Энэ сарын 20-ноос хүйтний эрч чангарахыг анхааруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөө шөнө баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, маргааш өдөр баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, энэ сарын 20-нд ихэнх нутгаар, 21-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг Цаг уур, орчны шинжилгээний газар анхаарууллаа.
Энэ сарын 20-24-ний цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 20-нд баруун
аймгуудын зүүн хэсэг, төв болон говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 21,23-нд
төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
22-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи 20-нд Алтайн уулархаг нутгаар, 21-нд ихэнх нутгаар, 22, 23-нд зарим
газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуурын хотгор болон
Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 19-24
градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр,
Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын
хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд
хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23
градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. 21-нд нутгийн баруун хэсгээр, 22-нд
ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.