УРЛАГ ДАГАСАН НҮҮДЭЛ

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2021-01-18 19:08:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/.

***

Контемпорари урлагт нэгдсэн “нэг” тодорхойлолт, үзэл баримтлал гэж үгүй. Учир нь орчин цагийн энэ урлаг нь ямар нэгэн “изм” биш гэсэн үг. Тиймдээ ч өнөөгийн глобалчлал, техникийн хөгжил, соёл урлаг зэрэгт хүчтэй нөлөө үзүүлдэг. Тогтсон үзэл санаа, хил хязгаарыг үл хамааран материал болон хөдөлгөөний арга барилтай хослуулан уран бүтээлч өөрийн үзэл санааг урлагаар дамжуулан илэрхийлэх болсон нь контемпорари юм. Тус урлаг нь Монголын ардчилалтай нас чацуу билээ. Ийнхүү Монголын контемпорари урлагийн төлөөлөгчдийн нэг, перформанс уран бүтээлч, “Урлах Эрдмийн Дээд сургууль”-ийн багш С.Ганзүгтэй хийсэн ярилцлагыг уншигчдадаа хүргэж байна.


Тэрээр дотооддоо төдийгүй Нидерланд, Финлянд, Герман, Итали, Тайвань, Солонгос, Хонгконг зэрэг улсуудад өөрийн бүтээлээ толилуулж байсан юм. Уран бүтээлүүд нь монгол хүний байгаль дэлхий, тэнгэр эрхэстэй холбогдох язгуур гүн ухааныг орчин үеийн урлагтай хослуулсан байдгаараа онцлогтой. Өнгөрсөн оны 11 дүгээр сард “Performance in Contemporary art” нэртэй бие даасан ес дэх үзэсгэлэнгээ гаргажээ. Уран бүтээлч С.Ганзүг нь дараагийн ажлаа хэдийн төлөвлөчихсөн бөгөөд хөл хорионы цаг үе түүнд боломжоор дүүрэн байгаа гэдгийг онцлон хэлсэн юм. Ингээд ярилцлагадаа урьж байна.


-Контемпорари урлаг Монголд нэлээдгүй дэлгэрч буй. Гэвч ихэнх хүмүүст цоо шинэ зүйл хэвээрээ л байна. Тиймээс перформанс артист буюу үйлдийн урлагийг бүтээгч гэхээр сонин байж магадгүй. Яагаад энэ чиглэлийг сонирхож бүтээл туурвих болсон вэ?


-Анх 1996 онд “Дүрслэх урлагийн дээд сургууль”-д элсэн суралцах болсон мөчөөс өөрийн хүсэл мөрөөдөл, сонирхолд хөтлөгдөн хийж бүтээхээр зорьсон. Тухайн үедээ хөдөөгөөс цүнхэлж очсон хуваарийнхаа дагуу бус дизайны чиглэлээр суралцсан. Тэр цагаас л үйлдлийн урлаг руу татагдаж эхэлсэн гэж хэлж болно. Энэ чиглэлээр уран бүтээл туурвиад 10 гаруй жил болж байна. Нэг үе хүмүүс контемпорари, перформанс гэхээр ойлгодоггүй байсан. Тиймээс өөрийгөө зураач гээд товчхон танилцуулчихдаг байлаа.


-Таныг уран бүтээлч болоход ээж тань их нөлөөлсөн гэж сонсож байсан. Ер нь хүн бүр бага насныхаа мөрөөдөлд хүрч, хүссэнээрээ уран бүтээл туурвин, ажиллаж хөдөлмөрлөж чаддаггүй шүү дээ...


-Би Завхан аймгийн Сонгино суманд, хөдөө төрж өссөн хүүхэд. Бага байхдаа бурханд залбирч “Намайг зураач болгож өгөөч" гэдэг хүүхэд байсан. Ээж минь миний хүсэл мөрөөдлийг дэмжиж, түүнийхээ эзэн байхад сургаж чиглүүлсэн. Басхүү миний зөн совин намайг энэ сайхан зүйл рүү өөрийн эрхгүй даллан дуудсаар байсан гэж боддог.


-Тэгвэл яагаад заавал үйлдлийн урлагийг сонгох болсон бэ?


