БНХАУ-Монгол: Иж бүрэн, тасралтгүй үргэлжлэх стратегийн түншлэл

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-11-24 15:36:44

БРЮССЕЛЬ. /Modern Diplomacy/. Монгол Улсыг Евроазийн геополитикийн үүднээс үзвэл зэвсэгт хүчин, эдийн засгийн чадавх, нутаг дэвсгэр, хүн ам зэргээрээ томоохон орнуудын тоонд багтдаг БНХАУ, ОХУ-ыг холбон оршдог онцлогтой улс юм.


2016 оны зургаадугаар сард найрсаг харилцааг бэхжүүлэх, “Бүс ба Зам” санаачилгыг амжилттай хэрэгжүүлэх эдийн засгийн харилцан солилцоог хөгжүүлэхийн тулд Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорыг танилцуулжээ. Хятадын эдийн засгийн зураглал дахь Монголын байршил Хятадын орчин үеийн санаачилгын тулгуур болно гэдгийг олон тайланд онцолж байна. Монгол Улс нь Хятадын эдийн засгийн гол түнш бөгөөд Хятадын засаг захиргаа Орос болон олон улсын бусад түншдээ нээлттэй байхын тулд Монголын газарзүй, стратегийн байршлын давуу талыг харгалзан тус улстай байнгын хамтын ажиллагаа, уялдаа холбоо тогтоохыг эрмэлзэж байна.



Монгол Улс нь байгалийн баялгийн арвин нөөцтэй юм. Тодруулбал, уул уурхайн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хүртэлх хувийг бүрдүүлж, экспортын 90 хувийг эзэлдэг боловч тус улсын эдийн засгийг Хятадынхтай харьцуулахад тийм ч сайн хөгжөөгүй юм. Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридороос Монгол Улс ихээхэн ашиг тус хүртэнэ гэдгийг эдийн засгийн зарим судалгаа харуулж байна. Монгол Улс олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны хувьд эдийн засгийн ихээхэн өсөлтийг үзүүлэх төлөвтэй байгаа нь үндэсний эдийн засагт эерэгээр нөлөөлөх юм. Монголын эдийн засаг нь Хятадын хөрөнгө оруулалтаас ихээхэн хамааралтай байдаг бөгөөд Хятадын хойд нутгийн Өвөр Монголын өөртөө засах орон дахь хоёр томоохон боомтын тоон мэдээлэл эдийн засгийн үр өгөөж их байгааг харуулж байна. Дараах графикаас Өвөр Монголын эдийн засаг үргэлжлэн өссөөр байгаа нь харагдаж байна. Мөн төмөр замын худалдаа 2017 онд өмнөх оныхоос 16 хувиар өсөж, 11.2 сая тоннд хүрчээ. Тухайн онд Хятад-Европын төмөр замаар Эрээн хотыг /Хятад-Монголын хилийн ойролцоо оршдог Өвөр Монголын өөртөө засах орны Шилийн гол аймгийн хот бөгөөд Монголын Замын-Үүд сумтай зэргэлдээ оршдог/ дамжин 570 галт тэрэг зорчсон байна.



“Бүс ба Зам” санаачилга нь харилцан ашиг тустай, хамтын ажиллагаа бүхий энх тайван харилцаа холбоог цогцлоохыг зорьж байгаа юм. Хятад, Монгол нь эртний түүхтэй, өргөн уудам газар нутгаар хиллэдэг орнууд бөгөөд хэзээ ч зогсож байгаагүй эдийн засгийн хамтын ажиллагаатай юм. Монголын газарзүйн стратегийн байршил нь тус улсыг Хятадын шинэ Торгоны замын хувьд эн тэргүүнд байхад нөлөөлж байгаагийн зэрэгцээ Хятадад шаардлагатай байгалийн баялаг, мал аж ахуйн нөөцтэй билээ.


Монголчууд моринд хайртай ард түмэн бөгөөд тус улс нь олон тооны адуун сүрэгтэйгээрээ алдартай. Морьгүй монголчууд бол далавчгүй шувуудтай ижил. Дэлхий дахин даяаршиж, хөрш Хятад улсын эдийн засаг асар хурдацтай хөгжиж байгаагаас гадна хүйтэн цаг уур, газарзүйн хүнд хэцүү нөхцөлийг үл харгалзан монголчууд өөрсдийн уламжлалаа гээгээгүй бөгөөд Монгол ахуй өнөөг хүртэл оршин тогтносоор байна. Монголын малчид адуу, тэмээ, үхрээ маллан сүү, мах, ноосных нь ашиг шимийг хүртэн амьдардаг. Жишээлбэл, Хятадад цар тахал дэгдэх үед Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсад 30 мянган толгой хонь бэлэглэсэн нь "хонины дипломат ажиллагаа" хэмээн олонд танигдсан юм. Энэхүү санаачилга нь монголчууд хятадуудад эерэгээр хандаж байгааг хийгээд нээлттэй бодлогыг илүү их хөгжүүлэх эрмэлзэлтэй байгааг илтгэжээ. Дараах графикаас Хятад нь махны томоохон импортлогч болохыг, Хятадын махны эрэлт байнга өсөж байгааг харж болно. Энэ нь Монгол Улсын хувьд Хятадын зах зээл рүү махны экспортоо нэмэгдүүлэх томоохон боломж болох юм.



