Долоон сум нэхий, арьс шир боловсруулах иж бүрэн тоног төхөөрөмжтэй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-01-07 16:35:20

Завхан /МОНЦАМЭ/. Завханы долоон суманд нэхий, арьс шир боловсруулах иж бүрэн тоног төхөөрөмжийг өглөө. Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймагт шилжих зорилт тавин ажиллаж буй тус аймаг өрхийн үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ тоног төхөөрөмжөөр хангах ажлыг үе шаттай зохион байгуулж байна.

Дээрх зорилтын хүрээнд аймгийн Засаг даргын гадаад зах зээлээс босгосон 380 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг 24 суманд тус бүр нэг жижиг үйлдвэр байгуулахаар төлөвлөжээ. Эхний ээлжинд нэхий, арьс шир боловсруулах үйлдвэр байгуулах санал ирүүлсэн Баянтэс, Идэр, Сонгино, Ургамал, Шилүүстэй, Яруу, Завханмандал суманд нэхий, шир боловсруулах иж бүрэн тоног төхөөрөмжүүдийг гардуулан өгчээ. Эдгээр тоног төхөөрөмжийг Монгол орны онцлогт тохирсон нөхцөлөөр дотоодын үйлдвэрт захиалгаар хийлгэсэн байна. Цаашид үйлдвэрлэлээ амжилттай авч явах гол хөшүүрэг болох үйлдвэрлэлийн, борлуулалтын, санхүүгийн менежментээ сайн хийж үйлдвэрлэлээ амжилттай өргөжүүлэхэд нь аймгийн зүгээс дэмжиж хамтран ажиллах юм. Мөн үйлдвэрлэл эрхлэгчдээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн болон банкны хөнгөлөлттэй зээлд хамруулахаар шийдвэрлэжээ.

Ташрамд, Завхан аймаг сум бүртээ хоёроос таван жижиг үйлдвэртэй болохыг зорьж, хөрөнгө оруулагчдын чуулганыг 2019 онд Улаанбаатар хотод зохион байгуулсан нь үр дүнгээ ийнхүү өгч байна. Чуулганы үр дүнд олон улсын байгууллагын санхүүгийн дэмжлэгтэйгээр эхний хөрөнгө оруулалтуудыг 2019 онд амжилттай хийсэн тухайгаа аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.  

Related news