З.Нямтулга: Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох нь иргэн бүрийн үүрэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд олон нийтэд цахимаар мэдээ мэдээлэл хүргэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанаас “Байгалиа хамгаалъя” нэртэй аяныг 4-р сарын 15-наас 05-р сарын 15-ны өдөр хүртэл зохион байгуулжээ. Энэ үеэр Завханы хэд хэдэн газарт ой хээрийн түймэр гарч багагүй талбай шатсан байна. Тиймээс хуурайшилт ихтэй энэ үед ой хээрийн түймрээс хэрхэн сэргийлэх, аяны хүрээнд нийт хэчнээн иргэнд мэдээлэл сурталчилгаа өгсөн талаар Завхан аймгийн эрүүгийн цагдаагийн тасгийн Экологийн асуудал хариуцсан эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад З.Нямтулгаас тодрууллаа.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Танай албанаас хуурайшилтын зэрэг өндөртэй байгаа үед цаг үеэ олсон аян зохион байгуулжээ. Нийт хэчнээн иргэнд мэдээлэл хүргэв?
-Цагдаагийн байгууллага хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, энэ төрлийн мэдээ мэдээллийг
иргэд, олон нийтэд хүргэх зорилгоор “Байгалиа хамгаалъя” аяныг “Таны дуу хоолой
байгалийг хамгаалж чадна” уриан дор зохион байгуулж
байна. Энэ ажлын хүрээнд Экологийн цагдаагийн албаны 2020 оны
дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 2/190 дугаартай ажлын чиглэлийн хүрээнд “Байгалиа хамгаалъя” нэртэй
аяныг аймагтаа өрнүүлж багагүй ажлыг зохион байгууллаа.
Тухайлбал
ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөгөө мэдээлэл 30 гаруйг
бэлтгэж Цагдаагийн газрын фэйж
хуудас болон аймгийн олон дагагчтай фэйсбүүк групп, фэйж хуудсаар дамжуулан мэдээлэл
өглөө. Түүнчлэн иргэдэд гарын авлага материал, зурагт хуудас 360 гаруйг тараан өгч хөл хөдөлгөөн ихтэй газруудад байршуулсан байгаа. Мөн ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр
ойн сан бүхий газар нутаг ихтэй Тосонцэнгэл, Их-Уул, Тэлмэн, Идэр сумын Засаг дарга нартай хамтран ажиллаж иргэдийг
мэдээлэлжүүлэх ажлыг зохион байгууллаа.
Мөн
аяны хүрээнд Завхан аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 27-ний өдрийн
А/187 дугаартай захирамжийг хэрэгжүүлж эргүүл шалгалтыг ойн сан бүхий газарт
хоёр удаа зохион байгууллаа. Энэ үеэр ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх
чиглэлээр экологийн асуудал хариуцсан мөрдөгч нар 500 орчим иргэнтэй уулзаж
яриа таниулга хийж харилцан мэдээ, мэдээлэл солилцож ухуулга нөлөөллийн ажлыг
хийсэн.
-Аяны хугацаанд манай аймгийн
хэд хэдэн газар ой хээрийн түймэр гарсан. Түймрийн эзэн холбогдогч
илэрсэн үү?
-Тийм ээ.
Тосонцэнгэл, Их-Уул сумын нутаг дэвсгэрт тавдугаар сарын 25-26-ны өдрүүдэд ойн түймэр гарсан. Энэ
түймрийг унтраах ажилд Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтсээс нэг
автомашин, таван алба хаагч иргэд болон Онцгой байдлын газрын алба хаагчидтай
хамтран түймрийг бүрэн унтраасан. Тухайн ойн түймэр гарсан газарт экологийн
асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч ажиллаж хэргийн газрын үзлэгийг хийж
нотлох баримтуудыг цуглуулан, гал түймэр гаргасан буруутай этгээдүүдийг шуурхай
олж тогтоосон. Ингээд байгаль орчинд учруулсан экологи эдийн засгийн
хохирлыг мэргэжлийн байгууллагаар гаргуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж
байна. Мөн ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сум
хариуцсан хэсгийн төлөөлөгч, цагдаа нар, багийн Засаг дарга нартай хамтран
ажиллаж тухайн суманд амьдардаг айл өрхүүдээр биечлэн явж ой хээрийн, түймэр
гаргахгүй байх талаарх “Баталгаа” гаргуулан өрхийн тэргүүнээр гарын үсэг
зуруулан хамтран ажиллаж байгаа.
