Лангууны түрээсийн хөнгөлөлтөд найман сая төгрөг төсөвлөжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймгийн Хөдөлмөрийн хэлтэс өрхийн бичил бизнесийг дэмжиж, гурван газарт түрээсийн хөнгөлөлт үзүүлж байна.
Тодруулбал, бичил бизнес эрхлэгчдийн бүтээлийг борлуулах боломжийг хангаж дэлгүүрийн лангууны түрээсийг төр төлж байна гэсэн үг юм. Одоогийн байдлаар Наран, Говил багт өрхийн үйлдвэрлэгчдийн бүтээлийг борлуулах төв нээгээд байна. Лангууны түрээсийн төлбөрт энэ жил нийт найман сая төгрөг төсөвлөсөн гэж Хөдөлмөрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Ганцэцэг мэдээллээ. Үүнийг анх удаа зохион байгуулж байгаа гэнэ.
Гэр хорооллын Говил баг нь аймгийн төвөөс 20 гаруй км-ын зайтай бөгөөд тэнд өрхийн үйлдвэрлэгчид цөөнгүй байдаг юм. Иймд тус багийн “Ээж” төвд бичил бизнес эрхлэгч 20 иргэний бүтээлийг борлуулж эхэлжээ. Тэд 21 хоногийн хугацаанд 1.5 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна. Өрхийн үйлдвэрлэл эрхэлж буй иргэдийн дийлэнх нь гар урлал, оёдол, эсгий эдлэл, төмөр, модон урлал хийдэг юм. Цаашид олон багт ийм төв байгуулах эсвэл үйлчлүүлэгч олонтой дэлгүүрийн лангууг түрээслэх ажил зохион байгуулах гэнэ.
Б.Оюун-Эрдэнэ