Жүдочид бүтэн багаараа Рио-г зориход 2 эрх дутуу байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТМанай улсын жүдочид олимпийн наадамд хүчээ сорих 14 жингээс өнөөдрийн байдлаар 12-т нь эрхээ аваад байна.
Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ноос дэлхийн чансааг шинэчлэн гаргасан энэ сарын 9-ний байдлаар гавьяат тамирчин Г.Болдбаатар 2071 оноогоор тэргүүн байрт дахин шалгарлаа. Бакугийн Их дуулгын өмнө 5-д байсан бол тус тэмцээнд түрүүлж 500 оноо авснаар ийнхүү тэргүүлж эхэллээ. Мөн 48 кг-д гавьяат М.Уранцэцэг 3134 оноогоор, 57 кг-д гавьяат тамирчин Д.Сумъяа 2751 оноогоор чансааг тэргүүлж байгаа юм.
Олимпийн эрхийн оноог хаахад 2 тэмцээн үлдээд байгаа бөгөөд ирэх долоо хоногт болох Алматагийн Гран при болон энэ сарын 27-нд Мексикт болох Дэлхийн мастеруудын тэмцээнд түрүүлсэн тамирчид 700 оноо өвөртлөж чансаагаа ахиулна. Тус 2 тэмцээнээс 2 эрх авахад л эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа “Рио-2016” олимпийн наадамд оролцох юм.
Д.Өлзий