-Бид буруу юм хийвэл тэрхүү үйлдлийнхээ хариуд үйлийн үрээ эдэлнэ гэж ярьцгаадаг. Хүнд хамгийн гол нь үйлдэл маш чухал гэдгийг би урлагаар дамжуулан илэрхийлэхийг зорьсоор ирсэн. Тэгэхдээ нэг чухал асуудал бий.


-Тэр нь юу юм бол?


-Өвөг дээдсийнхээ үүх түүх, ёс уламжлалыг судлаад үзэхэд тэд асар их зөв үйлийн хуримтлалыг бидэнд үлдээсэн байдаг. Тиймдээ ч бидний ёс уламжлал бусдаас ангид бөгөөд соёл нь өндөр түвшнийх байгаа юм. Энэ бүхнийг урлагаар дамжуулан илэрхийлэхэд надад үйлдэл хамгаас чухал байсан хэрэг.


Нөгөөтэйгүүр “дүрслэх” маань хөгжиж явсаар биднийг технологийн эринтэй золгуулсан. Одоо ч дүрслэх урлаг технологийн эринг бүтээсээр байгаа гэж би ойлгодог. Энэ цаг үед тухайн хүн өөрийн гэсэн жижиг буландаа хүссэн загвар, хэмжээгээр аливаа бүтээгдэхүүнийг зурсны дараа зах дээр аваачиж зүсүүлээд л тавилгаа угсардаг болчихсон. Өмнө нь бол үүнийг хийдэг тусдаа мужаан хүн байлаа. Юу хэлэх гээд байна вэ гэхээр уран зураг, дүрслэх гэдэг зүйл хүн төрөлхтний сэтгэлгээнд үргэлжид оршсоор байснаас гадна одоогийн эрин зууныг ч бүтээсээр байгааг онцлох гэсэн юм. Тиймдээ ч гадаадын өндөр хөгжилтэй орнуудад дүрслэх урлаг нь хүнд өөртөө өөрийгөө нээх боломжийг олгодог гэдгийг тодорхойлчихсон байдаг.


-Хүүхэд хэлд орохоосоо ч өмнө үзэг, харандаа бариулчихвал зураас зурж эхэлдэг шүү дээ...


-Яг үнэн. Тийм учраас л хүүхдийн боловсролд дүрслэх урлагийг бусад хичээлүүдээс илүүгээр хөшүүрэг болгож ашигладаг. Хүн болж төлөвших, хурдтай хөгжих, сэтгэн бодоход зураг сайнаар нөлөөлдөг гэдгийг тэд мэдчихсэн байгаа юм. Харин үүнтэй холбоотойгоор монгол ахуй, уламжлалт суурь соёл маань дүрслэл, орон зайн бүх дүртэй нягт уялдаатай учраас тухайн хүний мэдрэмж илүүтэйгээр хөгжихөөс гадна хүнлэг, энэрэнгүй хүн болж өсөх нөхцөл тэнд үүсдэг. Тиймээс ч үүнийг орчин үед авчрахын тулд, ялангуяа дүрслэлтэй холбоотой суурь боловсролыг багаас нь хүртээдэг. Гадныхан их дээд сургуульд орохдоо уран бүтээл туурвих гэж зорьдог. Гэтэл манайд зурж сурахын тулд их сургуульд ордог. Энд асар их ялгаа үүсэж байгаа.


Дүрслэх нь хүний хөгжлийн явцад оюун сэтгэлгээ талаас илүүтэй хөгжиж гарч ирсэн урлагийн төрөл юм. Үйлдлээр дамжуулж үзэл бодол, юмсын мөн чанарыг илэрхийлэх тийм урлаг болохоор л би сонгож авсан. 


-МОНГОЛЧУУД ЦАГИЙН ХАТУУ ЖИМИЙГ ЖАРГАЛ БОЛГОЖ ТУУЛДАГ-




-Таны уран бүтээлүүд ихэвчлэн байгаль дэлхийтэй холбогдсон байдаг. Ерөнхийдөө үйлдлийн урлаг руу аль цэг дээрээс гишгээд орчихов оо?