Мөн Их-Уул сумын Хонгор багийн нутаг Ихэр хэмээх газарт ойн түймэр гарсан талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад дөрөвдүгээр сарын 25-ны 15 цаг 30 минутад сумын онцгой байдлын хэлтсээс мэдэгдсэн. Тухайн ойн түймэр нь дөрөвдүгээр сарын 25-ны өдөр 13:00 цагийн орчимд Их-Уул сумын Хонгор багийн нутаг Ихэр гэх газарт айлуудын өвөлжөөний урд талын хэсгээс үнс асгадаг хогийн цэгээс анх гарч ой мод руу орж дөрвөн хоног үргэлжилж түймрийг дөрөвдүгээр сарын 29-ний өдөр цурманд бүрэн оруулж унтраасан байна. Энэ түймэрт ойролцоогоор 20 орчим га талбай хамарч хөрсний өвс, унанги мод, хожуул галд өртөж шаталт явагдсан байсан. Тухайн түймэр гарсан газарт урд өмнө 2002 оны зургаадугаар сард ойн түймэр гарч байсан болохыг тогтоосон байгаа.
Тухайн түймрийг унтраах ажилд автомашин 26,
мотоцикл 28, нийт 295 иргэн ажилласан. Мөн цагдаагийн алба хаагчид,
аймгийн Онцгой байдлын газар, Тосонцэнгэл сум дахь онцгой байдлын хэлтэс,
Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас тус тус алба хаагчид оролцож түймрийг
унтраасан. Түймрийн голомтод Тосонцэнгэл
сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн Экологийн асуудал хариуцсан эрүүгийн
ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Амгаланбаатар, шинжээчийн хамт очиж
үзлэг хийж эзэн холбогдогчийг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж
байна.
Мөн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн нутаг Урд шивэртэйн Ар эрээн гэх газарт түймэр гарсан. Түймэр гарсан газарт сум дундын ойн ангийн мэргэжилтнээр GPS төхөөрөмжөөр нарийвчлалтай координат цэгүүдийг тогтоолгоход 24 га талбай гал түймэрт өртөж газрын хөрсний өвс, унанги мод, хожуул галд өртөж шаталт явагдсан болохыг тогтоосон.
Тухайн түймрийг унтраах ажилд нийт 160 хүний
бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж түймрийг 4 дүгээр сарын 29-ний өдөр бүрэн
цурманд оруулан унтраасан байна. Хэргийн газрын үзлэгээр түймэр анх гарсан галын голомтыг
тогтоож, галын аюулгүй байдлын журам зөрчиж гал алдсан буруутай этгээдийг олж
тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Мөн
Улиастай сумын Жаргалант багийн ‘’Худгийн давааны ам’’ гэдэг газар, аймгийн
төвөөс хойд зүгт 13.5 километрт шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг дөрөвдүгээр
сарын 26-ны өдрийн 10:22 цагт хүлээн авсан. Уг түймрийг иргэн А нь хог шатааж байгаад гал алдсан байсан.
Ингээд бодохоор иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс болж асар их газар нутаг, ой хээр, иргэдийн эд хөрөнгө шатах аюултайг харуулж байгаа юм. Ямар нэгэн түймэр гарсан тохиолдолд шатахуун, хүн хүч гээд маш олон хүний хүч хөдөлмөрөөр унтрааж байгаа нь түймэр асар их хохирол дагуулдаг гэдгийг л харуулж байна. Тиймээс манай иргэд хөдөө хээр явахдаа түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины иш, цог, нурмыг бүрэн унтрааж сураарай. Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх. Машин,техникийн утааны янданг оч баригчтай болгох. Гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд 100-гаас доошгүй метрийн өргөнтэй цурав татах, шороон зурвас гаргах. Түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх. Насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт шүдэнз, асаагууртай явуулахгүй байх. Иргэн, айл өрх бүр гал түймэр унтраах багаж хэрэгсэлтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Харин ой хээрийн эрсдэлтэй бүс нутгийн төрийн болон мэргэжлийн байгууллагууд зарлан мэдээллийн дуут дохиотой байх. Мөн түймэрт нэрвэгдэж болзошгүй нутаг дэвсгэрийг түймрээс хамгаалах зурвастай болгохыг сануулж зөвлөж байна.
