А.Урангоо: Хэдэн малаа яаж онд бүрэн оруулах вэ гэдэг эзэн хүнээс л шалтгаална

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-01-20 19:53:39

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн 13 суманд Өвөрхангай аймгаас 174 малчин өрх 105 мянган толгой малтай отроор өвөлжиж байна. Малчдад өвс тэжээлийн тусламж хүргэх ажлын баг өнгөрөгч амралтын өдрүүдэд Өмнөговь, Дундговь аймагт ажиллалаа. Энэ үеэр хүчит тэжээлээ авах гэж ирсэн малчин эмэгтэйтэй ярилцаж, мал өвөлжилтийн байдлыг тодрууллаа.

 

-Сайхан өвөлжиж байна уу? Аль сумаас оторлож явна вэ?

-Би Өвөрхангай аймгийн Богд сумаас 9 дүгээр сард отор нүүдэл хийгээд гарсан. Өмнөговь аймгийн Манлай сумын төвөөс зүүн хойш 30 км зайд өвөлжиж байна. Өвөлжөө тавлаг, малын хоол тэжээл боломжийн байгаа. Малд намрын ногоог л сайн идүүлэх хэрэгтэй. Манай мал 10 сарын 20-д хүртэл ногоо идэж, сайхан тэнхэрсэн. Онд мэнд орчих байх гэж бодож байна. Нутагтаа цайны сүүтэй, тавагны ааруултай оччих юмсан гээд хуц, ухнаа тавьсан, амьдрал хэвийн л үргэлжилж байна даа. Хэдэн малаа яаж онд бүрэн оруулах вэ гэдэг эзэн хүнээс л шалтгаална. Эзэн хүний овсгоо л мэднэ.

-Намар малаа зах зээлд борлуулав уу? Хэр тооны малтай яваа вэ?

-Малаа нэлээн зарсан. Хоёр мянга гаруй малтай байсан. Онд орчих байх гэсэн малаа авч үлдээд 1600 гаруй тооны малтай өвөлжиж байна.

-Малчид ийм хүйтэн өвөл үзээгүй л гэж ярьцгааж байна. Таны хувьд өвлийн байдлыг яаж дүгнэж байна вэ?

-Манлай сумын малчид “Их хүйтэн өвөл байна” гэж ярьцгааж байсан. Яахав дээ, үе үе хүйтэрч л байдаг. Өнгөрсөн 12 дугаар сарын сүүлээр цочир хүйтэрсэн. Бусад хугацаанд гайгүй байна. Отроор яваа бидэнд саравч олдохгүй шүү дээ. Дөрөв, таван ханхай гэр аваад тэрэндээ жижиг малаа оруулдаг. Бүдүүн малаа гадаа хөлсөлж авсан хашаандаа хашаад, яаж ийгээд болж л байна.

-Төрөөс өвс тэжээлийн тусламж үзүүлж байна. Та бүхэнд хэр дэмжлэг болж байна вэ?

-Төр засгаас малчид биднийгээ гээд зориод явж байгаа нь сайхан байна. Гэхдээ хаа хаанаа зардал чирэгдэл их гарч байна. Миний хувьд бодоход энэ хивэг тэжээлийг ойртуулах гэж төрөөс их хэмжээний зардал гарч байгаа байх. Малчид бид ч авчирсан цэг дээр нь очиж авахын тулд 200-300 км явж ирж байна. Арай ойроос авч байгаа хүмүүст болж л байгаа байх. Ихэнх нь холоос ирж байгаа болохоор зардалдаа таарч байна гэж яриад байгаа. Төр засгаас бодлого явуулаад биднийг дэмжиж байхад сэтгэлийг нь бодоод бид хол гэлтгүй, ирж авч байна.

-Энэ хүчит тэжээлийг ОХУ-аас нийлүүлж байгаа болохоор чанартай байх гэж бодож байгаа. Та харав уу?

