Улаанбаатар хотоос тээвэрлэлт хийж буй машинуудад журам тогтоов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-11-21 10:47:25
Дорнод /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотоос хүнс, эм тариа, эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэн ирж буй тээврийн хэрэгсэлд журам тогтоолоо.
Учир нь нийслэлээс ирж буй тээврийн хэрэгслүүд хүнс, эм тариа, эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэн явж байгаа гэсэн шалтгаантайгаар ардаа гурваас дөрвөн зорчигчтой, шаардлагад нийцэхгүй баримт бичиг бүрдүүлэн ирж, постын ажилтнуудад хүндрэл учруулж байгаа юм. Энэ талаар Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Очирпүрэв аймгийн Онцгой комисст танилцуулснаар ийн шийдвэрлэсэн байна.
Тиймээс 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн аймгийн Онцгой комиссын 59 дүгээр хуралдааны шийдвэрээр Улаанбаатар хотоос хүнс, эм тариа, эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэн ирж буй тээврийн хэрэгсэл жолоочоос гадна нэгээс илүүгүй хүнтэйгээр, бичиг баримт, зөвшөөрлөө бүрэн, үнэн зөв бүрдүүлсэн тохиолдолд Чойбалсан хотын постоор нэвтрүүлэхээр боллоо. Шаардлага хангаж тээвэрлэлт хийж байгаа иргэдийг нэвтрүүлэхдээ хүн бүрээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авна. Дээрх журам энэ сарын 21-нээс эхлэн мөрдөгдөнө гэж мэдээлэв.
Related news