Энэтхэг Улс эрүүл мэндийн визээ цахим хэлбэрт шилжүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
mn_tuul@montsame.mn
2016-05-10 17:40:03

Харь газарт суугаа хүн бүр “Өнчин зүрх дэрэн дээр, өлөн нүд даваан дээр” гэдэгчлэн хараа, санаа нь байнга эх нутгийн зүгт чиглэнэ. Нутгийн сонинг сонсч урамшина, бүтэл багатай зүйл дуулдахад шанална. Нутагт маань элэгний хатуурал, түүнээс  үүдэлтэй  хорт хавдрын өвчлөл, эндэгдэл нэмэгдсэн харамсалтай мэдээ сүүлийн үед сонсогдох болов.

Эрүүлийг хамгаалах салбарын эмч мэргэжилтнүүд мэдлэг чадвараа базааж, шинээр баг хамтлаг үүсгэн элгийг шилжүүлэн суулгадаг болсон, олон нийтийн анхаарлыг үүнд чиглүүлэхээр Сан байгуулж, аян  өрнүүлэн, аюулт энэхүү өвчнийг анагаахын сацуу урьдчилан сэргийлэх, эрүүл аж төрөхийн чухлыг  хүүхэд залууст таниулж байгааг ч дууллаа.

Миний ажиллаж буй Энэтхэг орон хүн ам ихтэй, шийдвэрлэвэл зохих асуудал  мундахгүй, түүний дотор ДЭМБ мэдээлсэнээр элэгний С вирустэй 12 сая хүн байдаг  гэхийн учир энэ бэрхшээлийг хэрхэн  даван туулж байгааг тандаж сонирхов.

Энэтхэг улс эрүүл мэнд, эмнэлгийн жуулчлалыг хөхиүлэн дэмжихээр энэ ангиллын визийг цахим хэлбэрт шилжүүлж, хугацааг нь сунгахаар шийдвэрлэснийг хэвлэлүүд мэдээлж байна.

Эрүүл мэнд, эмнэлгийн аялал жуулчлалд  өвдөг, түнхний үеүдийг солих, элэг, бөөр, зүрх  гэхчлэн эрхтэн шилжүүлэх, нүдний болон гоо сайхны  мэс хагалбар, маш нарийн шинжилгээ оношлогоо хийлгэх, үргүйдлээс эхлээд цус, зүрх судас, нурууны өвчнүүдийг эмчлүүлэх, шүд, нүд, үс тулах эрхтэн суулгах хүртэл эмнэлгийн олон төрлийн тусламж үйлчилгээг зорьсон хүмүүс хамрагдана. Хол ойрын аялагчид Энэтхэгийн урлаг, соёлыг шимтэн сонирхохын хажуугаар олон төрлийн эрдсийн найрлагатай болон  халуун рашаан, сувилалуудыг зорьдог аж.

Эрүүл мэнд, эмнэлгийн зориулалттай виз хилээр анх орсоноос хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй, сунгуулах тохиолдолд тус улсад хүлээн зөвшөөрөгдсөн гурав дахь шатлалын эмнэлгийн магадлагааг үндэслэн тухайн мужийн засгийн газарт ханддаг. Нэг жил хүртэл  хугацаатай энэхүү сунгалтыг төв засгийн газар нэмж  сунгадаг байна.

Дурдсан шинэ журам хэрэгжсэнээр эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээ хүссэн дэлхийн 150 гаруй орны иргэд визийн өргөдлийг өөрсдийн оронд магадлан итгэмжлэгдсэн эмнэлүүдийн зөвлөмжийн хамт цахимаар илгээж, хилийн шалган нэвтрүүлэх цэг дээр ирсэн үедээ хурууны хээ  гэх мэт биометрик  өгөгдлийг өгнө. Чингэхэд хүнд өвчтөн хүнийг хилийн шалган нэвтрүүлэх цэгт удаан  хүлээлгүй шуурхай үйлчлэх боломжийг ч бүрдүүлнэ гэнэ.

Эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаар Энэтхэгийг зориход өнөөгийн байдлаар Элчин сайдын яаманд нь хандаж хүсэлт тавиад долоо хоног,  магадгүй сар  хүлээхээс гадна виз хүсэгч  өөрийн биеэр  хүрэлцэн очих, хүлээн авч эмчилнэ гэдгийг энэтхэгийн  аль нэгэн эмнэлгээс бичгээр нотлуулах шаардлага  тавигддаг.

Тэгвэл визийн шинэ журмаар жуулчдад хил дээр нь виз олгодог Зүүн өмнөд Азийн Тайланд, Малайз, Сингапур болон АНЭУ-ын  жишигт хүрэхээс гадна  цаг улирлаас хамааралгүй, байнгын үйл ажиллагаатай энэ салбарын орлого ихээхэн нэмэгдэх аж. Энэтхэг улс 2015 оны эцсийн байдлаар эрүүл мэнд, эмнэлгийн 3.2 сая жуулчныг хүлээн авч 2 тэрбум ам долларын орлого олсон  явдал  эмнэлгүүдийн  нь эмчилгээ үйлчилгээ  шуурхай, чанар сайтай, үнэ хямд, хүлээж саатдаггүйтэй холбоотой. Дашрамд дурдахад өрнөдийн өндөр хөгжилтэй улсуудад мэдлэг чадвар, дадлага туршлагаараа өндөр үнэлэгддэг энэтхэг эмч, эмнэлгийн ажилтнууд бүгд шахам л эх нутагтаа боловсрол эзэмшиж  нарийн мэргэшсэн байдаг.

