XIV их наадмын медальтан бүр мөнгөн шагналтай

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-05-10 11:06:09

Монголын бүх ард түмний спортын XIV их наадмын багийн төрөлд алтан медаль 1,5 сая, мөнгөн медаль 1 сая, хүрэл медаль 500 мянган төгрөгийн мөнгөн шагналыг медаль хүртсэн багийн тамирчин бүрт олгоно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн багийн спортыг дэмжих зорилгоор Засгийн газарт чиглэл өгөх тухай 141 зарлигийн хүрээнд багийн спортод медаль хүртсэн тамирчин тус бүрт Засгийн газрын мөнгөн шагналыг тэмцээний протоколыг үндэслэн анх удаа 100 хувь олгохоор шийдвэрлэсэн юм.

Өчигдөр тус наадмын волейболын тэмцээний нээлт Спортын төв ордны “А” зааланд болох үеэр энэ талаар албан ёсоор мэдээллээ. Энэхүү үйл ажиллагаанд МБАТС-ын XIV их наадмын Зохион байгуулах хорооны дарга, ЭМСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, МВХ-ны “Хүндэт Ерөнхийлөгч” С.Ламбаа, МВХ-ны Ерөнхийлөгч, Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан Ц.Баярбаатар, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, Ардын багш Ц.Дамдин, МВХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Энхтүвшин, ЗБХ-ны дэд дарга, ЭМСЯ-ны НБТСБХЗХ-ны Х.Бакытжан, БТСХТ-ийн дарга, Д.Жаргалсайхан нарын албаны хүмүүс болон үе үеийн тамирчид оролцлоо.

МБАТС-ын XIV их наадмыг орон даяар өвлийн хоёр, зуны 16, пара спортын хоёр төрлөөр зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар спортын есөн төрлийн тэмцээнд 129 байгууллагын 1332 тамирчин оролцож, 126 багц медалийн эзэд тодроод байгаа юм.

Д.Өлзий

Related news