Боржигин соёлын нэг морин хуур

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2020-11-03 15:49:41

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. 13 дугаар зууны үед Монголын уудам хээр нутгийн зүүн хойд хэсгээр нутаглаж байсан монгол аймгуудын нэг хүчирхэг овог нь Бодончараас үүдэлтэй Боржигин овог байсан хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.

Хамаг Монголыг удирдаж байсан Хабул хаанаас эхлээд дэлхийг байлдан дагуулсан хүчирхэг Их Монгол Улсыг байгуулсан боржигин овгийн Чингис хаан, түүний үр удам өнөөг хүртэл олон зуун жилийн туршид боржигин хэмээх овогт харьяалагдаж томоохон өв соёлыг буй болгосон байдаг.

Боржигин соёлын нэг морин хуурын тухай Говьсүмбэр аймгийн “Боржигон өв музей”-н эрдэм шинжилгээний ажилтан Б.Лхагвамаагийн тайлбарласнаар хүргэе. Нэг чавхдас дээр уртын дууг даган уянгалуулдаг боржигин морин хуурч, боржигин уртын дууны шуранхай давтагдашгүй соёлын өв юм. Боржигин морин  хуурыг нутгийн урчууд урлахдаа өөр өөрийн өвөрмөц хийцийг шингээн урлаж байжээ.

Нүүдлийн соёлд тохируулан иш, толгой нь салдаг, мөн чих нь солбиж, нүд нь хөдөлдөг гэх мэтчилэн хуурыг амьдчилан  бүтээж байна. Боржигин морин хуурын өргөн хялгас нь дотор талдаа хийгддэг бөгөөд утсаа солбиж тоглох боломжтойгоор урласан  байдаг нь боржигин морин хуурын нэгэн өвөрмөц хийц  юм. Мөн углуургагүй хийдэг байсан нь Боржигин өв музейд хадгалагдаж байна.

Боржигин морин хуурыг хийх хэлбэрийнх нь хувьд шанаган, тэвхэн гэж нэрлэдэг. Боржигин морин хуур нь цар, иш, толгой, татуурга гэсэн хэсгээс бүрдэнэ. Царыг ширээр хийнэ. Иш нь урт байдаг. Энэ нь боржигин уртын дууны ая, аялгуунд нийцсэн байдаг аж.

Утсаа солбиж тоглох, нэг утсан дээр тоглож болдгоороо бусад хуураас ялгарах онцлогтой. Боржигин өв соёлын голомт нутаг нь Говьсүмбэр аймгийн төв Сүмбэр сум бөгөөд хуучнаар Сэцэн хан аймгийн Боржигин хошууны нутаг эдүгээгийн Хэнтий, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр,Төв зэрэг олон аймгийн тодорхой сумдыг хамарсан томоохон хошуу байжээ.

Эл морин хуурыг Говьсүмбэр аймгийн музейд хадгалж байна. Тус аймгийн музей нь 1995 онд “Орон нутаг судлах танхим” нэртэй байгуулагдсан бөгөөд 2005 оны аймгийн ИТХ-ын тоот тогтоолоор “Боржигин өв” музей болж  өргөжин үйл ажиллагаагаа явуулж буй.

Related news