Урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг Засаг даргын нөөцөөс гаргана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2020-01-30 11:40:53

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Коронавирусний халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэхээр Говьсүмбэр аймгийн Онцгой комисс энэ оны нэгдүгээр сарын 27-нд хуралдлаа.

Хуралдаанаар ЭМГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж аймгийн удирдлага болон иргэдийг үнэн бодит мэдээлэл, зөвлөмжөөр хангах, олон нийтэд хандсан цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг нэг цэгээс, бодитой, хүртээмжтэй хүргэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ, эм эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж ажиллахаар болсон байна.

Мөн амны хаалт, спиртэн суурьтай гар ариутгагч, шаардлагатай нөөцийг бүрдүүлэх, суралцагчдад сургалтын хөтөлбөрийн дагуу мэдлэг олгох ажлыг цахим хэлбэрээр зохион байгуулах арга хэмжээ авах, олныг хамарсан дугуйлан, сургалт, тэмцээн уралдаан, урлаг, соёлын үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх, хяналт тавьж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгожээ.

Аймгийн Номын сангийн үйл ажиллагааг зогсоож, гэрээр үйлчлэх боломжийг судлан ажиллах, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, ахуйн осол гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах, гамшгаас хамгаалах төлөвлөгөөний хүний гоц халдварт өвчний үед ажиллах хэсгийг тодотгож, үүрэг чиглэлээр хангаж ажиллах зэрэг тодорхой үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өгсөн аж.

Шинэ төрлийн коронавирусний халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг аймгийн Засаг даргын нөөцөөс гаргахаар шийдвэрлэжээ.

Related news