Г.Батцэнгэл: Угаар хэмжигчийг баталгаажуулан туршиж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд тараах гэж буй угаарын хий мэдрэгч багажийг Стандарт, хэмжил зүйн газраас өнөөдөр танилцууллаа. Ингэхдээ 2 төрлийн загварын угаар хэмжигч багаж үзүүлсэн юм.
СХЗГ-ын хэмжилзүйн хүрээлэнгийн захирал Д.Дамбасүрэн угаарын хий мэдрэгч буюу угаар хэмжигч багажийг судалж, холбогдох баримт бичгүүдийг орчуулж дуусан баталгаажуулж, тохируулгыг хийж буй талаар мэдээллээ. Ийм шат дараатай ажлыг хийж буй нь манай улсад угаар хэмжигч багажийг хянах стандарт байхгүйтэй холбоотой хэмээн үзэхээр байна. Энэ талаар СХЗГ-ын Стандартчилал тохирлын үнэлгээний газрын дарга Г.Батцэнгэлээс тодрууллаа.
-Тухайн багаж хэдэн үйлдэлтэй, угаарыг яаж мэдэрдэг вэ?
-Угаар мэдрэгч нь дотоод орчны нүүрстөрөгчийн дутуу ислийн хэмжээг тодорхойлох, мөн хувь хэмжээг гаргах, хянах гэсэн 3 үйлдэл (функц)-тэй тоног төхөөрөмж юм. Одоогоор орж ирсэн угаарын хий мэдрэгч төхөөрөмж нь дотоод орчинд угаарын хийн нэгдэл (концентрац) 30 PPM болоход 120 минут, 50 PPM болоход 60 минутын турш, 100 PPM болоход 10 минутын турш түгшүүрийн дохио өгнө. Бид энэ талын тохируулгыг хийж байна.
-Манай улсад угаар хэмжигч багажийг хянах стандарт байхгүй байсан гэж ойлгож болох уу?
-Угаарын хий мэдрэгч манай улсад анх удаа орж ирж, ашиглах гэж байгаа учраас шинээр стандарт боловсруулах шаардлага тулгарсан. Тиймээс хамгийн баталгаатай, өндөр үнэлгээтэй гэсэн Европын стандартыг орчуулах ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Ийм учир туршилт судалгаа, шалгалт баталгаажуулалт, тохируулгыг хийж байгаа юм. Ингэхдээ лабораторийн орчинд тусгай камер байрлуулж, угаарын хийн янз бүрийн нэгдлүүдийг хэр мэдэрч байгаа зэргийг хэмжих юм. Хэрэв олон улсын болон бүс нутгийн итгэмжлэгдсэн лабораторийн туршилтаар үр дүн гарсан тоног төхөөрөмжийг бол шууд импортолж болно. Манай зүгээс зохих стандартын сертификатуудыг дагалдуулахыг шаардаж байгаа.
-Нийслэлээс энэ нэгдүгээр сарын 10 гэхэд айл өрхүүдэд тараана гэсэн. Энэ хугацаанд та бүхний ажил дуусах уу?
-Амжиж дуусна.
Угаар мэдрэгч төхөөрөмжийг "UL 2034", "NFPA 720", "BS standarts" зэрэг стандартын дагуу шалгадаг. Агаар дахь угаарын хийн хэмжээ хэдэн PPM (part per million - саяд агуулагдах хэмжээ) байхаас шалтгаалж дохиолол дуугарах хугацаа дээр дурдсанчлан өөр байдаг аж. Агаар дахь угаарын хийн хэмжээ 50 PPM орчинд наймаас дээш цаг байвал хүн хорддог байна.
Б.Болд
Гэрэл зургийг Н.Батбаяр