-Хүнд өөрийн хувь заяаны, уран бүтээлчийн дуудлага гэж бий. Багаасаа олж авсан мэдээ мэдээлэл, “дата” дээр л миний үзэл бодол хөгжиж ирсэн. Түүндээ үргэлж итгэж, улам хөгжүүлсээр байсан учир аливаа юмсын дотоод утга санааг илэрхийлэхдээ урвуулан ашигладаг. Багаасаа “Би нэг тийм хүн бол доо” гээд эртнээс өөрийгөө олчихсон байлаа. Энэ нь алсдаа үйлдлийн урлагаар дамжуулан “би хүн”-ээ илэрхийлэх нөхцлийг бүрдүүлсэн хэрэг л дээ.


Даанч өнөөгийн урлагт хуулбар их байна. Тиймдээ ч энэ чиглэлийг урлаг сонирхогчид төдийлөн таашааж чадахгүй байгаа юм. Бид хуулахаас илүүтэй тухайн соёлын цаад мөн чанарыг нь өөрсдөдөө шингээж, тэр мэдрэмжээрээ дамжуулан урлаг бүтээх ёстой болов уу.   


Нэг удаа би Ч.Эрдэнэ гуайн “Их гурвалжин” гэдэг номыг уншсан нь надад маш их нөлөө үзүүлсэн. Өмнө нь бидэнд тэмтрэхээс бус уран бүтээл туурвихад чиг болчихмоор, яг таг бариад авчих олс байгаагүй. Харин уг ном надад гарт баригдах олс минь болсон. Тэр үеэс хойш л үйлдлийн урлагийг илүүтэй хийж, энэ чиглэлээр бүтээл туурвих болсон доо.


-Үйлдлийг урлагийг  төгс хуулбарлах боломжтой юу?


-Мэдээж болно. Уран бүтээлч хүн үргэлж суралцаж байх хэрэгтэй. Энэ утгаараа хуулбарыг “урлан”-даа хийгээд түүнээс өөрт хэрэгтэй зүйлийг авахад болохгүй юм үгүй. Харин “Энэ бол миний хийсэн бүтээл” гээд олон нийтэд дэлгэчихэж болохгүй. Ингэснээр нэгдүгээрт, уран бүтээлч хүн өөрөө цаг алдана, хоёрдугаарт, үзэгчид болоод тухайн хуулбарыг худалдаж авсан хүмүүс хөрөнгө мөнгөө шуудхан үхүүлж байгаа хэрэг.


-Мэдээж контемпорари урлаг дотроо олон төрлийн агуулга, утга санааг тээдэг өргөн салбартай. Гэтэл таны уран бүтээлүүд хүн байгаль хоёрын уялдаа холбоо, байгальтайгаа хэрхэн харьцах тухай ойлголтууд ерөнхий сэдэв болон оршиж байдаг. Энэ талаар ярихгүй юу?


-Манай нутгийн их нүүдэл 10 сар гаргаад 11 сарын үед эхэлдэг байлаа. Яахав дөрвөн улирлын эргэлт дагаж ойр зуурхан нүүдэг. Харин их нүүдэл их цаснаар болдог байсан. Би тэмээний нуруунд тэгнээтэй арган дотор боорцог идэж явснаа санадаг. Ийнхүү би их нүүдлийн амьдрал дунд анх нүд нээсэн. Хамгийн халуун эсвэл хэт хүйтэн хоёрт хүүхдүүд их баярладаг байлаа. Уг нь байгаль цаг уурын нөхцлөөс ажиглавал томчуудад хэцүүхэн байгаа шүү дээ. Гэтэл энэ мөчүүдэд нүүдэл болдог учраас хүүхдүүд хөөрцөглөдөг байсан хэрэг.


-Хүүхэд тэндээс яг юуг мэдрээд байсан юм бол оо?


