Улиастайн Дэвшил сургууль улсын ТОП сургуулиар шалгарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/. Улиастай сумын бүрэн дунд боловсролын Дэвшил
сургууль улсын ТОП үнэлгээтэй 40 сургуулийн нэгээр шалгарчээ.
Тус сургууль 2019 онд 5, 9, 12-р ангийн улсын чанарын үнэлгээний шалгалтад тэргүүн байрт оржээ. Дэвшил сургууль нь 1998 оноос өнөөг хүртэл аймагтаа тэргүүн байр эзэлж улсын ТОП үнэлгээтэй 25 сургуулийн нэгээр жил бүр тогтмол шалгардаг ажээ. Өнөөдөр тус сургуульд 1170 суралцагч суралцаж, 71 багш, ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Сурагчдыг өдөр бүр өөрсдийнх нь сонголтоор хичээл тус бүр дээр давтлага өгөхөөс гадна багш нар хүүхэд бүрийн сурлагын чанарт анхаарч, хоцорч буй сурагчдад илүү цаг гарган ажилласнаар сурлагын хоцрогдолгүй, хүүхэд бүр жигд амжилтыг үзүүлж байна. Түүнчлэн сурагчдын гэрийн даалгаварт ач холбогдол өгч, даалгаврыг хүүхэд бүрээр нь шалгаж харилцан ярилцаж хүүхэд төвтэй сургалтын арга барилыг ашигладаг ажээ.
Ташрамд, тус сургууль
2019-2020 оны хичээлийн
жилд бүтээлчээр бие даан суралцдаг, эрүүл чийрэг бие бялдартай, байгальд
ээлтэй, хүмүүнлэг иргэн төлөвшүүлэн, суралцагчдын ярих чадварыг хөгжүүлж, багш,
ажилчдын бүтээлч үйл ажиллагааг дэмжин ажиллах эрхэм зорилгыг дэвшүүлжээ.
Хүүхэд бүрийг тэгш хөгжүүлэхэд анхаарч
байна
Дэвшил сургууль нь
улс, бүсийн олимпиад,
уралдаан тэмцээн, элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр 2008, 2012, 2015, 2017
онд “Оюуныг эрхэмлэгч” байгууллагаар дөрвөн удаа шалгарсан. Олон улсын ЭКО сургууль хөтөлбөрт хамрагдаж 2018
онд “Хүрэл гэрэгэ”, 2019 онд “Мөнгөн
гэрэгэ”–ний болзол хангасан. Сайн хичээл үйл ажиллагааны улсын
зөвлөгөөнд нэг багш, Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй эрдэм
шинжилгээний бага хуралд 16 багш амжилттай оролцож туршлагаа улсын хэмжээнд
түгээн дэлгэрүүлээд байна. Улсын олимпиад, уралдаан тэмцээнээс алт 15, мөнгө 13, хүрэл 16 нийт 41 медалийг манай сургуулийн
суралцагчид хүртжээ. Улсын массын олимпиадаас хими, математикийн хичээлээр
хүрэл, физикийн хичээлээр алт хоёр, мөнгө гурав, хүрэл медалийг дөрвийг тус
тус хүртжээ. Математикийн хичээлээр бүсийн манлай сургуулиар 11 дэх удаагаа
шалгарсан шилдэг сургууль юм. Хүний хөгжлийг дээдэлсэн байгаль орчинд
ээлтэй, салбартаа тэргүүлэгч сургууль болох алсын хараатай ажиллаж байна. Ер нь манай сургууль хүүхэд бүрийг ерөнхий эрдэм, тэр
дундаа байгалийн ухааны чиглэл, урлаг, спортын чиглэлээр нь өв тэгш
хүмүүжүүлж сургахыг гол болгож ажилладаг. Мөн хүүхдүүдийнхээ үгийг сонсож
тэдэнтэй санал солилцсоноор сурлагын чанарт жил бүр ахиц гардаг хэмээн Дэвшил сургуулийн
захиргаанаас тус тус мэдээлэв.