Наран багийн нутаг дахь малын сэг зэмийг устгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-05-28 14:36:53

Өвөл, хаварт хорогдсон малын сэг зэм устгах ажлыг Сайнцагаан сум зохион байгуулсан байна. Ингэхдээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн нийтийг хамарсан ажлын санхүүжилтээр хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй, ажил идэвхитэй хайж байгаа иргэдийн хүчээр хийжээ.

Өнгөрсөн өвөл тус сумын Наран багийн нутагт өвөлжилт илүүтэй хүндэрч, малын хорогдол их гарсан байна. Малын сэг зэм нь байгаль орчин, мал, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх тул зуны халуунаас өрсөн энэ багийн нутаг дахь сэг зэмийг ийнхүү устгажээ.

Энэ төсөлд Хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй 7 иргэн ажилласан байна. Тэд 40 гаруй үхэр, 600 гаруй бог малын сэг зэм цуглуулж, нэг цэгт нүх ухаж булжээ. Энэ мэтээр сум бүр нийтийг хамарсан ажлын төсөл боловсруулж, үүндээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрөөс санхүүжилт авч байгаа юм.

15 сумын хэрэгжүүлэх төсөлд нийт 350 иргэн түр ажлын байраар хангагдаж, тэдний хөдөлмөрийн хөлсөнд 92 сая төгрөг зарцуулна гэж Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн Ц. Оюун- Эрдэнэ хэллээ.

Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад нийтийг хамарсан ажлын санхүүжилт 4 сая гаруйгаар нэмэгдсэн ч түр ажлын байраар хангагдах иргэний тоо 100 гаруйгаар буурсан ажээ.

Т. Отгонтуяа

 

 

Related news