-Харин тийм. Би асуултыг өөртөө тавьж үзсэн. Монголчууд хамгийн халуун, хэт хүйтэн зэрэг байгалийн хүнд шалгуурыг жаргал болгон давж туулсаар ирсэн. Нөгөөтэйгүүр байгалийн хүндийг оюун санаагаараа даваад гарчихсан хүмүүс гэж боддог. Мөн “Хүний муухай арилдаггүй, Тэнгэрийн муухай арилдаг” хэмээсэн ардын үг бий. Цагийн хатуу жимийг туулаад сурчихсан эртний их ой санамжтай хүмүүс бол монголчууд. Тиймдээ ч миний өсөж туулсан нүүдэлчин ахуй, өнөөдрийн хүмүүсийн уламжлалт ёс заншил, аж төрөхүйдээ хандаж буй хандлага хоёр нь эрс тэс ялгаатай. Гэвч миний ойлголтоор энэ эрс, тэс үзэл санаа, үйл хөдлөлүүд яг одоо уулзалдах цэг дээрээ ирээд байна гэж хардаг. Үүнтэй холбоотойгоор байгаль дэлхийтэйгээ харьцах нүүдэлчдийн сэтгэлгээ, ямар ч зовлонг гэтлээд гарах чадалтай зөв үйлдлийн хуримтлалыг би орчин үеийн урлагаар дамжуулан үзүүлэхийг зорьдог.


-Та өмнө нь нүүдлийн соёл иргэншилтэй холбоотой ямар уран бүтээлүүд туурвиж байсан бэ?


-Заавал энэ сэдэв гэж барьж авахаасаа илүүтэй өөрийн дотоод дуудлага, зөн совинд хөтлөгдөж бүтээл туурвидаг. Өмнө нь “Ханш нээх цаг” гээд толгойныхоо ард талыг хусдаг үйлдлийн урлаг үзүүлж байлаа. Байгалийн тогтсон хуулиар юмс эргэн сэргэж, дахин төрдөг жамыг илтгэсэн хэрэг л дээ. Бараг анхны бүтээлүүдийн маань нэг тэр юм. Түүнээс хойш тавьсан бүтээл бүхэн минь л нүүдэлтэй холбоотой. Заавал нүүдлийн ахуйг дүрслэж, онцлон гаргаснаараа бус хүн төрөлхтөн танин мэдэхээр тэмүүлсээр байгаа эртний соёл, зан заншлыг үзүүлэхийг зорих нь чухал. Гол нь контемпорари урлагийг мэддэг атлаа өөрсдийн түүх уламжлалыг мартчихсан байж болохгүй. Бид нэн тэргүүнд монгол хүн гэдгээ өөрсдийн дотор бат нот суулгаж өгөх хэрэгтэй.


-ВЕНЕЦ БОЛ СОЁЛЫН ҮНЭТ ЗҮЙЛС НЬ СУВИНЕР БОЛЧИХСОН ХОТ-




-Та гадны орнуудаар нэлээдгүй явж перформанс арт хийж байсан. Ялангуяа харь оронд бол дээр ярьсан үндэсний өв соёл, уламжлалаа тээгээд очдог уу, эсвэл зөвхөн Монголынхоо байгальд үзүүлэх ёстой гээд орхичихдог уу?


-Хүн төрөлхтний ёс заншил, хэл соёл өөр. Харин байгаль нь нэг гэж би ойлгодог. Эх орныхоо сайхан тал нутаг, ус мөрөнтэй холбогдож хийсэн үйлдлийн урлагийг харь орны байгальд ч мөн л үзүүлэх ёстой. Дэлхий ээж ганцхан шүү дээ. Би Европын бол Азийн нэлээдгүй орнуудаар явсан. 2018 онд Солонгосын “Taehwa river” фестивальд оролцсон юм. Тус газарт өмнө томоохон үйлдвэрүүд байрлаж байсан учир Taehwa гол нь асар ихээр бохирдож байсан гэдэг. Одоо бол цэвэрхэн, сайхан тунгалаг мөрөн бий. Тэнд би овоо босгох, овоотой харьцах перформанс хийх төсөл явуулсан маань шалгараад очиж байсан. Миний байгалийн тухай үзэл бодол, язгуурын шинжтэй санаануудад холбогдохоор үйл явдлууд цөөнгүй тохиолдсон доо.


-Нууц биш бол түүнээсээ хуваалцаач...


-Монгол хүн дотоод сэтгэлийнхээ гүнээс уулыг уулаар нь, голыг голоор нь харж чаддаг. Энэ сэтгэлгээ нь хэдэн мянганы тэртээгээс дотор нь суучихсан байдаг болохоор байгальтай бусад үндэстнээс илүүтэй ойр байж, ойлголцож чаддаг. Нэг өглөө намайг орчуулагчтай маань тосож авсан куратортайгаа цуг гүүрэн дээр явж байлаа. Тэгтэл нэг том тогоруу шиг шувуу урд гарчихаад нисээд л байв. Надад яг л бид гурвыг замчилж, дагуулж явах шиг санагдсан. Тэгээд ч нэг их санаанд орсонгүй, зүгээр л “Эндхийн эзэн бид гурвыг угтаж авч байгаа юм биш үү” гээд хэлж орхилоо. Гэтэл өнөөх солонгос маань “Нээрэн тийм байна. Энэ хойд дэнж дээр саяны шувууны баримал байдаг шүү дээ” гэж билээ.


