Ирэх онд шахмал түлшний хэрэглээг Арвайхээрт бүрэн нэвтрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-01-27 13:23:21

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр хот агаарын бохирдлоороо улсын хэмжээнд Улаанбаатарын дараа орж байсан бол сүүлийн хоёр жилд “манлайлах” түвшинд хүрээд байгаа.

Аймгийн удирдлагууд Арвайхээр хотын агаарын бохирдлыг бууруулах, хэрэглэгчдээ эрүүл, чанартай түлшээр хангахын тулд Баянтээгийн нүүрсний уурхайг түшиглэн шахмал түлшний үйлдвэрийг 2020 онд байгуулсан юм. Баянтээгийн нүүрсний уурхайгаас нэг тэрбум төгрөг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 400 сая төгрөгийн санхүүжилтыг тус үйлдвэрт зарцуулж, “Баялаг-Эрдэнэ цом” ХХК гүйцэтгэгчээр шалгаран 1.4 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр барьжээ.

 

Одоогоор тус үйлдвэрт 100 тонн түлш үйлдвэрлэсэн ч хэрэглээнд нэвтрүүлээгүй байна. Үйлдвэрийн аюулгүй ажиллагааг хангах, технологийн горимыг мөрдүүлэх, үйлдвэрлэсэн түлшний химийн найрлагыг лабораторийн шинжилгээнд өгч, дүгнэлт гаргах гээд цаг хугацааны хувьд хүлээлтэй байгааг аймгийн Засаг дарга А.Ишдорж хэлж байлаа.


Тус үйлдвэр цагт 30 тонн, өдөрт 300 тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд жилд 25 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэж, Арвайхээр хотын найман мянган өрх айлын жилийн хэрэгцээг бүрэн хангах төлөвлөгөөтэй байгаа юм. Түлш үйлдвэрлэхийн тулд хоёр шугамыш ашигладаг гэнэ. Нүүрсээ коксын зууханд шатааж, хөц будаа, улаан буудайг 250-300 градусаар халаан цардуул гаргаад шар шавартай хольж улмаар коксжуулсан нүүрстэйгээ барьцалдуулан шахмал түлшийг гаргаж авдаг аж.

 

“Бусад үйлдвэрүүд барьцалдуулагч материалаа Хятадаас зөөдөг бол манайх өөрсдөө үйлдвэрлэдгээрээ онцлог. Шахмал түлш гаргаж авахад шаардлагатай бүх материалаа бид өөрсдөө үйлдвэрлэдэг” хэмээн уурхайн ашиглалтын инженер Б.Балжинням хэлж байв. Баянтээг нь зөвхөн Өвөрхангай төдийгүй Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Орхон, Дархан гэхчлэн олон аймгийн иргэдийг нүүрсээр хангадаг, 29.6 сая тонн нүүрсний нөөцтэй, жилд 150 мянган тонн нүүрс олборлох хүчин чадалтай уурхай. Нүүрсний чанарын хувьд илчлэг сайтай ч тортог, хүхэр ихтэй байдаг нь агаарын бохирдолд сөргөөр нөлөөлж байна. Тиймээс уг нүүрсийг хагас коксжуулж, шахмал түлш үйлдвэрлэснээр нүүрсний тортгийг 50 хувиар багасгаж, агаарын бохирдол 60-аас дээш хувьтай буурна хэмээн үзэж байна.

“Шахмал түлшээ айл өрхийн хэрэглээнд нэвтрүүлэхийн тулд эхний ээлжинд хэдэн өрх сонгон туршилтаар хэрэглэж үзнэ. Айл айлын зуух өөр өөр учраас ямар зууханд яаж хэрэглэх талаар сургалт зохион байгуулж, зааварчилгаа өгнө. Ирэх 3 сараас үйлдвэрлэлийг эхлүүлж, сард 9 мянган тонн түлш үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа. Зарах үнийг одоогоор тогтоогоогүй. Аймгийн удирдлагуудтай ярилцаж байна. Ямар ч байсан түүхий нүүрсний үнэ ханшнаас давуулахгүй” гэж уурхайн гүйцэтгэх захирал Н.Данзан хэлсэн юм.

 

Аймгийн Засаг дарга тус үйлдвэрийн үйл ажиллагааг жигдрүүлж, хүчин чадлыг бүрэн ашиглахад анхаарал хандуулж байгаа ба тодорхой үүрэг даалгаврыг уурхайн удирдлагад өгөөд байна.




Related news