Шүүхийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан залуус санал бодлоо илэрхийлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2021-01-09 13:11:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардчилсан нийгэмд шударга шүүхээр шүүлгэх эрхээ хүн бүр эдлэх эрхтэй. Энэ өдрүүдэд Шүүхийн тухай  хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Энэ мөчид анхаарал хандуулах нь иргэний оролцоо төдийгүй  бас нэг  иргэний  үүрэг  юм. Мэргэжлийн хуульч биш ч, Шүүхийн тухай хуулийн талаар цахим орчинд идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлж байгаа иргэдийн төлөөлөл дөрвөн залуутай иргэний оролцооны талаар  ярилцлаа.


- Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө, өөрсдийгөө танилцуулна уу.


Намайг Б.Батчимэг гэдэг. Одоо хувийн байгууллагад ажилладаг. Сургуулиа төгсөөд л нийгмийн салбарт ажлын  гараагаа эхэлснийг ч хэлэх үү нийгмийн асуудалд болон төрөөс гаргасан шийдвэрт нэлээн нухацтай хандаж ирсэн.


Намайг Г.Амарбаясгалан гэдэг. Одоогоор эрхэлсэн ажилгүй байгаа. Өөрийнхөө хэмжээнд хүний эрхийн асуудалд анхаарч,  аливаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд оролцох, бусдыг оролцоход нь уриалан дуудах, тийм нэг нийгмийн идэвх надад байдаг юм  шиг байгаа юм.


Намайг А.Амарзаяа гэдэг. “Бодлогод залуусын хяналт” ТББ-д ажилладаг. Манай байгууллага бодлогын түвшинд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилготой. Энэ ч  утгаараа Үндсэн хууль болон Шүүхийн тухай хууль, Боловсролын тухай хуульд анхаарал хандуулаад явж байгаа. Энэ удаад цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан Шүүхийн тухай хуульд иргэний нийгмийн залуучууд болон бусад залуучуудын оролцоо, дуу хоолойг хангах зорилгоор хамтран ажиллаад явж байна.


Намайг  Г.Чинзориг гэдэг.  Нийгмийн ажилтан мэргэжилтэй, хүний эрхийн активист. Бусдын ялгаатай байдлыг хүндэтгэдэг. Хүний эрхэд ээлтэй, хүн бүрийн эрхэм чанар, шударга ёсыг дээдэлдэг улс болоосой гэж мөрөөддөг.


- Та бүхний бодлоор, бид яагаад улстөрд оролцох, энэ институцийн  хийж байгаа үйл ажиллагааг сонирхох хэрэгтэй вэ?


- Г.Амарбаясгалан: Миний бодлоор амьдарч буй орчноо, өөртөө хамааралтай бүхнээ одоо байгаагаасаа улам илүү сайхан болгохын тулд  улстөрийн институцээс гарч байгаа шийдвэрийг анхаарч, оролцох шаардлагатай юм болов уу гэж бодож байна.


- Б.Батчимэг: Бидний асуудал, бидний оролцоогүйгээр шийдэгдэхгүй гэдэг үг байдаг. Миний хувьд ирээдүйд өөрийнхөө өмнө,  үр хүүхдийнхээ өмнө харамсахгүй байхын тулд одоо боломж олдсон дээр нь тултал нь ашиглаж, тултал нь өөрчлөх хэрэгтэй гэж боддог. Энэ ч утгаараа идэвхтэй оролцоотой байдаг.  Улстөрийн институцээс гаргаж байгаа шийдвэрт одоо л анхаарлаа хандуулж, оролцохгүй юм бол  нөгөө гаргасан шийдвэр нь  амьдрал дээр хэрэгжихээр  бидний ирээдүйд  ямар нэгэн байдлаар эерэг эсхүл сөргөөр нөлөөлнө.   


- А.Амарзаяа: “Чи  улстөрийг сонирхохгүй байсан ч, улс төр чамаар оролдоно” гэдэг үг байдаг шүү дээ. Ер нь оролцохгүй, сонирхохгүй байж болно л доо. Тэр бол хувь хүний сонголт. Ихэнхдээ улс төрийн сэдвийг томчуудын ярьдаг сэдэв гээд өөрөөсөө холдуулах залуус цөөнгүй. Залуу насандаа сонирхохгүй явж байгаад өөрөө яг тав, арван жилийн дараа,  юм ойлгодог, боддог болсон үедээ ч гэх юм уу даа.  “Өө тэр үед оролцдог байж” гэж харамсдаг ч гэдэг юм уу. Оролцох боломжтой байснаа мэдэхгүй  өнгөрөх тохиолдлууд маш их байдаг. Тэгэхээр тэгж харамсахгүй байхын тулд залуучуудад бас ингэж оролцож болдог юм шүү гэдгийг өөрсдөөрөө үлгэрлэж байна даа бид.