Монгол Улс хөгжил цэцэглэлтийн үе шатуудыг туулж өнгөрүүлснийг тус улсын түүхэн баримт бичгүүд илтгэдэг. Чингис хаан /1162-1227/ олон орныг эзлэн нутаг дэвсгэрээ өргөжүүлж байснаас үзэхэд Монгол Улс нь эрх мэдэл, засаглалын сайн үлгэр жишээ байж ч магадгүй юм. Түүнийг монголчууд түүхэн удирдагч, улсынхаа баатар, үндэсний бэлгэ тэмдэг гэж үздэг байна. Монголчууд хүйтэн цаг уур, газарзүйн хүнд нөхцөлөө үл харгалзан газар нутгаа орхиогүй нь тэд байгаль дэлхийтэйгээ гүн гүнзгий холбоотой болохыг харуулж байгаа юм. Өргөн уудам нутаг дэвсгэртэй, цөөн хүн амтай Монгол Улс нь Орос, Хятадын төлөөлөгчдийн уулздаг газар, Хятадын эдийн засгийн өргөжин тэлэлтийн хувьд стратегийн төв болжээ. Иймээс Хятадын засаг захиргаа Монголтой түншлэлийн харилцаагаа зогсоох боломжгүй юм.


Монголын эдийн засаг мал аж ахуйгаас ихээхэн хамааралтай бөгөөд Зөвлөлтийн үеэс хойш бэлчээрийн тоо нэмэгдсэн нь ард иргэдэд эзэмших эрхийг шилжүүлсэнтэй холбоотой байна. Гэсэн хэдий ч Засгийн газар өдийг хүртэл иргэдээ бүх үйлчилгээгээр хангаж чадаагүй ажээ. “Засгийн газар малчдад боловсрол, эрүүл мэнд болон мал эмнэлгийн үйлчилгээний талаар сурталчлан таниулж чадаагүй тул хөдөө орон нутагт үлдэх хөшүүрэг байхгүй болсон” гэж Монголын нийслэл Улаанбаатар хот дахь Байгаль орчны судалгааны хүрээлэнгийн ажилтан Сарол Хуаду хэлжээ. Хөдөө орон нутагт нэг их ач холбогдол өгөхгүй байх бодлого нь олон иргэнийг нийслэл рүү нүүж, мөнгө, бизнесийн зах зээлд оролцоход хүргэх ажээ.


Харамсалтай нь, Монголын Засгийн газар алслагдсан нутагт амьдардаг иргэдийг дэмжих чиглэлд нухацтай ажиллахгүй байна. Тэнд амьдралын нөхцөл тааруу, зээлийн хүү өндөр байгаагаас гадна оршин суугчдын бизнест цаг уурын нөхцөл нэрмээс болж байна. Ядуу, хөдөө орон нутгийн иргэдэд туслахын тулд үндэсний Засгийн газрууд, хүмүүнлэгийн, хөгжлийн, шинжлэх ухааны түншүүдтэй хамтран НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага эрсдэлийн мэдээллийн системийг хянах замаар эрт анхааруулах аргыг боловсруулжээ. Мөн олон улсын байгууллагууд Монгол дахь хүмүүнлэг, нийгмийн байнгын тусламжийн газруудад хувь нэмрээ оруулдаг байна.


“Монголын Талын зам хөтөлбөр”-өөр дамжуулан хэрэгжүүлж буй Монголын стратегийн бодлого нь Монгол, Хятад, Оросыг холбосон зам болох “Бүс ба Зам” санаачилгатай ихээхэн уялдаж байгаа юм. Тиймээс хөдөө аж ахуйн салбараас ихээхэн хамааралтай Монгол Улс Хятад, Оросын эдийн засгийн харилцааны төв болж, эдийн засгийн өндөр хөгжилд хүрэх боломжтой байна. “Талын зам” хөтөлбөр нь Монголын эдийн засгийг хурдацтай хөгжүүлж, Хятад, Оросын харилцаа холбооны дэд бүтцийн дэвшилтэт сүлжээг бий болгож, нефть, хийн хоолойг байгуулах зорилготой юм. 2014 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад хийсэн түүхэн айлчлалынхаа үеэр хоёр орны харилцааг “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд” хүргэн ахиулсан юм. Түүнээс хойш хоёр талын хамтын ажиллагаа хурдацтай урагшилж эхэлжээ.


Монгол нь Ази, Европыг холбох гүүр болох стратегийн байршилтай тул БНХАУ тус улсыг хэзээ ч орхигдуулахгүй бөгөөд Монголын хөдөө аж ахуйн салбар нь Хятадад ихээхэн ач холбогдолтой. Мөн “Бүс ба Зам” санаачилгын чухал хэсэг, Хятад-Оросын хамтын ажиллагааны гол бүрэлдэхүүн болсон Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорыг дурдахгүй орхиж болохгүй.


Өнөөдөр Хятад, Монголын харилцаа нь хөрш орнуудын хоёр талын харилцааны үлгэр жишээ болж байна. Хятад, Монголын ард түмний соёл, эдийн засаг, улс төр, аялал жуулчлалын харилцаа үргэлжлэн хөгжсөөр байгаагийн сацуу “Бүс ба Зам” санаачилга энэхүү харилцааг улам урагшлуулна. Мөн хятадууд хөгжсөн дэд бүтцийн сүлжээгээр дамжуулан чөлөөт худалдааны бүс, эдийн засгийн холбоог нэмэгдүүлэхийг эрмэлзэж байна. БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хот дахь Төв Хятадын багшийн их сургуулийн Улс төр, олон улс судлалын сургуулийн докторант Мохамад Зрейк энэхүү нийтлэлийг бичжээ. 

Related news