Ховд аймгийг “Сүхбаатарын одон”-гоор шагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-04-23 20:12:53

Хөдөлмөрч дайчин уламжлалтай, олон овог угсаатны өлгий Ховд аймаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Д.Сүхбаатарын нэрэмжит одонгоор шагнагдах баяр ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ Ховд аймгийн төв Ард Аюуш, Галданбошигт хааны талбайд болж тус аймагт түүхэн үйл явдал тохиолоо.

Түүхэн тэмдэглэлт  үйл явдал Монгол Улсын  төрийн дээд шагнал  Д.Сүхбаатарын нэрэмжит шагнал Ховд аймагт гардуулах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан,  УИХ-ын гишүүн НББСШУЯ-ны байнгын хорооны дарга Д.Батцогт, Зам тээврийн яамны сайд Зоригт, Аймгийн ИТХ-ын дарга Б.Баярсайхан, Ховд аймгийн засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Д.Цэвээнравдан болон  Ерөнхий сайдын зөвлөх, Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Г.Өлзийбүрэн, Сангийн болон Зам тээврийн яам, Иргэний нисэхийн Ерөнхий газрын удирдлагууд, Ховд аймгаас төрсөн алдар гавьяатнууд, ард иргэд, албан байгууллага, сум бүрээс төлөөлөл ирж оролцон, хүндэтгэл үзүүлж энэхүү түүхэн баярт үйл явдлын гэрч болж оролцлоо.

Хөдөлмөрч, баатарлаг, дайчин уламжлалтай Ховд аймагт төрийн дээд одон “Сүхбаатарын одон” гардуулах Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Ерөнхийлөгчийн тамгын газрын ахлах референт Д.Чадраабал уншиж, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан Ховд аймгийн туганд хүндэтгэлтэйгээр зүүж өглөө.

Ховд аймаг Сүхбаатарын одонгоор шагнагдсан туг батламжийг Аймгийн удирдлагууд хүндэтгэн хүлээн авч, хуран цугласан олны дундуур хуурайлан тойрлоо.

Ийнхүү Ховд аймаг  улс орныхоо бүхий л салбарт хийж бүтээсэн ажлаа үнэлүүлж  Сүхбаатарын одонгоор шагнагдсан түүхэн үйл явдалд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан баяр хүргэж үг хэлсэн бол, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэхүү торгон агшинд нийт Ховдчуудад шууд утсаар ярьж мэндчилгээ дэвшүүлж, баяр хүргэлээ.

Ховд аймгийн засаг дарга, баруун бүсийн зөвлөлийн дарга Д.Цэвээнравдан түүхэн шагнал гардуулах ёслол дээр, манай аймгийн ололт амжилт, хөдөө аж ахуйн салбарт гаргасан хөдөлмөр зүтгэлийг үнэлж 1973 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн зарлигаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнаж байснаас хойш 43 жилийн дараа дахин амжилтаа үнэлүүлж “Сүхбаатарын одон”-гоор шагнуулж байгааг баяртайгаар мэдэгдлээ.

 Төрийн дээд Сүхбаатарын одонгоор шагнуулсан Ховд аймаг  Монгол Улс, баруун бүс нутгийн хөгжилд тэргүүлэх оролцотой, хүн амьдрах таатай орчинтой, үйлдвэрлэл бизнест ээлтэй, ногоон хөгжлийн загвар аймаг болох эрхэм зорилго дэвшүүлэн ажиллаж байна.

Тус аймгийн хүн амын тоо жил дараалан өсч 83,517 болж өмнөх оноос 2038 хүнээр нэмэгдэж,сүүлийн 3 жилд 5068 хүнээр өсөөд байна. Дотоодын нийт бүтээгдхүүн, эдийн засаг сүүлийн 4 жил дараалан 18 хувиас дээш өсөж, боловсруулах үйлдвэрийн хувь хэмжээ нэмэгдлээ. 2,9 сая толгой малтай болж, газар тариалангийн салбарт нэгжээс авах ургацын хэмжээг нэмэгдүүллээ.

Нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэнд, үйлдвэр, худалдаа, үйлчилгээ орон сууцны олон барилгууд нэмэгдэж, 2400 гаруй  айл  төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон орон сууцтай болж, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл бүрдэж байна. Ховд хот цаашид тэлж хөгжих инженерийн шугам сүлжээ, суурь асуудлуудаа бүрэн шийдлээ.

Түүнчлэн  нийт 1000 км хатуу хучилттай авто зам баригдаж, хөдөөгийн 16 сумаас 9 сум нь хатуу хучилттай замаар холбогдон 2700 гаруй метр урт бүхий 48 иж бүрдэл гүүртэй болсны 42 нь төмөр бетон гүүр байна. Иймд ОХУ-Монгол-БНХАУ-ын олон Торгоны зам Алс дорнотын худалдаа арилжааны гол замуудын дундах бүс нутгийн таталцлын төв болж хөгжих боломж бүрдээд байгаа юм.

             Ховд аймаг А.Бямбасүрэн

 

Related news