Ираны тогтоон барих хүчнээс АНУ эмээж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-04-25 15:24:29

ЯАЗД. /IRNA/. АНУ-ын хувьд Ираны тогтоон барих хүчнээс эмээж байна гэж Ираны Лалын хувьсгалыг хамгаалах корпусын Тэнгисийн цэргийн командлагч, адмирал Али Фадави ням гарагт мэдэгджээ.

Иранд болсон нэгэн ёслолын үеэр тэрбээр хэлэхдээ "манай улс хэзээ ч АНУ-ын ашиг сонирхолд халдаж байгаагүй, гэтэл америкчууд халдлага хийх байдлаар Ираны хүч чадлыг туршиж үзсэн бөгөөд Ливан, Палестин, Йемен, Сирид өдөөсөн хуйвалдаандаа алдаа гарган бүтэлгүйтсэнээ мэдэрсэн" гэжээ.

Тэрбээр цааш нь хэлэхдээ "АНУ бол Ираны гол дайсан" гээд "өнгөрсөн 37 жилийн турш АНУ Ираны тогтоон барих хүчийг мэдэрлээ, одоо тэд энэхүү хүчнээс сүрдэж байна" гэж онцлов.

АНУ-ын эрх баригчид Ираныг ад чөтгөр мэт үзэх болсноос хойш АНУ-ын тэнгисийн цэргүүд Ираны усан хилд зөвшөөрөлгүйгээр орсноор Ираны цэргүүдэд баригдах үедээ тэд үнэхээр их айсан байсан хэмээн адмирал ярьж байна.

Х.Сарнай

 

 

Related news