Нийслэлчүүд гэр, гэртээ байснаар аюулыг давна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-02-27 02:03:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр 40 шахам оронд халдварлаж хэдэн зуун хүний амь насыг хөнөөж, агаар дуслын замаар олон мянган хүнд халдварлаж байгаа шинэ коронавирусний /COVID-19/ тархалт одоогоор Монгол Улсын хилийг даваагүй байна.


Харин манай өмнөд хөршөөс гарсан коронавирус биднийг бүслээд байгааг цөөхөн монголчууд онцлон анхаарч, урьдчилан сэргийлэх ажлаа нэг хором ч умартах учиргүй. Өнгөрсөн өдөр хоногуудад Монгол Улсын төр засгаас шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд энэ аюулт тахлаас бид тусгаарлагдаж чадсан. Харин энэ байдалд тайвширч, назгайрах эрх хэнд ч байхгүй бөгөөд иргэний эрхэм үүрэг, хариуцлагаа улам бүр чанд сахих нь Монгол Улсын иргэн бүрийн өмнө тулгарч байна.

 

Монгол Улсын Онцгой комисс, дэлхийн улс орнуудыг түгшээж байгаа энэ аюулт өвчний тархалттай холбогдуулж лхагва гарагт /2020.02.26/ хуралдаж тодорхой шийдвэрүүд гаргасан. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Онцгой комисс /НОК/ 97 хувийн ирцтэй  өргөтгөсөн хуралдаан хийж, хэд хэдэн асуудлыг шийдвэрлэж, Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлсэн ажлыг эрчимжүүлэх тухай нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/223  тоот захирамж гарсан юм.


Энэхүү хуралдааны үеэр Нийслэлийн Онцгой комиссын гишүүдийн хэлсэн санал, хүсэлтийн талаар та бүхэнд толилуулж байна.


Нийслэлийн Засаг дарга САмарсанаа дээр дурдсан захирамжийг танилцуулаад, НОК-ын гишүүдэд нэмэлт санаа, оноогоо хэлэхийг хүссэн юм.


Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан: Богд уулын ам болгонд өнгөрсөн амралтын өдрүүдэд иргэд олноороо хүүхэд, багачуудын хамт салхинд байсныг онцлов. Мөн Туул голын 2 эргээр өдөр бүр иргэд олноор цугларч байгаа. Тэд цэвэр агаар энэ өвчний халдвараас сэргийлж, салхинд гарч байна гэх тайлбар хэлж байна. Үүнийг хэрхэн зохицуулах вэ? гэв.


Энэ мэтээр НОК-ын гишүүдээс олон санал, хүсэлт тавьж байлаа. Тухайлбал, Нийслэлийн хэмжээнд сайжруулсан түлш зарж байгаа цэгүүдэд ариутгал, хяналт сул байна. Нийслэл, дүүргээс томилогдон эргүүл хийж буй хүмүүсийн шаардлагыг хүлээж авдаггүй иргэдэд ямар арга хэмжээ авах вэ? Нийслэлийн цэвэрлэх байгууламжуудад ажилладаг 200 гаруй хүмүүст мэргэжлийн байгууллагаас тодорхой зөвлөмж өгч, аюулаас урьдчилан сэргийлэхэд анхаарах талаар, СХД-ийн 21 дүгээр хороонд орших нийслэлийн иргэдийг шаардлагатай бүтээгдэхүүнээр хангаж байгаа фермерүүдэд хэрэгцээтэй материалаа татаж авахад нь саад учирч байгаа зэрэг бэрхшээлүүдийг хэлж байв.


Нийслэлийн Засаг дарга: "Эдгээр асуудлыг өмнө нь гаргасан миний захирамжид тодорхой дурдсан учраас шийдвэрийг шууд хэрэгжүүлэхийг сануулсан юм. Харин нийтийн тээвэрт үйлчлэх бүх автобусанд гар ариутгалын төхөөрөмж суулгасныг сайшааж бусад шаардлагатай зүйлсийг тухайн компани гаргах нь нийгмийн хариуцлага гэдгийг онцлов. Тухайлбал, бэлэн мөнгөний үйлчилгээ үзүүлэгч АТМ-үүдийг байнга ариутгаж байх ажлыг тухайн банк хариуцах үүрэгтэй. Мөн иргэд болон компани, байгууллага, хамт олон үүргээ биелүүлэхгүй бол хариуцлагаа хүлээж торгуулна. Бидний хамгийн эрхэм зорилт бол иргэд олноор цуглах боломжийг бид зогсоож байж /коронавирус/ аюулт өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх явдал юм. Үүнийг монголчууд тэр тусмаа нийслэлчүүд үлгэр жишээ харуулж чадаж байна" гэв.


Тиймээ, бид тодорхой хугацаанд тэвчээртэй, эв нэгдэлтэй, хүн бүр хариуцлагатай байх аваас энэ аюулаас ангид байж болох “Алтан боломж” нь бидний гарт байгаа юм. Сайн үйлс дэлгэрэх болтугай.  

Related news