Хүүхдүүд японоор дуулж, бүжиглэж баяраа тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-05-15 18:22:07

Энэ сарын 15-нд Дорноговь аймгийн БСГ, Сайншанд сумын  ерөнхий боловсролын V сургууль хамтарч япон хэлний баярыг гурав дахь жилдээ тэмдэглэлээ.

Тус сургууль  япон хэлний сургалтыг гурван жилийн өмнөөс сургалтын хөтөлбөртөө нэвтрүүлж эхэлсэн бөгөөд дунд сургуулийн сурагчдад үнэ төлбөргүй, насанд хүрсэн хүмүүст сарын 25 мянган төгрөгийн төлбөртэй хичээл заадаг байна.

Япон хэлний анги нээснээс хойш нийт 700 гаруй хүүхэд хамрагдсанаас одоогийн байдлаар 350 бага ангийн сурагч, 100 гаруй ахлах ангийн сурагч  тогтмол хичээллэж байгаа гэж Япон хэлний багш Б.Саранцэцэг ярив.

Мөн говийн хүүхдүүдэд япон хэл заах талаар Шизүока-Монголын найрамдлын нийгэмлэг анх  санаачилж байсан төдийгүй онц сурсан хүүхдүүдийг жил бүр арлын улсад аялуулдаг уламжлалтай  болжээ.

Сургалтыг МУБИС төгссөн мэргэжлийн багш нар хоёр жилийн гэрээтэй заадаг аж.  Япон хэлний баяраар хүүхдүүд япон дуу дуулж, шүлэг уншин, япон үндэсний шүхэрт бүжиг бүжиглэснээс гадна монгол дууг япон хэлээр дуулж сонирхуулав.

Х.Эрдэнэбулган

 

Related news