Тахарын албанд Sonata-6 автомашиныг хандивлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-05-04 16:06:19

Хөвсгөл аймагт Хууль зүйн шинэчлэлийн хүрээнд байгуулагдан хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байгаа Тахарын албанд Мөрөн сумын иргэн Х.Олонбат өөрийн хэрэгцээнд хэрэглэж байсан Sonata-6 маркийн автомашиныг хандивлаж тус албаны хамт олонд ажлын амжилт хүслээ.

Тус албаны хамт олон тээврийн хэрэгсэл хандивласан Х.Олонбатад талархалаа илэрхийлээд 8-р тойргийн Тахарын албаны анхны хандивлагч тул манай түүхэнд үлдэх болно гэсэн хүндэт өргөмжлөлийг гардууллаа. Наймдугаар тойргийн Тахарын алба үүсгэн байгуулагдсанаас хойш хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллахын зэрэгцээ нийгмийн хариуцлагаа ухамсарлан жил бүр Мөрөн сумын цусны төвд албан хаагчид цусаа хандивладаг, хүйтний улиралд гадаа ажилладаг хот тохижилт үйлчилгээний төвийн хамт олон цай хоол өгдөг зэрэг олон шинэлэг ажлыг уламжлал болгон зохион байгуулж иржээ. 

Хөвсгөл аймаг Б.Гантуяа 
 

Related news