Боксын улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-12-10 20:12:30
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/  Насанд хүрэгчдийн боксын улсын аварга шалгаруулах тэмцээн анх удаа Орхон аймагт боллоо. Энэ удаагийн тэмцээн нэрт дасгалжуулагч, боксын спортын олон улсын хэмжээний мастер С.Баттулга агсны нэрэмжит болсноороо онцлог юм.

“Хангарьд” цогцолборт гурван өдрийн турш үргэлжилсэн тэмцээнд 26 байгууллагын 219 тамирчин 13 жинд өрсөлджээ. Тэмцээнд Монгол Улсын гавъяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, ОХУМ Х.Энх-Амар, Э.Цэндбаатар, Б.Чинзориг нар оролцож шагналт байрт оржээ.

Монголын боксын холбооны Ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ хэлэхдээ, Боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн анх удаа хөдөө орон нутагт болж байна. Энэхүү тэмцээнийг зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан С.Баттулга багшийн ар гэрийнхэн болон эрдэнэтийнхэндээ баярлалаа.  2019 онд Монголын боксын ертөнцөд олон сайхан үйл явдал боллоо. Монголын боксчид энэ онд амжилт их байж олон улс, тивийн наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 24 алт, 20 мөнгө, 48 хүрэл нийт 92 медаль хүртсэн байна. Өнгөрсөн сарын 10-18-нд Улаанбаатар хотод анх удаа залуучуудын эрэгтэй, эмэгтэй боксчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж 16 орны 200 гаруй боксчин оролцсон. “Токио 2020” олимпийн наадам хаяанд ирсэн энэ чухал үед бид Олимпийн наадамд оролцохоор батлагдсан шинэ жингээр улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байгаа нь онцлог юм” гэлээ.  

Related news