Мал эмнэлгийн салбарын өдөрлөг төв талбайд болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Мал эмнэлгийн салбарын үзэсгэлэн худалдаа”-ны нээлттэй өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд болов.
Өдөрлөгт Монгол Улсын мал эмнэлгийн салбарын эрдэм шинжилгээний болон үйлдвэрлэл эрхлэгч байгууллага, компани, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа танилцуулж, үзэсгэлэн худалдаа зохион байгуулав.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газар, Нийслэлийн мал эмнэлгийн газар, ХААИС-ийн Мал эмнэлгийн сургууль, “Малчин Монгол” ХХК, малын эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох тусгай зөвшөөрөлтэй “Уяхан хур” ХХК, “Агриматко Монгол” ХХК болон мал эмнэлгийн багаж хэрэгсэл, эм бэлдмэлийн зэрэг 20 шахам аж ахуйн нэгж, байгууллага өдөрлөгт оролцлоо.
Тухайлбал, тус өдөрлөгт оролцож буй Мал эмнэлгийн ерөнхий газрын харьяаны “Биокомбинат” улсын төсөвт үйлдвэрийн газар /төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар/ нь 1923 онд Сонгины буланд “Үхрийн мялзанг эсэргүүцэх станц”-ын суурь дээр байгуулагдаж, 1937 онд “Биокомбинат” ТӨҮГ болж өргөжсөн түүхтэй аж. Улмаар 1973 онд Унгар улсын техник эдийн засгийн тусламжтайгаар бүрэн шинэчлэгдсэн бөгөөд 1990 оноос өнөөг хүртэл уг үйлдвэр өөрийн хөрөнгөөр технологийн бүтээгдэхүүнээ шинэчлэн ажиллаж байна.
“Биокомбинат” өнөөдөр мал амьтны халдварт өвчнөөс урдчилан сэргийлэх, эмчлэх, оношлох, биобэлдмэл үйлдвэрлэх, төрөл бүрийн эм бэлдмэл, түүхий эд импортлох зэрэг үйл ажиллагаа эрхэлдэг. “Биокомбинат” УТҮГ нь 250 гаруй мэргэжилтэн ажилчидтай, 3 алба, 17 цех нэгжтэй ажиллаж дотоодын хэрэгцээг 100 хувь импорт орлох бүтээгдэхүүнээр хангаж байгаа юм. Жилдээ 50 гаруй нэр төрлийн 50 сая тун биобэлдмэл үйлдвэрлэж, бүх аймаг, сумын мал эмнэлгийн байгууллагад өөрийн унаагаар хүргэдэг байна.