-Шүүхийн тухай хуулийн анхны хэлэлцүүлэг хэдхэн өдрийн өмнө боллоо. Та нарын бодлоор энэ хууль ямар ач холбогдолтой вэ?

 

- А.Амарзаяа: Ер нь Шүүхийн тухай хуулийн төсөл өргөн баригдах үеэс эхлэн анхаарлаа хандуулж ирсэн. Энэ ярилцлагад оролцож байгаа залуучууд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үеэс л хараат бус шударга шүүх чухал болохыг дуу хоолойгоо илэрхийлсээр байсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжсэн шалтгаан гэвэл шүүхийг хараат бус болгох чиглэлд анхаарч байсан учраас дэмжсэн. Тэгээд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдаж, энэ өөрчлөлтийн хүрээнд шүүхийн тухай хуулийг хэлэлцсэн. Засгийн газар хуулийн төсөл өргөн барьсан учраас бид хуулийн төсөлтэй танилцаад,  ажлын хэсгийнхнээс мэдээлэл авч, харьцуулалт хийсэн. Одоо өөрсдийн байр суурийг илэрхийлээд явж байна.  

 

Энэ долоо хоногийн хоёр дахь өдөр болсон Хууль зүй байнгын хорооны хуралдааныг бид бүтэн өдөржин, шөнөжин ажиглаж, сонсож суусан. Ингээд сонсож байхдаа гишүүд ер нь ямар бодолтой байгааг,  аль саналыг дэмжиж, алийг нь  дэмжихгүй байна гэдгийг анхаарч үзсэн.  Шүүгчдийн нийгмийн баталгааг хангах чухал заалтуудыг гишүүд маш бүтээлчээр хэлэлцэж байна билээ. Ихэнхдээ олонх заалтыг дэмжээд явж байгаад нь талархаж байгаа. Ер нь энэ хуулийн төсөлд шүүхийг хараат бус байлгах, эрх мэдлийн хяналт, тэнцлийн тэнцвэрийг хадгалах, эрх мэдлийн төвлөрлийг сааруулах чиглэлээр их чухал сайн заалтууд багтсан  гэж үзэж байгаа.


-Г.Амарбаясгалан: Байнгын хорооны хуралдаанаас хойш, өнөөдрийн УИХ-ын чуулганыг үдээс өмнөх хүртэл үзэхэд, гишүүд шүүхийн тухай хуульд нэлээн ач холбогдол өгч, нухацтай ажиллаж байгаа нь харагдсан. Гишүүн бүр уншиж судлаад хоорондоо асуулт хариултаар мэтгэлцэж, зарчмын асуудал дээр байр сууриа илэрхийлж байсан. Гишүүд энэ хуульд ач холбогдол өгч байгаад залуу хүний хувьд маш их баяртай байгаа. Шүүхийн тухай хууль батлагдчихаасай гэж хүлээж сууна.


-Б.Батчимэг: Миний бодлоор шударга бус зүйлийг олж тогтоох, илрүүлэх ажил харьцангуй сайн явагддаг. Харин үнэн, худлыг дэнслэх үйл явц буюу шүүхийн шатанд ирэхээрээ асуудал яригддаг юм болов уу. Ингээд ирэхээрээ л  шүүхийн ил тод байдал гэдэг бол  хүн бүрийн хувьд асуултын тэмдэг болж байгаа юм шиг ээ. Шүүхийн тухай хуулийн төслийн заалтуудаас миний хамгийн олзуурхаж байгаа заалт нь шүүхийн ил тод байдалтай холбоотой заалт юм. Хоёр дахь өдөр болсон УИХ-ын чуулганаар энэ заалтын тухай ярьж эхлэнгүүт чих тавьж сонсож суулаа. Ер нь, хүн мэдэхгүй болохоороо л бүтээлч шүүмжлэл хэлж чаддаггүй юм байна. Шүүхийн ил тод байдалтай холбоотой заалтыг хувьдаа их дэмжиж байгаа.