Биднийг буцаад иртэл  “Taehwa river”-т хамт оролцох гэж байгаа уран бүтээлчид голын эргийн том том аалз, загас зэргийг сониучирхан харж, баясаж зогссон. Нөгөө солонгос куратор маань оройн цайны үеэр “Чимгээ та хоёрыг харахад л монголчууд шувуу, тэнгэр, уулын орой гээд үргэлж дээшээ хардаг юм байна. Бусад нь далайн эргийн амьтад сонирхож доошоо хардаг” гэж билээ. Өдөр нь би орчуулагч Чимгээтэй аль уулын орой, өндөрлөг дэнжид овоогоо босгох вэ гэх зэргээр ярилцаж явсан хэрэг л дээ. Гэвч хамгийн гол нь бид тийн хэлүүлэх гээгүй. Сурсан зангаараа, өөрсдийнхөөрөө л харьцсан. Бидэнд өгч байгаа дүгнэлт нь л тэр шүү дээ. Ер нь бол тухайн орчинд нь очиж хүмүүстэй харьцахын сацуу байгаль дэлхийтэй нь танилцаад ирсний дараа перформанс хийхэд илүү чухал байдаг. Тухайн газар орныг мэдэрч, мэдээлэл олж авна. Дараа нь үүнийгээ урлагт тусгана гэсэн үг.


-Та өмнө нь Венецийн биеннальд оролцсон. Маш олон орнуудын урлагийн уулзвар энд болдог шүү дээ. Тиймээс уран бүтээлчид өөрсдийн эх орныг зөв талаас нь харуулахыг, урлаг нь хүчтэй гэдгийг дэлхийд мэдрүүлэхээр зорьдог. Таны үзүүлбэр юунд чиглэгдэж байсан бэ?


-Би тэнд малын гүзээ, шагайтай холбоотой үйлдлийн урлаг хийсэн. Нойтон гүзээ толгойдоо углаад уртын дуу дуулсан л даа. Амьсгал хаа хүрч дуусна, тэр хүртэл нь битүү орчинд дуулж байгаа хэрэг. Угтаа бол Венец опера үүссэн газар. Тэгвэл уртын дуу Монголын тал нутагт бий болсон гэдэг утга перформансын маань гол санаа байсан. Нөгөөтэйгүүр их хаадын торгоны зам Азиас эхэлж Венецэд дуусдаг. Энэ бүх соёлын огтлолцох цэг дээр очсон учраас би авч очсон гурван хонины гүзээ, малын шагайгаар дамжуулан өөрт төрсөн мэдрэмжийг урлагаар дамжуулж илэрхийлсэн юм.


Венец бол гэрт ороод суухаар гармаар санагддаг. Гарахаар гэртээ ормоор болдог тогтворгүй хот. Магадгүй жуулчид олон арван жил босгыг нь элээснээс болсон байж мэднэ. Ямартаа ч соёлын бүхий л үнэт зүйл нь сувинер болчихсон гээд хэлчихэд буруудахгүй байх. Өөрсдийн соёл, урлагийн үнэт зүйлсдээ анхаарал хандуулдаггүй, өөрсдийн амин хувиа хичээж материаллаг хэрэгслийн төлөө явдаг хүмүүсийн хэрэггүй үзэл бодол нь тухайн хотыг хог болгочихсон байсан.


-Үзэгчид хэрхэн хүлээж авсан бэ?


-Яг үнэнийг хэлэхэд “Энэ хүн юу хийчихэв ээ” гэсэн бодол царайд нь тодхон үзэгдсэн. Магадгүй ойлгоогүй байх. Угтаа би хүмүүст зориулж, тэдэнд ойлгогдохын төлөө бүтээлээ туурвидаггүй. Бүр анхнаасаа хэн нэгэнд таалагдах гэж үйлдлийн урлаг хийгээгүй. Харин ч цаг үргэлж үүний эсрэгээр хийж ирсэн.