-Газар асгасан хэсгээс нь харлаа. Буудайтай, боломжийн л харагдана. Малд өгч үзээгүй тэжээл байна. Сураагүй болохоор мал идэхгүй байж магадгүй. Тэгвэл хивэг, бусад тэжээлтэй хольж байгаад идүүлнэ л дээ.

-Та мал аж ахуйн салбарт хэдэн жил ажиллаж байна вэ?

-20 гаруй жил ажиллаж байна. Голдуу ямаа өсгөж малладаг. Ямааны ашиг шимийг авч сурсан. Ямаагаа олноор ишиглүүлж, ааруул, цагаан идээгээ авч, зах зээлд борлуулдаг. Миний хийсэн ааруулыг авч сурсан хэрэглэгч олон байгаа болохоор борлуулах гэж ядарч зүдрээд байдаггүй.  Энэ жил цаг хэцүү байсан болохоор өөрсдийн идэхийгээ л арай гэж хийлээ. Уг нь бол 20-30 сая төгрөгийн ааруул борлуулчихдаг юм. Мал аж ахуйн салбарт ажиллаж байгаагаа алдаж эндлээ гэж ер боддоггүй. Анх залуу байхад, сургуулиас мал дээр гарчихаад жаахан сэтгэл дундуур байдаг байсан. Одоо бол ажлынхаа эвийг олчихсон болохоор мал маллах шиг сайхан ажил алга. Хүйтэн байна, цас орж байна л гэнэ. Энэ чинь нэг, хоёр өдрийн л ажил. Эргээд тэнгэр онгойж, сайхан цаг ирдэг. Тийм болохоор шантраад байх зүйлгүй.

-Нутаг оронд нь зуншлага, намаржаа тааруу болохоор аль чадалтай, бүлтэй малчид маань холын аймгуудыг зориод байна. Эргэж нутагтаа очно биз дээ?

-Цаг наашлахаар нутагтаа очиж үзнэ. Боломжийн байвал буцалгүй яахав. Газрын гарц муу байвал нөгөө жаахан тарга нь явдалдаа эргээд байхгүй болчихно. Бид чинь хаана өвс ногоо байна, тэнд л явахаас өөр аргагүй. Намар 500 гаруй км газар малаа хөлөөр нь туугаад ногоотой газар нь хонож өнжөөд л энд ирсэн. Ирсэн хойноо сар гаруй хугацаанд бэлчээрээр маллахад сувай ямаа бол бөөрөнхий зоотой л болж байна. Намрын ногоог л сайн идүүлэх ёстой юм байна гэж малчдадаа зөвлөе.

-Энд усны бэрхшээл гарч байна уу?

-Зарим үед усаа харамлах асуудал гарна. Тэгээд ярьж хөөрөөд л учраа олно. Уснаас болоод учиргүй ам зөрөөд байгаа юм алга. Сайхан ярьж хөөрөхөд ямар ч асуудал болдог юм даа.

-Танайх ам бүл хэдүүлээ яваа вэ?

-Манай гэр бүлийн хүнийг Л.Мэндбаяр гэдэг. Манайх Богд сумын 6 дугаар багийн айл. Гурван хүүтэй. Хоёр нь мал малладаг, нэг нь дунд сургуульд 8 дугаар анги. Манай хүүхдүүд багаасаа малд ойр өссөн болохоор малд хайртай, бүгд л малчин болно гэдэг юм. Нэгийг нь ч гэсэн хот орон бараадуулах юмсан гэхээр малаа маллана гэнэ. Бид хоёрыг энд тэнд явж байхад ар талд малаа ямар ч байсан шуурганд уруудуулчихгүй, алдчихгүй  маллаад л байж байна даа.

Манайх туслах малчин олон байсан. Цаг хэцүү болохоор нутаг орондоо үлдээд нэг л малчинтай явна. Эм малаа голдуу авч үлдсэн болохоор малаа өсгөнө, мал цөөтэй үлдсэн айлыг малжуулна гэсэн бодолтой байна. Ер нь арваад айлд мал тасдаж өгсөн. Гурван ч хүнд гэр барьж өгсөн.

Баярлалаа, өнөтэй сайхан өвөлжөөрэй. 

Related news