-Г.Чинзориг: Анх бусдын л адил сайн мэддэггүй байсан. Ойлгомжгүй, тодорхойгүй санагддаг байлаа. Ингэж явж байгаад нийгмийн сайн сайхныг бүтээхийн төлөө зүтгэдэг залуучуудтай нэгдсэний ачаар бага, багаар ойлголтоо нэмэгдүүлсэн. Өнөөдөр гэхэд анх удаагаа тасралтгүй 5, 6 цаг зурагт харж суулаа. УИХ-ын гишүүд ямар үзэл бодолтой байдаг юм, хэн нь Үндсэн хуулиа хэр сайн уншсан юм, уншаагүй юм уу гэдгийг өөрийнхөө хэмжээнд дүгнэсэн.


- Улстөрийн тухай  мэдээ, мэдээллийг сонирхож, судалснаар яг одоо юу болоод байгааг ойлгож тунгаах боломж бүрдэнэ. Ер нь та бүгдийн хувьд ойролцоогоор өдөрт хэчнээн цагийг энэ төрлийн мэдээ,  мэдээлэлд зарцуулдаг вэ?


-Б.Батчимэг: Би өдрийн 8 цагийг ажилдаа, 8 цагийг унтаж, амрах, үлдсэн 8 цагийг  улстөрийн шийдвэр, нийгмийн асуудлыг сонирхоход зарцуулдаг. Бараг л үндсэн ажил юм шиг л гэх үү дээ.  Сүүлийн хоёр гурван хоног бол унтахаас бусад цагаа шүүхтэй холбоотой бүх юманд зарцуулж байна даа.


-Г.Амарбаясгалан: Өдөрт хоёр, гурван цаг зарцуулдаг.  Заримдаа УИХ-ын чуулган, хуралдааны  бичлэгийг чихэвчээр сонсоод явдаг.


-Улcтөрийн идэвх, оролцоог 1-10 хүртэлх оноогоор үнэлбэл, та өөрийгөө хэд гэж үнэлэх вэ. Мөн Монголын залуусын оролцоог хэрхэн үнэлэх вэ?


-Г.Чинзориг: Өөрийгөө  5-6 гэж үнэлэх байх аа.  Залуучуудыг би  муу гэхгүй ээ. Тэдний улстөрд итгэх итгэл, өөрийнхөө дуу хоолойг илэрхийлэх орон зай, тухайн хүний хүлээж авах  боломж нь хэр зэрэг байна вэ гэдгээс хамаарах байх л даа.


Залуучууд мэдээж оролцож байгаа. Оролцохыг эрмэлзэж байгаа. Гол нь яаж гэдгээ сайн ойлгохгүй байгаа юм шиг санагддаг. Мэдээлэл ил, тод бус байснаас ойлгомжгүй санагддаг байж болох юм.   Нийгмийн сүлжээ дэх мэдээлэл дунд залуус маш их төөрч байна.


-Б.Батчимэг: Миний улстөрийн идэвх, оролцоог тоогоор илэрхийлбэл, 8-8.5 байж магадгүй юм. Энэ талаар уншиж, судлахад нэлээн цаг хугацаа зарцуулдаг учраас ингэж дүгнэж байна. Гэхдээ яагаад 10 гэчихээгүй вэ гэхээр яг мэргэжлийн хуульчид шиг, өөрөөр хэлбэл “дотор” нь байгаа хүмүүс шиг системтэй сэтгэж чадахгүй, илэрхийлж чадахгүй байгаадаа жаахан бухимддаг. Тэгэхийн тулд заавал салбарын сургуульд нь сурах ч юмуу, одоо байгаагаасаа илүү цаг зарцуулах хэрэгтэй  болчихно. Тэр утгаараа яалт ч үгүй 1.5 оноо дутаад байгаа юм л даа.

 

Залуусын оролцооны хувьд ямар түвшинд оролцож байгаа гэдгээс залуучуудын оролцоог үнэлэх байх. Сошиал медиад өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь дийлэнх байж  магадгүй. Өнөөдрийн байдлаар, сонгуулийн дүн боляах аргагүй залуусын оролцоог бодитоор илэрхийлж байгаа жишээ юм. Миний бодлоор залуусын оролцоо өсөж яваа буюу 5.1 оноогоор дүгнэх байна.

 

-Г.Амарбаясгалан: Өөрийнхөө оролцоог 7 гэж үнэлдэг. Харин залуусын оролцооны хувьд Б.Батчимэгтэй санал нэг байна. Одоо дуу хоолойгоо бүтээлчээр илэрхийлж байгаа залуус, мөн сонгуулиа өгч байгаа залуусын ирцээс дүгнэхэд 5.1 оноо л өгч байна.


