Шаардлагатай тохиолдолд дотуур байруудыг тусгаарлах байр болгох чиглэл өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-12-18 11:28:57

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Онцгой комиссоос сумдын Засаг дарга нартай холбогдож, шаардлагатай тохиолдолд сургуулийн дотуур байруудыг тусгаарлах байр болгох чиглэл өглөө.

Түүнчлэн "Ковид-19" халдвараас гадна эмнэлгийн үндсэн тусламж үйлчилгээг орхигдуулахгүй байх тал дээр анхаарч ажиллах, Улаанбаатар хот болон бусад аймаг, сумаас ирсэн иргэдэд хяналт ажиглалтыг сайн тавих, гэрийн тусгаарлалтын хугацаа нь дууссан иргэдийн давтан шинжилгээг сайтар зохион байгуулахыг үүрэгдсэн байна. Энэ сарын нэгний өдрөөс хойш Дорнод аймагт нийт 5433 иргэн ирснээс өнөөдрийн байдлаар 2500 нь аймгийн төвд, 1440 иргэн хөдөө сумдад гэртээ тусгаарлагдаж, хоёр дахь удаагийн шинжилгээнд шат дараатай хамрагдаж байгаа аж.  

Мөн дээрх цахим хурлаар 0,5 л-ээс доош савлагаатай согтууруулах ундааг 14 хоногийн хугацаатайгаар түр худалдаалах захирамж гарсантай холбоотойгоор ААН-үүдэд тавих хяналтыг чангатгах, Хилийн бүсийн сумдын Засаг дарга нар Эрээнцав, Баянхошуу боомтын үйл ажиллагаа болон халдвар, хамгаалалтад онцгой анхаарал хандуулах, Малын шилжилт хөдөлгөөнийг зохицуулах Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 43 дугаар журмыг чанд мөрдүүлэх, тус журам, түүнтэй холбоотой хуулийг малчдад бүрэн мэдээлж, хүргэх, ирэх оны төсөв, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг оновчтой зөв зохион байгуулах зэрэг үүрэг, чиглэлийг өгсөн байна.

Related news