Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 42.7 хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-01-20 19:22:53

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймагт 2020 онд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 177 бүртгэгдсэн нь урд оны мөн үеэс 132 гэмт хэргээр буюу 42.7 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг дотор малын хулгай 49, иргэдийн өмчийн хулгай 75, тээврийн хэрэгслийн хулгай 13 бүртгэгджээ. Аймгийн Засаг даргын 2020 оны А/282 захирамжаар “Камержуулалт– 2” аяныг зарлаж, байгууллага, аж ахуйн нэгж бүр идэвхтэй оролцон, камержуулах үйл ажиллагааг өрнүүлсэн нь хулгайн гэмт хэргийг бууруулахад түлхэц болсон хэмээн үзэж байгаа юм. Аймгийн хэмжээнд нийт 170 ширхэг теле хяналтын камерыг шинээр нэмж суурилуулсан ба зарим сумын 2021 оны төсөвт сумыг камержуулах хөрөнгийг тусгаад байна.  

Түүнчлэн холбогдох байгууллагууд хамтран “Мал-мах”, “Хяналт, шийдвэрлэлт – 2020”, “Ломбард” зэрэг нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэдийн идэвх оролцоог ханган, мэдлэг мэдээллийг сайжруулсан нь тодорхой үр дүнг гаргаад байна.  

 

Related news