-А.Амарзаяа: Би өөрийнхөө оролцоог 8-9 хооронд үнэлж байна. Яг 10 гэхээр Б.Батчимэгийн хэлсэнчлэн хууль, шүүх гэх мэт  нарийн  механизмыг дэс дараатай барьж авч чаддаггүй. Заавал илүү их цаг, хүч зарцуулах шаардлагатай болдог учраас  оноо алдаж байна л даа.  Бусад Монголын нийт залуусыг оролцоогоор нь үнэлэх юм бол 6 орчим байх гэж бодож байна.


- Яаж оролцоогоо нэмэгдүүлэх вэ?


-Г.Амарбаясгалан: Хамгийн наад зах нь амьдарч буй орчноо сайжруулахад анхаардаг. Хорооныхоо хуралд суудаг байгаасай. Засаг даргаараа хэн хэрхэн сонгогдсоныг, ямар үүрэгтэй хүн бэ гэдгийг  мэддэг байгаасай.


-Б.Батчимэг: Хамгийн багаар оролцоогоо нэмэгдүүлье гэвэл СӨХ-өөс оршин суугчдын анхааралд гээд самбар байдаг даа. Түүнийг уншиж, анхаарахаас эхлэх юм болов уу гэж бодож байна. Арай жаахан дээд түвшинд оролцоё гэвэл мэдээлэлд ойрхон байж, олон талын байр суурийг харьцуулж уншдаг, мэдээлэл солилцдог байх хэрэгтэй. Мөн мэдээж сонгуулиа өгдөг байх нь чухал. Хэрэв цаг зав байдаг бол энэ чиглэлээр ажилладаг байгууллагын мэдээлэлтэй танилцаж, нийгмийн сүлжээгээр түгээж байгаа мэдээллийг хуваалцаж  оролцоогоо нэмэгдүүлж болох юм.  


-А.Амарзаяа:  Оролцооны олон шатлал бий. Мэдээлэл авах, хурал цуглаанд очиж суух, саналаа хэлэх, уншиж судлах,  ойлгосноо харилцан санал солилцох, зөвшилцөх, тэгээд өөрийнхөө байр суурийг илэрхийлэх, өөрөө санаачлах гээд шат дамжлагаар явдаг. Залуучуудад хандаж хэлэхэд, хүн ер нь эцсийн эцэст өөрийгөө л боддог. Иргэний нийгмийн залуус гэхээрээ л бусдын төлөө сайхан сэтгэл өвөрлөөд ажиллаад байгаадаа гол  биш, мэдээж зорилго нь бусдын төлөө байлгүй л яах вэ. Гэхдээ тэд өөрийнхөө төлөө л энэ бүхнийг хийж байгаа. Ирээдүйн өөрийнхөө төлөө л өнөөдөр дуу хоолойгоо илэрхийлж яваа юм. Зүгээр л “энэ асуудал надад хамаатай юу?” гэдэг асуултыг өөрөөсөө асуу гэж хэлмээр байна. Утга учиртай, бүтээлч шүүмж хэлэхийн тулд унш. Утгагүй, сэтгэгдэл хол явахгүй. За тэгээд үнэхээр оролцоотой иргэн баймаар байгаа бол оролцох арга зам олдож л таараа. Хүсэл байгаа газарт хөл өөрөө очдог юм.


-Г.Чинзориг: Би эргэн тойрны найз нөхөдтэйгөө ярилцаж суухад “иргэний оролцоо” гэдгийг маш хүндээр тусгаж авдаг юм шиг ээ. Ойлгох хүмүүст хэлдэг л дээ. “Эрх баригчдын гаргасан бодлого, шийдвэр чамд ямар мэдрэмж төрүүлж байна вэ?, Чамд яаж нөлөөлж байна вэ гэдгийг бодож, мэдрэмжээ дага гэдэг шиг хийж чадах боломжтой үйлдлээ хий.  Жишээлбэл,  аливаа мэдээллийг хараад гарчгийг нь уншаад л шууд сэтгэгдэл бичих үү эсхүл доторх мэдээллийг нь уншаад олон эх сурвалжаас хайж, тухайн мэдээллийн үнэн, худлыг дэнслэх үү? Бас бодох л асуудал. Энэ чинь л бодит оролцоо шүү дээ” гэж хэлдэг.  

Related news