Спорт заалуудыг хязгаартай нээх эсэх асуудлыг шийдвэрлэнэ

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2021-01-14 12:54:49

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Онцгой комиссын гуравдугаар хуралдаан энэ сарын 13-нд болж, спорт заалуудыг хязгаартай нээх эсэх талаар хэлэлцэж, ажлын баг томилохоор шийдвэрлэжээ. 


Аймгийн Онцгой комиссоос Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгээс бусад спорт заалтай найман байгууллага, аж ахуй нэгжээс санал авахад зургаан байгууллага халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ажиллах боломжтой гэж хариу ирүүлсэн байна. Тиймээс аймгийн ЭМГ, МХГ, Цагдаа, Бүсийн төв ОБГ, Хэрлэн сумын ЗДТГ-аас ажлын баг томилон, хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, дүгнэлт гарган дараагийн хурлаар эцэслэн шийдвэрлэхээр боллоо.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, АНУ-ын Техасын эм эмнэлгийн холбоо, Гамшиг судлалын хүрээлэнгийн судалгаагаар коронавирусний халдвар авах эрсдэлийг 1-9 оноогоор үнэлэхэд спорт төвд хичээллэх нь 9 оноо буюу маш их эрсдэлтэйд тооцогдож байгааг ЭМГ-ын дарга анхааруулсан юм.

Түүнчлэн ЕБС-ийн ахлах анги, зарим сургалтын төвийн танхимын сургалтыг хязгаартайгаар нээх эсэхийг мөн мэргэжлийн байгууллагуудын хяналт шалгалтын дүгнэлтэд үндэслэн шийдвэрлэнэ гэлээ.

Related news