Эртний олдворуудыг сэргээн засахад 4.5 сая төгрөг шаардлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-04-18 14:42:02
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Жаргалант сумын “Айргийн гозгор” хэмээх газарт 96 булш, хэргэсүүр байгаагаас есийг нь малтжээ. Үүнийг аймгийн Музей,  Монголын Үндэсний музейтэй хамтран өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийсэн байна.  

Малтлагын эхний олдвор нь дөрвөн булш байсан аж. Үүний хоёр нь нэг гэр бүлийнх буюу эхнэр, нөхрийнх байсан нь тогтоогджээ. Тэд жирийн иргэд гэдгийг ч нарийн судалгаа, шинжилгээгээр баталжээ.  Харин үлдсэн хоёр булшийг нь судалж дуусаагүй байна. Гэхдээ энэ нь  “Хүмэг” буюу гурван хүнийг зэрэг оршуулсан булш гэдгийг тогтоогоод байна.

Эдгээр булшнаас  ваарны хагархай, ясан хос савх, үсний шор, хаш чулуун шагай болон нэг том авс бүрэн хэмжээгээрээ олдсон байна. Үүнийг сэргээн засч, бэхжүүлэхэд 4.5 сая төгрөг шаардлагатай гэнэ. Ялангуяа бүрэн хэмжээний авсыг багтаах ванн, зориулалтын бодис авахад уг мөнгө хэрэгтэй ажээ. Үүнээс гадна эдгээр үнэт олдворыг орон нутгийнхаа Музейд байршуулж иргэдийн хүртээл болгох нь зүйтэй гэж аймгийн Музейн эрхлэгч Ц.Энхтуяа хэллээ.

Дашрамд дурдахад, өнгөрсөн оны малтлагад  орон нутгаас 20 сая төгрөг гаргасан бол энэ жил 30 сая төгрөг шаардлагатай байгаа ажээ.

Б.Оюун-Эрдэнэ

 

Related news