Кумамото мужид 1200 гаруй удаа газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-05-12 11:12:15

ТОКИО./TASS/. Японы баруун өмнөд нутгийн Кюшү арлын Кумамото мужид өнгөрсөн сарын 14-ний өдрөөс эхлэн их бага хэмжээний газар хөдлөлтүүд тасралтгүй болсоор байгаа билээ.

Байгалийн энэ гамшгийн уршгаар 35 мянга орчим барилга байгууламж бүрмөсөн нурсан ба зарим хэсэг нь эвдэрч сүйджээ.

Эдгээрээс гадна 39 мянган барилгад хүн анзааран харах боломжгүй цууралтууд үүссэн байж магадгүй гэж орон нутгийн захиргаа үзэж байна.

Дөрөвдүгээр сарын 14-ний өдрөөс хойших хугацаанд Кумамото мужид 1200 гаруй удаа хүмүүст мэдрэгдэхээр хэмжээний газар хөдлөлтийн чичирхийлэл болжээ. Эдгээрээс хоёр нь 7 баллын хүчтэй байсан учраас ихээхэн хөнөөл сүйтгэл дагуулсан билээ. Энэ хоёр хүчтэй чичирхийллийн үеэр газрын хөрс нурж, байшин барилга эвдрэн сүйдсэний улмаас 49 хүн амиа алдаж, 340 гаруй хүн хүндээр шархадсан бол 19 хүн архаг хууч өвчин болон стрессийн улмаас түр хоргодох байранд хүргэгдэн ирснийхээ дараа нас баржээ.

Одоогоор гамшигт өртсөн бүсээс хүмүүсийг хүлээн авч байрлуулах 250 цэг ажиллаж бөгөөд мужийн хэмжээнд 12 мянга гаруй хүн гэр орондоо буцаж очих боломжгүй болоод байна. 

Х.Сарнай

 

Related news