Б.Оюумаа: Сонгуулийг хойшлуулах эсэхийг УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд шийднэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ТОДРУУЛГА
ariunbold@montsame.gov.mn
2020-04-02 16:05:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. СЕХ-ноос УИХ-ын ээлжит сонгууль зохион байгуулах ажлын цаг хугацааны хуваарийг батлан ажиллаж байна. Дэлхий нийтэд тархаад буй “COVID-19” халдварын эрсдэлээс сэргийлэх үүднээс зарим улстөрч энэ удаагийн сонгуулийг хойшлуулах уриалга, санал гаргаад буй юм. Ээлжит сонгуулийн бэлтгэл ажил болон сонгууль хойшлуулах хууль эрх зүйн орчны талаар СЕХ-ны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаагаас тодрууллаа.


-“COVID-19”-ийн нөхцөл байдалтай холбоотойгоор УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах талаар улстөрчдөөс уриалга, санал гаргаж байгаа. Энэ талаар?


-УИХ-ын сонгуулийн тухай хуульд “Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл үүсэж сонгуулийг явуулах боломжгүй болсон бол сонгуулийг хойшлуулж болно” гэсэн заалт бий. Одоогоор тийм нөхцөл байдал үүсээгүй тул ажил хэвийн үргэлжилж байна.


Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйл:

2.Дараахь онцгой нөхцөл бий болсон үед үр дагаврыг нь арилгах, хүн ам, нийгмийн амьдралыг хэвийн болгохын тулд онц байдал зарлаж болно.

1/Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон

2/Үндсэн хуулийн дэг журам, нийгмийн хууль ёсны тогтолцоо оршин тогтноход заналхийлсэн аливаа байгууллага, бүлэг хүний зохион байгуулалт бүхий хүч хэрэглэсэн хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн нийтийн эмх замбараагүй байдлыг төрийн байгууллага эрх хэмжээнийхээ дотор ердийн арга хэрэгслээр тохинуулах боломжгүй болсон

3.Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь нийтийн эмх замбараагүй байдал үүсч, зэвсэгт мөргөлдөөнд хүрсэн, тийм мөргөлдөөн гарах бодит аюул бий болсон, бусад улсаас цэргийн хүчээр түрэмгийлэн халдсан, эсхүл тийнхүү халдах нь бодитой болсон үед дайны байдал зарлаж болно.


-Хэрвээ хойшлуулбал ирэх жил Ерөнхийлөгчийн сонгуультай хамт зохион байгуулах уу?


-Сонгуулийг хойшлуулах эсэх нь УИХ-ын бүрэн эрх юм. Хэрэв хойшлуулах шийдвэр гарсан бол бид хууль тогтоох дээд байгууллагын шийдвэрээ хэрэгжүүлнэ. Одоогоор тодорхой шийдвэр гараагүй учраас энэ талаар ярих эрт байна. Гэхдээ өмнө нь УИХ, НИТХ-ын сонгуулийг хамт зохион байгуулж байсан туршлага бидэнд бий.


-УИХ-ын ээлжит сонгуулийн бэлтгэл ажил хэдэн хувьтай байна вэ?


-СЕХ-ны 2020 оны хоёрдугаар сарын 7-ны 03 тоот тогтоолоор сонгуулийн ажлын цаг хугацааны хуваарийг баталсан. Ажлын хуваарийг https://www.gec.gov.mn/ цахим хуудасны “УИХ-ын сонгууль-2020” хэсгээс харж болно. Улс төрийн 15 нам, 4 эвсэл өнгөрсөн сарын 25-наас өмнө Үндэсний аудитын газар (ҮАГ)-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн. Сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоох, сонгуулийн хэсэг байгуулах зэрэг гуравдугаар сард хийх ажлаа бүрэн дуусгасан. Энэ сарын хуваарьт ажлуудаа гүйцэтгэж эхэлсэн. УБЕГ https://burtgel.gov.mn/ цахим хуудсандаа сонгогчдын нэрсийн жагсаалтыг байрлуулсан. Иргэд тухайн цахим хуудсанд хандаж, регистрийн дугаараа оруулж, овог нэр, гэрийн хаяг зэрэг мэдээллээ зөв бүртгэгдсэн эсэхээ хянан баталгаажуулах, хаана санал өгөхөө харах боломжтой.

Мөн энэ сарын 15-наас өмнө аймаг, нийслэлийн, 25-наас өмнө сум, дүүргийн сонгуулийн хороог байгуулна. Түүнчлэн бие даан нэр дэвшигч энэ сарын 25-наас өмнө ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлэх ёстой. ҮАГ-аас нам, эвслийн мөрийн хөтөлбөр Монгол Улсын Төсвийн тогтвортой байдлын тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцсэн эсэхэд хийсэн аудитын дүгнэлтийг энэ сарын 25-наас өмнө гаргаж манайд ирүүлнэ. Мөн хугацаанд нам, эвслүүд УИХ-ын ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд ирүүлэх ёстой. Ингээд бичиг баримтын бүрдлийг нь шалгаад сонгуульд оролцуулах эсэхийг шийдвэрлэнэ.


-Нам, эвслийн мөрийн хөтөлбөр хуульд нийцээгүй байхад сонгуульд оролцох эрх бий юу?


-УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлд Нам, эвслийг бүртгэх асуудлыг тусгасан. Уг зүйлд “Сонгуулийн мөрийн хөтөлбөр нь хуульд заасан шаардлага хангасан тухай дүгнэлт гарсан бол бүртгэнэ” гэсэн заалт бий. Тодруулбал, ҮАГ-аас мөрийн хөтөлбөр нь хуульд нийцээгүй гэсэн дүгнэлт гаргасан байвал сонгуульд оролцуулахгүй гэсэн үг. Тухайн нам эвслийн мөрийн хөтөлбөр хуульд нийцээгүй бол мөрийн хөтөлбөрөө засаад ҮАГ-т дахин хүргүүлэх боломжтой.


-УИХ-ын сонгуулийн тухай хуулийг оны өмнө баталсан. СЕХ болон бусад байгууллага саналаа бүрэн тусгасан уу?


-Өмнө нь сонгуулиудыг зохион байгуулахад үүсдэг байсан хүндрэл, түүнийг шийдвэрлэх заалтын талаар СЕХ, УБЕГ, ЦЕГ, ХХЗХороо зэрэг сонгууль зохион байгуулахад хуулиар үүрэг хүлээн оролцдог төрийн бүх байгууллагад саналаа хүргүүлсэн. Сонгууль зохион байгуулах үе шат, нэр томьёо, нам, эвсэл сурталчилгаа явуулах төрөл, хэлбэр зэргээс эхлээд сурталчилгаа хийх хүмүүсийн тоо, ухаалагч нарын тоо зэргийг нарийн тусгасан. Мөн сонгуулийн үйл ажиллагаа, сонгуулийн хороотой холбоотой бүх гомдол, маргааныг онцлог байдлаас нь хамааран тухайн жилдээ шийдвэрлэж байх, хууль зөрчсөн этгээдэд Эрүүгийн болон Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэх зэрэг заалт бий. 2016 оны сонгуулийн үед хуульд дээрх зохицуулалтуудыг тусгаагүйгээс зарим хүндрэл үүсэж байсан. 


-Олон нийтийн сүлжээ буюу фейсбүүк, твиттер ашиглах талаар тодорхой зохицуулалт тусгасан. Үүнтэй холбогдуулан Фейсбүүк компаниас Монгол Улсад түр хугацаанд оффис ажиллуулах болсон. Энэ ажил ямар шатандаа явна вэ?


-СЕХ-ноос үнэмлэхээ авсан нэр дэвшигч гурав хоногийн дотор аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд сонгуулийн сурталчилгаандаа ашиглах фейсбүүк, твиттер хуудасныхаа хаягийг бүртгүүлэх заалт тусгасан. Уг хуудсаараа албан ёсоор сурталчилгаа явуулах юм. Бүртгүүлээгүй цахим хуудсаар сурталчилгаа явсан тохиолдолд албан ёсны сурталчилгаа гэж үзэхгүй, хаягийг устгах, түр хугацаанд зогсоох зэрэг арга хэмжээ авна. СЕХ, Харилцаа холбооны зохицуулах хорооны удирдлагууд Фейсбүүк компанийн удирдлагуудтай уулзалтууд хийсэн. Харилцаа хамтын ажиллагаагаа хөгжүүлж, сонгуулийн үеэр Монгол Улсад оффис ажиллуулах саналыг Фейсбүүк компани гаргасан. Ойрын хугацаанд дараагийн уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна. 


-“COVID-19” халдвараас сэргийлэх үүднээс улсын хэмжээнд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Үүнээс үүдэн сонгуулийн бэлтгэл ажлыг хангахад бэрхшээл тулгарч байна уу?


-Мэдээж хэрэг зохион байгуулахад хүндрэлтэй асуудал гарах байх. Одоогоор олон нийтийг хамарсан томоохон ажлууд эхлэх болоогүй тул хүндрэл харьцангуй бага байна. Ирэх сарын 10-16-ны өдрүүдэд намууд нэр дэвшигчээ тодруулна. Бие даан нэр дэвшигч ирэх сарын 10-16-нд тойргийн сонгогчдынхоо гарын үсгийг цуглуулах зэрэг ажил эхэлнэ. Мөн зургаадугаар сарын 2-ноос сонгуулийн сурталчилгаа эхэлнэ. Тухай бүрт нь Засгийн газар, УОК-ын шийдвэр болон бусад мэргэжлийн байгууллагын шаардлагад нийцүүлэн ажлаа зохион байгуулахаар төлөвлөж байна. Өнөөдрийн байдлаар аймаг, нийслэл, сум, дүүрэг, хэсгийн сонгуулийн хороонд ажиллах төрийн албан хаагчдын бүртгэлийг цахимаар хийж байна. Бүртгүүлсэн хүмүүсийг СЕХ-ны сургалтад суулгах ёстой. Өмнө нь нийслэл, 21 аймгаа тодорхой бүсчлэлд хуваагаад, газар дээр нь очиж сургалт хийдэг байсан. Харин энэ удаад цахимаар бүртгэж, бичиг баримтыг нь хянаад, тэнцсэн хүмүүст сургалтын материалыг цахимаар явуулж байна.

Related news