Хот хоорондын тээврийг түр зогсоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-12-18 11:56:57

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Авто тээврийн төв өнөөдрөөс эхлэн хот хоорондын тээврийг түр зогсоож байна гэж мэдээллээ. Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 156 дугаар тушаалаар батлагдсан “Хот хоорондын зорчигч тээвэрлэлтийг зохион байгуулах түр журам”-ын 2.7-д “Ковид-19" вирусний нөхцөл байдлыг хянах үүднээс 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл коронавируст халдварын PCR шинжилгээний хариутай, хүндэтгэн үзэх шалтгаантай буюу эрүүл мэнд, албан томилолт, буяны ажилтай иргэд болон зайлшгүй шаардлагатай ачаа тээврийн хэрэгслийн жолооч нараас бусад иргэдийн Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлана” гэж заасан юм.

Мөн 2.9-т “Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчихоор PCR шинжилгээ өгсөн боловч зорчиж амжаагүй байгаа иргэдэд 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 06:00 цагаас 18-ны өдрийн 06:00 цаг хүртэл дөрөв хоногийн хугацаанд зорчих боломжийг олгож, тээвэрлэлтийг зохион байгуулах” гэж заасны дагуу хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг зохион байгуулан ажиллаж байна гэлээ. Тиймээс хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг 24-ний өдрийг хүртэл түр зогсоох болсон байна.

Related news