Шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль ирэх  09 сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-05-09 15:43:14

Улсын Их Хурлаас 2015 оны 12 сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн  шинэчилсэн найруулгыг баталсан. Энэхүү хууль нь 2016 оны 09 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө. Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаатай ярилцлаа.

-Эрүүгийн хуулийг шинэчлэн өөрчлөх нийгэм, эдийн засгийн эрх зүйн үндэслэлийн талаар тайлбарлана уу?

-Манай улсад нийгэм эдийн засгийн харилцаа эрчимтэй хөгжиж, хүмүүсийн ахуй амьдралд гарч буй эерэг болон сөрөг өөрчлөлтүүдийг дагаад гэмт хэргийн нөхцөл байдал өөрчлөгдөж байгаатай холбогдуулан гэмт хэрэг зөрчилтэй холбоотой харилцааг зохицуулсан хуулиуд түүнийг хэрэгжүүлэх шүүх хуулийн байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг шинэчлэх, Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан үнэт зүйлс, түүний дотор хүний эрх эрх чөлөө, шударга ёс, нийтийн эрх ашгийг бодитой, үр нөлөөтэй хамгаалах шаардлагын үүднээс эрүүгийн хуулийг шинэчлэн батлах шаардлага бий болсон байна. 

Эрүүгийн хуулийг шинэчлэн батлахдаа уламжилж, хэрэглэж ирсэн өмнөх эрүүгийн хуулиудынхаа сайн туршлага уламжлал болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ түүний дотор,  Ромын дүрмийн заалтуудад эрүүгийн хуулийг нийцүүлэх тал дээр анхаарахыг зэрэгцээ, хууль хэрэгжүүлэгч байгууллагын үйл ажиллагаа,  шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийн байдалд дүн шинжилгээ хийсэн олон удаагийн судалгааны үр дүн, эрдэмтэн судлаачид, хуульчид, иргэдийн санал, дүгнэлтүүдийг  харгалзан үзсэн байна.

-Эрүүгийн шинэ хуулийн ямар бүтэцтэй байх вэ?

- Шинээр батлагдсан Эрүүгийн хууль нь 9 бүлэг 68 зүйлтэй. Ерөнхий ангид нийтлэг үндэслэл, гэмт хэргийн тухай ойлголт, гэмт хэрэг хамтран үйлдэх, гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал, ялын зорилго, түүний төрөл, ял оногдуулах чөлөөлөх үндэслэл журам,тэнсэх, албадлагын арга  хэмжээ хэрэглэх, өсвөр насны хүнд ял оногдуулах, хуулийн этгээдэд ял оногдуулах  зэрэг ойлголт багтсан.  Эрүүгийн хуулийн тусгай анги нь 18 бүлгээс бүрдсэн.

-Эрүүгийн хууль ямар  онцлогтой юм бэ?   

-Эрүүгийн хуульд гэмт хэргийн талаарх ойлголтыг өргөн хүрээтэй болгож, хүн, нийгэм төрд учруулах хор аюулын шинж чанараас хамааруулан гэмт хэргийг зөрчлөөс /захиргааны/ үйлдлийн шинжээр нь тодорхой ялган заагласан.   

Энэхүү хууль мөрдөгдөж эхэлснээр онц аюултай гэмт хэрэгтэн, ялтай байдал гэж нэрлэн заасан, хууль зүйн үр дагавар үүсгэдэг ойлголтыг өөрчилсөн.

Давтан гэмт хэрэг үйлдсэн нэрээр ял хүндрүүлдэг байдлыг халж, гэмт хэрэг тус бүрт нь ял  оноохоор хуульчилж, урьд ял шийтгүүлсэн, ялтай байдалд байхдаа дахин гэмт хэрэг үйлдснийхээ төлөө шийтгүүлдэг практикыг халсан.

Мөн манай улс Ромын шинэ эрүүгийн дүрэмд зааснаа рцаазаар авах ялыг халах тухай гэрээнд нэгдэн орсон тул олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, шинэчлэн найруулсан эрүүгийн хуулиар цаазаар авах ялыг халж, түүний оронд бүх насаар нь хорих ял оноохоор тусгагдсан.

Эрүүгийн хууль нь гэмт хэрэг үйлдсэн хүнд шударгаар тохирох ялыг оноох зорилгыг агуулахаас гадна нийгмийн үнэт зүйлсийг гэмт халдлагаас сэргийлэн хамгаалах, үндсэн хуулиар тунхагласан хүний эрх,  эрх чөлөө зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгыг агуулсан байдаг ба ял шийтгэлийн бодлого нь нөгөөтэйгүүр энэхүү бодлогод нийцсэн байх ёстой байдаг. Ийм учраас эрүүгийн хариуцлага гэсэн хууль зүйн ойлголтыг “Ял, албадлагын арга хэмжээ” гэж нэрлэх болсон байна.