-Тухайн үед тавьсан үйлдлийн урлагийг одоогийнхтой харьцуулахад ямар мэдрэмж төрдөг вэ?


-Перформанс болгон тухайн цаг хугацаанд бүтэж бүрэлддэг зүйл. Тийм ч учраас яг тэр цаг мөчид нь оршоочих хэрэгтэй. Ахин дахин эргэж бодоод өнгөрсөнтэйгөө зууралдахгүй байх нь чухал. Мэдээж хийж байх мөчид айх, эмээх, эмзэглэх зүйл бий. Гэвч зайлшгүй тохиолдолд өөрт хэрэгтэй материалуудаа хамгаалалт болгодог. Учир нь бусдад харагдаж байгаагаас илүүтэй өөрт харагдахгүй мэдрэмжүүд перформанс тавьж байхад их төрдөг.


-НУУЦ ГЭЖ БАЙДАГГҮЙ-




-Таны дотоодод байгалиас огтхон ч холдуулж боломгүй чанар нэгэнт шингэчихсэн шиг санагдана. Аливаа нэг улсад очсон ч гэсэн байгальтай илүүтэйгээр холбогдож бүтээлээ туурвидаг гэсэн үг үү?


-Тэгж л юм хийж байна. Барууны урлаг мундаг л даа. Олон жилээр төлөвлөж хийдэг мундаг мастеруудын томоохон перформанс, контемпорари бүтээлүүд ч байна. Гэвч сэтгэлгээ нь хэт задгайраад түүнийхээ эцэст нь тулчихсан. Гэтэл соёлын дайн ид өрнөсөөр байгаа шүү дээ. Тэгээд л эртний, бүр эртний соёл иргэншил рүү хандаж мухардлаас гарах арга замыг хайж байна. Тэр бүх соёл иргэншлийн түүхийг судлаад үзэхэд бүгд л байгальтай нягт уялдсан байдаг. Гол нь сэтгэлгээний хэт чөлөөтэй үзлээс болоод зарим цээрийг хамаагүй давчихсан шиг санагддаг.


-Хорио цээр гэснээс монголчууд уул уснаас гадна хоол ундны тал дээр их цээртэй ард түмэн шүү дээ. Энэ бүхэн тэгэхээр таны уран бүтээлд ч  мөн тусгалаа олдог байх нь. Тийм үү?


-Тэгэлгүй яахав. Дүрслэх урлаг үзэгчдэд өөрийгөө шууд тулгадаг. Жишээ нь, та галерей руу очлоо гэж бодъё. Дотор нь орох л юм бүгдийг нь харчихна гэсэн үг. Тийм болохоор цээр алдагдвал их аюултай санагддаг. Монгол хүмүүс зөв үйлийг зөв цагтаа үйлддэг. Болохгүй юмыг цээрлэдэг байсан. Гэхдээ буруу хэргийг ч үйлдэх ёстой газар нь үйлдэж чадна. Яг л догшин, хэрцгий үгсийг зөв газар, зөв цагт нь хэрэглэж байгаатай адилхан. Тиймээс би цээрийг зөрчихгүй юмсан гэж боддог. Гадны оронд хүмүүсийн эд эрхтнийг гаргаад өлгөчихсөн контемпорари бүтээлүүд олон. Харин монгол хүн тэгж болох уу?


-Та өөрөө юу гэж бодож байна вэ?


-Урлагийн тухайд бол болно. Уран бүтээл туурвих эрх чөлөөний тухайд бол ярих аргагүй. Харин бид монгол хүмүүс гэдгээ санаж, өөрсдийн үнэт зүйлсээ ойлгодог хүнд бол болохгүй. Монголчуудын үздэгээр өнгө хүртэл өөрсдийн гэсэн бэлгэдэлт чанартай байдаг. Аливаад цээртэй, өөрсдийн үйлдэлд хэмжээ хязгаарын зааг баримталж ирсэн учраас муу зүйлээс биеэ хамгаалах чадвар ч өндөр байдаг.


-Тэгвэл аль хот танд байгальлаг сэрэхүй, мэдрэмжийг өгсөн бэ?


