Уйгар залуу кино үзсэнийхээ төлөө 7 жил шоронд хоригдоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-05-11 15:52:31

БЭЭЖИН. /Washingtonpost/. БНХАУ-ын Шинжаан Уйгарын Өөртөө засах орны эрх баригчид нэгэн уйгар залууд улс төрийн хувьд "эмзэг" сэдэвтэй кино үзсэнийх нь төлөө долоон жилийн хорих ял оноожээ.

“Radio Free Asia” мэдээлснээр, Шинжаан Уйгарын Аксу аймгийн  харьяат Ели Ясин гэдэг залуу лалын шашинтнуудын шилжилт хөдөлгөөний тухай кино үзсэн бөгөөд үүний сацуу лалын ариун дайнд нэгдэхээр хил давахаар төлөвлөж байсан байж магадгүй гэж албаны хүмүүс мэдэгдсэн байна. Уйгарууд бол түрэг үндэстний лалын шашинт цөөнх үндэстэн бөгөөд Шинжаан Уйгарын хүн амын дийлэнхийг бүрдүүлдэг аж.

Тэд Хятадын эрх баригчдын явуулж буй ялгаварлан гадуурхах, хавчих бодлогыг байнга эсэргүүцэн шүүмжилсээр иржээ.

Ясин болон түүний гэр бүлийнхний үзсэн киноны талаар ямар нэг мэдээлэл байхгүй байгаа боловч кино үзсэнээс болж тэрбээр өнгөрсөн онд баривчлагдсан гэдэг нь тодорхой болсон байна.

Д.Нямтулга

 

 

Related news