэх 0,54 га газрыг” 27 дугаар хавсралтаар

“Босоо тэнхлэгийн авто замын хамгаалалтын бүс тогтоох 120 га газрыг” 28 дугаар хавсралтаар

Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийлгэх 20 га газрыг” 29 дүгээр хавсралтаар тус тус нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн байна.

Иймд аймгийн “Газар зохион байгуулалтын 2016 оны төлөвлөгөө”-нд нэмэлт өөрчлөлт оруулж баталж өгөх саналыг аймгийн ИТХ-ын  ээлжит бус хуралдаанд хэлэлцүүллээ.

Эдгээр асуудлуудыг аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, урилгаар оролцогчид хэлэлцээд тогтоол гаргахаар боллоо.

Хуралдаан товлосон цагтаа эхэлж, төлөөлөгчид хэлэлцсэн асуудлаа санал нэгтэй шуурхай шийдвэрлэсэн хурал болж өндөрлөв.

А.Бямбасүрэн

 

Related news