-Газар бүр янз янз байдаг. Сайхан модод ургаж, ус мөрөн урсаж байгаа газар бүр л надад эрчим түгээдэг. Магадгүй энэ их туйлширсан хариулт санагдах болов уу. Гэхдээ монгол шиг надад байгальлаг сэрэхүйг өгөх газар үгүй. Ерөөс би байгалийн хэлийг дамжуулдаг. Үүндээ ч итгэдэг хүн. Жишээлбэл, би өмнө нь хана руу харж, зураг мэтээр төлөөлүүлсэн “QR” кодтой үзэсгэлэн гаргаж байлаа. Одоо гэтэл цар тахлын аюултай энэ өдрүүдэд хүн бүр аливаа үйлчилгээний газруудаар явахдаа “QR” код уншуулдаг болсон байна. Ингээд бодохоор би “антен” болж байгалийн хэлийг дамжуулсан шиг мэдрэмж төрөөд байгаа юм. Миний хувьд энэ үзэл бодолдоо үнэнч байдаг. Харин урлагийн тухайд “яг тийм” гээд хэлчихээр нэг талаас шашинтай холбогдчихно. Тийм ч учраас перформансыг яг таг дүгнэж хэлэхэд хэцүү.


-Тэгвэл ер нь яг юу монголчуудыг “монгол” болгодог юм бэ?


-Бид түүхэн цаг хугацааг бүтээлцэж, түүнд оролцож, басхүү туулж яваа хүмүүс. Сайн үйл ч байсан, муу нь ч байсан. Гол нь өнгөрсөн түүхийн гүнээс нүүдлийн болоод иргэншлийн хоёр ой санамж бидэнд үлджээ. Эртний нүүдэлчид хийгээд хаадын байгуулсан гавьяа, тэдний суу алдар, усташгүй үнэн түүх нь бидний ой ухаанаас арилаагүй. Харин ч хүмүүсийг буцааж сэрээдэг. Энэ л сэрээж байгаа ой санамж биднийг монгол болгодог. Бид мундагтаа энд оршдог уу, яагаад устаж мөхөлгүй үлдсэн бэ? Үүний эрэлд л их явсан даа.


-Хариултыг нь олсон уу?


-Нууц гэж ер нь байдаггүй юм байна. Монголчууд өөрсдийн ой санамж дахь зүйлсийг бусаддаа хуваалцаж, нээлттэй хадгалдаг. Тиймдээ ч бид оршиж байдаг. Монголчуудын түүх байгалиа хайрлах, хүнийг хайрлахад сургаж байсан. Энэ миний олсон хариулт. Үйлийг хийвэл чанартай, зоригтой үйлдэх хэрэгтэй. Үгүй бол өөр нэгэн хийх болно. Өдөрт балга ус ууж амьд явах хүний биед төрнө гэдэг олдошгүй хувь заяа. Тэгэхлээр “Ганц л амьдарна, яавал чиг яахав” гээд хий хоосон цээжээ дэлдэж болохгүй. Наранд цацлаа өргөх, бөөгийн хэнгэрэгээ дэлдэх, морин дээр дуу аялах зэрэг үйлдлийг монгол хүн бусдыг дуурайж хэлбэрдэлгүй ахуйдаа шаардлагатай учраас л хийж, үйлдэж байсан. Огт жүжиглээгүй энэ үйлдлүүд дотор нэг гялсхийсэн гэрэл асаалттай байгаа. Иймээс орчин үеийн урлагт лэнд-арт буюу байгальтай холбогдож залуучууд олон шинэлэг бүтээл туурвих болсон.


-Та сүүлд Гурван цэнхэрийн агуйд үйлдлийн урлаг хийсэн байх аа?


-Тэнд би эхийн сав гэдэг утгаар нь мөн хонины гүзээ толгойдоо угласан. Тэр үед эхийн хэвлий доторх эрчмийг мэдэрсэн дээ.


-Нарийвчилж хэлбэл яг ямар мэдрэмж төрсөн юм бэ?


