Умард Солонгосын цөмийн хөтөлбөр МАГАТЭ-г түгшээж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-06-07 11:07:28

ВЕНА. /NHK/. Умард Солонгос цөмийн хөтөлбөрөө улам өргөжүүлж буйд ихэд түгшиж байгаагаа Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг буюу МАГАТЭ-гийн тэргүүн илэрхийллээ.

МАГАТЭ-гийн Ерөнхий захирал Юкия Амано Австрийн Вена хотод даваа гарагт эхэлсэн тус агентлагийн удирдах зөвлөлийн уулзалтын үеэр үг хэлжээ.

Энэ оны эхээр цөмийн туршилт хийсэнтэй нь холбогдуулан НҮБ-аас баталсан тогтоолыг Умард Солонгос дагаж мөрдөхийг хүсэхгүй байгаад маш харамсч байна гэж тэрбээр хэлэв.

Уг уулзалтын дараа Амано сэтгүүлчдэд зориулан мэдэгдэл хийхдээ “Умард Солонгос судалгааны реактораа дахин идэвхжүүлж, уран баяжуулах байгууламжуудаа өргөтгөж, дахин боловсруулах үйлдвэрлэл явуулж байна” гэлээ. Тэрбээр МАГАТЭ-гийн шинжээчдийг хүлээж авахыг Пхеньянд хандан уриалжээ.

Тус улсын Ионбен дахь цөмийн цогцолборын байгууламжаас утаа суунаглаж, мөн тээврийн хэрэгслүүд явж байгаа нь хиймэл дагуулаас дамжуулсан хамгийн сүүлийн үеийн гэрэл зургуудаас харагдаж байна.

Умард Солонгосын эрх баригчид 2009 онд МАГАТЭ-гийн шинжээчдийг улс орноосоо хөөн гаргажээ.

Г.Доржханд

 

 

 

Related news