Өнөөдрийн байдлаар нутаг дэвсгэрийн хэмжээнд эзэн холбогдогч нь тогтоогдоогүй ой хээрийн түймэр бүртгэгдээгүй байна. Цаашид ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээндээ шинэлэг хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж байгаа.
-Экологийн цагдаагийн албаны үүрэг, ажлын чиглэлийг иргэд
төдийлөн сайн мэддэггүй. Та албаныхаа талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөхгүй
юу?
-Монгол
Улсын Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн хуралдаанаар
Цагдаагийн байгууллагын бүтцэд Экологийн цагдаагийн нэгж байгуулах шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэр
гарснаар цагдаагийн байгууллагын Экологийн алба нь хүрээлэн буй орчныг
хамгаалах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх,
байгаль экологид учрах хохирлыг бууруулах үүргийг хүлээн ажиллаж эхэлсэн. Байгаль экологийн хувьд эрүү, хэв журмын нөхцөл байдал хүндэрсэн, ойн
сан бүхий болон хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж,
нөхөрлөл ихтэй аймгуудад энэ алба ажиллаж байгаа. Манай аймаг гэхэд ойн сан
бүхий газруудтай, алт, үнэт металлын илэрцтэй тул хайгуул, ашиглалт,
олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа газар нутаг юм. Тиймээс экологийн
цагдаагийн алба ажиллаж байна.
-Энэ алба байгуулагдаад багагүй хугацаа өнгөрчээ. Завхан аймагт байгаль экологид учруулах гэмт хэрэг хэр их бүртгэгдэж байна вэ?
-Экологийн цагдаагийн алба байгуулагдсанаас хойш Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг найм бүртгэгдэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Хэргийг өнгөөр нь авч үзвэл хууль бусаар мод бэлтгэх, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргүүд дийлэнх хувийг эзэлж байна.
-Хулгайгаар
мод бэлтгэх тохиолдол гарч байгаа юу? Ямар шийтгэл ногдуулдаг юм бол?
-“Байгалиа хамгаалъя” арга хэмжээний хүрээнд тавдугаар сарын 4-6-ны хооронд Завхан
аймгийн Яруу, Тосонцэнгэл суманд байгаль орчин аялал жуулчлалын газартай
хамтарч хяналт шалгалтаар ажилласан. Энэ үеэр хяналт шалгалтаар ойгоос хууль бусаар мод бэлтгэсэн
гэмт хэрэг хоёрыг илрүүлэн цагдаагийн газарт шалгалтын ажил явуулж байна. Хууль
бусаар мод бэлтгэсэн тохиолдолд цагдаагийн байгууллага Эрүүгийн хуулийн тусгай
ангийн 24.6 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж шүүхээс гэм
буруутай этгээдэд зохих ял хүлээлгэдэг юм.
-Хүрээлэн буй орчныг
хамгаалахад иргэн бүр оролцох ёстой юу?
-Тэгэлгүй яах вэ. Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг,
зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох нь иргэн бүрийн журамт үүрэг юм. Өнөөдрийн
байдлаар манай албанаас иргэд, хүүхэд залууст экологийн боловсрол олгох, соён
гэгээрүүлэх чиглэлээр ТББ, төрийн зарим байгууллагатай хамтран ажиллаж байна.
Ингэж иргэдийн хандлагыг өөрчилж, зөв дадлыг төлөвшүүлэх нь чухал юм. Бид
байгаль орчныг сүйтгэж, ан амьтан хулгайгаар агнаж буй хууль бус үйлдэлтэй
тэмцэж, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхээс гадна иргэд байгаль орчин, ан амьтнаа
хайрлан хамгаалах үйлсэд нэгдэн ажиллах нь ирээдүйн төлөө хийж буй үйл
ажиллагаа юм. Тийм учраас энэ талын мэдээллийг иргэд олон нийтэд таниулах
зорилгоор "Байгалиа хамгаалъя" нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион явуулж
байна. Иргэд энэ талын бага ч болтугай мэдээлэлтэй болж байгалиа хамгаалах
сэтгэхүй төрж байгаа бол бидний санаачилсан ажил үр дүнгээ өгчээ гэж дүгнэнэ.
-Танд баярлалаа.