Шагайн спортын аймгийн аваргууд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-05-10 10:37:16

Сэлэнгэ аймгийн шагайн холбооноос аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа. 

Энэ удаагийн тэмцээнд Сэлэнгэ аймгаас төрөн гарсан Монгол Улсын үлэмж дархан мэргэн 8, дархан мэргэн тамирчид оролцсон нь тэмцээнийг хэр өндөр чансаатай явагдаж буйг харуулсан байна. Уг тэмцээнд нийт 11 сумын 200 гаруй харваачид оролцсоноос Монгол Улсын үлэмж дархан мэргэн Т.Гантулга ахлагчтай Сүхбаатар сумын баг тэргүүлж, Б.Батчулуун ахлагчтай Зүүнбүрэн, Ц.Болдбаатар ахлагчтай Орхонтуул сумдын баг удаалжээ.

Шагайн спорт нь нүдний харааг сайжруулахаас гадна тамирчдад эрүүл мэнд, сэтгэл зүйн чадвар олгох, тэвчээртэй, ухаантай, ахмадаа хүндэлдэг, эрэмбэ дараа гэдэг зүйлийг ойлгуулж өгдөгөөрөө ач холбогдолтой аж. Мөн уламжлал болсон энэхүү спортыг залуу хойч үедээ өвлөн үлдээх зорилгоор аймгийн шагайн холбооноос олон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн байна. Энэ удаагийн тэмцээнд хамгийн залуу нь 11 настай, хамгийн ахмад харваач нь 72 настай байв. “Шагайн харваачид залуужиж байгаа нь олзуурхууштай. Сумдуудаас олон баг иржээ. Манай аймгийн шагайн холбоо маш олон уралдаан тэмцээнийг зохион байгуулж, энэ спортыг хөгжүүлэхэд, хойч үедээ өвлөн үлдээхэд ихээхэн үүрэгтэй ажиллаж байгаад баяртай байна” хэмээн Монгол Улсын үлэмж мэргэн харваач Д.Пүрвээ хэллээ.

Мөн тэмцээний ганцаарчилсан харваанд Сайхан сумын харваач Батбаатар тэргүүлжээ. 

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Related news