Оросын эрх баригчдын 2015 оны орлогыг танилцууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-04-16 13:16:36

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн онд 8.9 сая орчим рублийн орлого олсон тухай Ерөнхийлөгч болон Засгийн газрын тамгын газрын нийтэлсэн мэдээлэлд дурджээ.

Өнгөрсөн онд В.Путин 8.891 сая рублийн орлого олсон байна. Энэ нь тус улсын зарим сайд нарын орлогоос бага тоо аж. Оросын төрийн тэргүүний орлого 2014 онд 7.654 сая рубль байсан бол жилийн өмнө тэрбээр 3.6 сая рублийн орлого олж байжээ.

Оросын өндөр албан тушаалтнуудын 2015 оны тайлангаас үзвэл, В.Путины хувийн эзэмшилд 15 акр эдлэн газар, 77 метр квадрат талбай бүхий орон сууц болон гарааш  байдаг байна. Оросын төрийн тэргүүн мөн ГАЗ М-21, ГАЗ М-21-Р, "Нива" загварын автомашин, "Скиф" машины чиргүүл болон 153 метр квадрат талбайтай орон сууц, гарааш эзэмшдэг аж.

Кремлийн албан тушаалтнуудаас хамгийн өндөр орлогыг Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын нэгдүгээр орлогч Вячеслав Володин олсон байна. Түүний өнгөрсөн оны орлого 87 сая рублиэс давжээ.

ОХУ-ын Засгийн газрын хэвлэл албаны мэдээллээр, тус улсын Ерөнхий сайд Дмитрий Медведев 2015 онд 8.8 сая орчим рублийн орлого олсон байна. 2014 онд түүний орлого 8 сая гаруй рубль байсан бол 2013 онд 4.2 сая рубль байжээ.

Оросын сайд нарын танхимын хамгийн баян хүнээр Нээлттэй Засгийн газрын хэрэг эрхлэх яамны сайд Михаил Абызов болсон байна. Тэрбээр 2015 онд 455 сая гаруй рублийн орлого олжээ. Абызовын орлого жилийн хугацаанд бараг хоёр дахин өссөн байна. 2014 онд тэрбээр ердөө 678 мянган рублийн орлого олж байв.

Засгийн газрын хамгийн баян албан тушаалтнуудын жагсаалтын хоёрдугаарт шадар сайд Юрий Трутнев 153.8 сая рублийн орлогоороо орсон бол гуравдугаарт Аж үйлдвэр, худалдааны сайд Денис Мантуров оржээ. Тэрбээр өнгөрсөн онд 144.7 сая орчим рублийн орлого олсон байна.

Д.Жаргал

 

Related news