Одоогийн хуулиар хэрэглэж байгаа баривчлах ял нь үр нөлөөгүй байгааг харгалзан үзэж хорих ялыг 7 хоногоос 20 жил хүртэл хугацаатай байхаар, эсхүл бүх насаар нь хорих ял оногдуулахаар хуульчилсан.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр ба түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн, хорихялын доод хэмжээг 5 жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн, эсвэл зохион байгуулалттай гэмт  бүлгийн гишүүн гэмт хэрэг  үйлдсэн бол  шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзахгүй байхаар заасан.

Харин  5 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа ойлгож, учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэгүйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ялыг тэнсэж болно. 

-Төрийн албан тушаалтан болон авилгын эсрэг гэмт хэргийн талаар ямар заалт орсон бэ  ?

-Төрийн албан хаагч нь “албаны чиг үүрэг, бүрэн эрх,  албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлээгүйгээс өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгосон“  бол хохирлын хэмжээнээс үл хамааран гэмт хэрэгт тооцож, ял оногдуулахаар хуульчилсан.

Төрийн албан хаагч өөртөө,  эсхүл өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал олгуулах зорилгоор өөрөө эсхүл өөрийн удирдлагад ажилладаг албан тушаалтнаар дамжуулан албаны  эрх нөлөөг урвуулан ашиглаж давуу байдал олж авсан, эсхүл олгосноос бусдын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учирсан бол”  гэмт хэрэгт тооцож ял оногдуулахаар заасан.

Гадаад улсын албан тушаалтан, олон улсын байгууллагын албан тушаалтан эрхмэдлээ урвуулан ашиглавал Монгол улсын хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр болсон.

Хээл хахууль авах гэмт хэргийн сүбьект нь нийтийн албан тушаалтнаас гадна хууль, захиргааны хэм хэмжээний акт, хэлцэлээр үүрэг хүлээсэн хүн байж болохыг тодорхой болгож, хууль тогтоомж,  дүрэм журмаар тогтоосон хэмхэмжээг зөрчснөөс гадна дээрхи албан үүргээ зохих журмын дагуу хэрэгжүүлсний төлөө бусдаас мөнгө, эсхүл давуу байдал олж авсан бол хахууль авах гэмт хэрэгт тооцогдоно.

Түүнчлэн хахууль авах, өгөхөөс гадна өгөхийг шаардсан, хахууль өгөх саналыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл хахууль өгөхийг санал болгосон, амласан зэрэг үйлдэл хийснээр гэмт хэрэгт өгсөнд тооцохоор, өөрөөр хэлбэл гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байж болохыг хуульчилж өгсөн.

Төрийн албан хаагчийн хууль ёсны дагуу албан үүргээ гүйцэтгэж, үзүүлэх байсан төрийн үйлчилгээг хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд хахууль өгч авсан хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээж, ял шийтгэлээс чөлөөлөх, харин хахууль авагчийг хууль бус үйлдэл хийлгэхээр хахууль өгсөн хүнийг ялаас чөлөөлөхгүй, харин хахууль өгсөн хүнд эрх бүхий байгууллагад сайн дураараа хэргээ илчлэн ирсэн бол ял шийтгэлийг хөнгөрүүлөх нөхцөл байдалд тооцохоор заасан.

Шинэ хуульд авилга, албан тушаалын гэмт хэргийн НҮБ-аас баталсан Авилгын эсрэг Конвенцийн шаардлагад нийцүүлсэн нь Монгол улсад хариуцлагатай,  шударга төрийг бэхжүүлэхэд чухал алхам болсон.

-Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх талаар ?

-Мөн шинээр орсон нэг чухал  зохицуулалт бол  яллагдагчийг шүүхэд шилжүүлэхээс өмнө гэм буруугаа хүлээж, хохирлоо нөхөн төлсөн, эсхүл хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн хүнийг үйлдсэн гэмт хэргээс  нь хамааран ялаас чөлөөлөх, эсхүл ялыг хуульд зааснаар хөнгөрүүлж оногдуулж болохыг хуульчилсан. Ингэснээр гэм буруугаа хүлээсэн хүнд холбогдох хэргийг шүүх хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой.

-Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар ямар заалт байгаа вэ?

-Өмнөх Эрүүгийн хуульд байсан хариуцлага болон Захиргааны хариуцлагын тухай хууль, холбогдох бусад 210 гариу хуульд заасан захиргааны зөрчил, түүнд оногдуулах захиргааны хариуцлагыг тодорхойлсон хэм хэмжээ нь ялгамжтай бөгөөд захиргааны хариуцлага ногдуулахтай холбоотой хууль, эрх зүйн зохицуулалт давхардал, зөрчилтэй байсныг Зөрчлийн тухай хуулиар төрөлжүүлэн нэгтгэж, нэгдсэн стандартад оруулсан. Өөрөөр хэлбэл дээрхи 210 гариу хууль дахь хариуцлагын заалтуудыг нэгтгэн Зөрчлийн тухай хуулийг батлан гаргасан байна.

А.Бямбасүрэн

 

Related news