Орчин цагийн европ зүгийн эмчилгээнээс гадна аюурведи, сидха, панчакарма, юнани, иог, байгалийн гаралтай ургамлын зэрэг уламжлалт эмчилгээний төрлүүдийн эрэлт   өсөн нэмэгдэж байна. Афганистан, Бутан, Бангладеш, Мальдив зэрэг өмнөд Азийнхнаас гадна Австрали, Канад,Турк, Англи, АНУ, Европын иргэд ч эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар Энэтхэгийг, түүний дотор Тамилнаду, Керала, Карнатака, Андра прадеш, Махараштра, Делийг зориод ирж байна. Керала муж аюурведи, кайрали иллэгээр, Уттарканд муж иога, бясалгалаар, Гоа муж холистик эмчилгээ, Ражастан муж рашаан  эмчилгээний чиглэлээр нэрд гарсан. Нийслэл Шинэ Дели хот  л гэхэд Аппола, Меданитис, Жай Пракаш,  Макс, Фортис, БЛК, Артемис, Муллчанд эмнэлгүүд  бусад улсын иргэдийг  хүлээн авч үйлчилж байна.

Ойрын жилүүдэд жил тутам 10 хувь нэмэгдэх, хамгийн түргэн өсөж буй салбарын нэгэнд тооцогдож байгаа эрүүл мэнд, эмнэлгийн жуулчлалаас тус улс өдгөө жилд 3 тэрбум ам долларын орлого олдог бөгөөд 2020  онд энэ үзүүлэлт даруй 8 тэрбум  ам долларыг давна гэж энэтхэгчүүд  тооцож байна.  

Энэтхэг улс эмнэлгүүдэд зээл олгож татварын хөнгөлөлтөд хамруулах, эмнэлгийн тоног төхөөрөмжийн импортын татварыг багасгаж, анагаахын мэргэжлийн холбоодыг дэмжин сургалт семинарийг  олноор зохион байгуулж байна. Тэрчлэн, хөхний болон умайн хүзүүний хорт хавдар, чихрийн шижин, зүрх судасны өвчин, цус харвалтыг хянах, урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, улмаар ДОХ-ын эсрэг вакциныг турших, хорт хавдарыг илрүүлэх үзлэгийг  өргөжүүлэх, хорт хавдарын эсрэг эмүүд, түүний дотор С вирусын  халдварт шар өвчнийг анагаах  sofosbuvir, ledispavir, daclatasvir  зэрэг эмийг  нэмэлт сорилт шалгалтаас чөлөөлөх замаар эмчилгээний хүртээмж, өртөгийг бууруулдаг юм байна.

Найдвартай оношлогоо, чанартай эмчилгээ, хямд үнэтэй рашаан сувилал, гоо сайхны үйлчилгээ хүссэн монголчууд олон тоогоор зорчдог Европ, Австрали, Япон, БНСУ, Тайланд улстай харьцуулахад англи хэлээр чөлөөтэй  ойлголцдогоос гадна элдэв хүндрэлгүй, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж  сайн,  үнэ төлбөрийн хувьд хямд  хэмээн Энэтхэгийг зорьдог болоод байна.

Монгол улсаас Энэтхэг улсад суугаа Элчин сайдын яам эмнэлгийн тусламж үйлчилгээ  хүсэж тус улсад ирсэн иргэддээ  энэ чиглэлийн мэдээллээр хангах, хэлмэрч,  орчуулагч олж өгөх,  эмнэлгүүдтэй харилцахад  болон нотриатын үйлчилгээ үзүүлэх зэргээр туслахыг чармайж байна.

Үүний зэрэгцээ  Энэтхэгийн эмнэлгүүдийг өөрийн орны гуравдагч шатлалын эмнэлгүүдтэй холбох, эмч нараа давтан сургах, чанар сайтай эм, эмнэлгийн хэрэгслийг хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлэх, хоёр орны агаарын тээврийн компаниуд тийзээ харилцан зөвшөөрөх, арилжааны банкууд төлбөр тооцоог түргэн шуурхай гүйцэтгэдэг болгохыг зорьж байна.

Цаашдаа төрийн өмчит эмнэлгүүдийг менежмэнтийн хувьчлалд хамруулах, эмчилгээний шинэ арга, дэвшилтэт технологийг нэвтрүүлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Хорт хавдарын эсрэг олон улсын холбоо зэрэг байгууллага болон бусад улсаас зөвлөх урьж арга туршлага судлах, эрүүл мэндийн салбарын санхүүжилт, даатгалын тогтолцоог  боловсронгуй болон сайжруулахад техникийн туслалцаа авах хөтөлбөр хэрэгжүүлэхэд болохгүй зүйлгүй мэт санагдана.

 

Элчин сайд Г. Ганболд /Шинэ Дели хот/

Related news