Нярай хүүхдэд хөгжим сонсгох нь тэдний хэл ярианы хөгжилд тустай

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
sarnai@montsame.mn
2016-05-02 09:10:57

ВАШИНГТОН. /VOA/. Нярай хүүхэдтэйгээ хамт хөгжим сонсох нь хүүхдийн тархины үйл ажиллагааг сайжруулдаг болох нь тогтоогдсон байна.

Вашингтоны Их Сургуулийн Тархи судлал /I-LABS/-ын хүрээлэнгийн судлаачид хэд хэдэн удаа хөгжим сонсгож тоглосны дараа ажиглахад 9 сартай нярай хүүхдийн шинэ хөг ая болон шинэ үг авиаг тусган авах чадвар нь өмнөхөөс илүү сайжирсан байжээ. 

“Нярай хүүхдүүд хөгжмийн хэмнэлийг мэдрэх нь тэдний ярианы хэмнэлийг мэдрэх чадварыг нь сайжруулдаг болохыг тогтоосон” гэж тус лабораторын судлаач Кристина Зао ярилаа. Энэ нь хүүхдүүд аль болох бага наснаасаа хөгжмийг сонсч мэдрэх нь тэдний танин мэдэхүйн чадварт асар ихээр нөлөөлдөг болохыг баталжээ.

Судлаачид хөгжим, хэл хоёр хоорондоо их төстэй учир нь тэдэнд ижил хэмнэл бүхий хэв маягууд байдагт оршино. Хөгжмийн аяыг ялгаж сурах чадвар нь нярайн хэлний ярианы хөгжилд дэм болдог. Дээрх судалгаанд эрдэмтэд 39 хүүхдийг хамруулсан бөгөөд тэднийг 12-15 минутын турш эцэг эхтэй нь хамт тоглуулсан байна. Ингэхдээ 20 хүүхдийг хөгжим орсон тоглоомоор тоглуулжээ. Харин нөгөө 19 хүүхдийг тоглоомон машин болон энгийн бусад тоглоомоор тоглуулсан байна.

Ингэж тоглуулснаас хойш 7 хоногийн дараа хүүхдүүдийн тархины тодорхой байрлал болоод тархины үйл ажиллагааг ажиглах зорилгоор магнетоэнсефалографигаар хянасан ажээ.

Тархины зураг авах үед нярай хүүхдүүдэд олон төрлийн ая, яриа дуу авиаг хааяа тасалдах байдлаар хэмнэлтэйгээр сонсгожээ.  Хэмнэл  тасалдах үед тасалдаж буй хэмнэлийг хүүхдүүд таньж тогтоож буйг тогтоов.

Хөгжимтэй тоглоом тоглосон хүүхдүүдийн тархи ийм тоглоомоор тоглоогүй хүүхдүүдийнхээс илүүтэйгээр хэмнэлийн таслалтад хүчтэй хариу үйлдэл үзүүлж байжээ.

Энэ хэсэг хугацаанд хөгжимтэй тоглоомоор тоглосон нярай хүүхдүүдийн дуу авианы хэв маягийг тогтоох чадварыг нь сайжирсан байна гэж судлаачид дүгнэлээ.

Х.Сарнай

 

 

 

Related news