-Их нандин зүйлс бий. Чиний биеийг эхийн хэвлийд байхад бүх талаас чинь эрчим тэтгэдэг. Зай завсаргүй эрчим өөрийг чинь тэтгэж буй мэт мэдрэмж төрнө. Тэр мэдрэмж хүнийг улам доош, газар луу татдаг. Дараа нь би Алтай Таван богд дээр перформанс хийсэн. Хүйтэн салхитай өдөр байсан болохоор зураглаач маань “Та нэг их хөдлөхгүй биз дээ” гэж асуусан. Би ч “Өө, ингэсгээд дуусгачихна” гэж хариуллаа. Нэг мэдсэн би өөрийн мэдэлгүй тээр хол оччихсон уул өөд уйлчихсан алхаж явсан. Тэр газар намайг дээш татсан. Энэ мэтчилэн тохиолдсон зүйлүүд олон байдаг.


-Цар тахлын энэ үеүдэд ямар уран бүтээл туурвиж байна даа?


-Энэ бол надад зогсолт гэж санагдахгүй байгаа. Харин ч бүр цоо шинэ юм гэж харж байна. Финляндын куратор Анну Вилениус гэж хүн миний бүтээлийн тухайд “Ганзүгийн бүтээл нь хүн модерн хөгжилдөө цэг тавьж, зогсолт хийгээд буцаж байгаль руугаа алхаж буй сэтгэгдэл төрүүллээ” хэмээн бичсэн нь бий. Тиймээс иргэншлийн зуунд амьдрах болсон бидний анхны өгөгдөл “гурил” байгаа юм. Тариа тарих болсноор л суурин иргэншил бий болсон шүү дээ. Энэ мэтчилэн тунгааж болох олон зүйлсийг төлөвлөж, хийхээр зэхэж байна.


-Тэгвэл дараагийн уран бүтээлээ хэдийн төлөвлөчихсөн байх нь ээ...


-Хүүхдүүд рүү чиглэсэн нэг ажил хийхээр хөөцөлдөж байгаа. Үүндээ орон даяар бүх хүмүүс, айл өрхийг хамруулна. Удахгүй нээлттэй болохоор нь ярьсан дээр болов уу. Мөн Д.Урианхай гуайн “Ханануудын амьдрал” жүжиг, Ө.Үлэмжтөгсийн  “Абсурд зүүдний хот” роман зэрэг зохиолуудаар шинэлэг бүтээл хийх ажлын багт орчихсон зүтгээд л байна.


-Тус бүтээлүүдийг басхүү байгаль дэлхийтэй ойртуулж урлах өнцгөөс харж байна уу?


-Одоохондоо яригдаж байгаа. Ер нь багаасаа байгаль дэлхийтэй ойр өссөн болохоор язгуур шинжээ алдахгүйг хичээдэг. Нэгэнт олж аваад өөртөө суулгачихсан байхад амархан алдаад байдаг зүйл биш л дээ.



С.Ганзүгийн уран бүтээлээс...













***

Нүүдэл бол монголчуудын ахуй амьдралтай салшгүй холбоотой. Харин өдгөө техник технологи, соёлын дайн ид өрнөж буй цагт бид хааш чиглэсэн нүүдэл хийж байна вэ? гэсэн асуулттай нүүр тулна. Улс орон, соёл иргэншил, бидний туулсан цаг хугацаа бүхэн түүх. Оршин буй хугацаанд энэ түүх ой санамжнаас арчигдахгүй. Тэгвэл ерөөс контемпорари болон урлаг гээч зүйл тухайн цаг хугацаанд, уран бүтээлчийн чадварт хамааралтай юу эсвээс үзэгчдийн нүдэнд хэрхэн хүрч, мэдрэгдэж байгаагаар чанар чансаа нь тодорхойлогддог уу? гэсэн асуулт дахин үүснэ. Уншигч та үүнд хариулах гээд үзээрэй. Хамгийн оновчтой хариулт нь мэдээж урлаг дотроос л олдоно. Ямартаа ч өнөөдөр уран бүтээлчид үүх түүхийнхээ үнэнг ухан гаргаж, үнэ цэнийг нь ойлгож ухаарах, хүртэн мэдрэхийн тулд урлаг дагасан хамгийн зөв нүүдлийг хийж байна. Магадгүй хүн бүр өөртөө тохирсон сайхан хариултыг оллоо ч гэсэн энэ нүүдэл үл тасрах биз ээ.

 

ГЭРЭЛ ЗУРГИЙГ | Б.Чадраабал

Related news