Нэр дэвшигчдийн 22 хувь нь эмэгтэйчүүд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-06-07 18:09:45

Дундговь аймгийн ИТХ- ын сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр үнэмлэхээ гардан авлаа. Энэ удаад 23 тойргийн 35 мандатын төлөө 4 намын 107, бие дааж нэрээ дэвшүүлсэн 12 нэр дэвшигч өрсөлдөнө.

Нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулах ёслолыг аймгийн сонгуулийн хороо олон нийтийг оролцуулан, Мандалговийн төв талбайд зохион байгуулсан юм. Сонгуулийн хорооны дарга Д. Дулмаа ёслолын үйл ажиллагааг нээж үг хэлэхдээ, энэ удаагийн сонгууль эрх зүйн шинэ орчинд явагдах гэж буйгаараа онцлог гэдгийг дурьдаад “Шийдвэр гаргах түвшинд түмнээ төлөөлөхөөр залуус энэ удаагийн сонгуульд олноор нэр дэвшсэн байна. Нэр дэвшигчдийн насыг харахад, 25- 35 хүртэлх насны залуучууд, 36- 50 насны дунд үеийнхэн, 50- иас дээш насны ахмад үеийнхнээс хол зөрүүгүй, өөрөөр хэлбэл залуу, дунд, ахмад үеийнхэн адил тэгш нэр дэвшсэн нь Дундговь аймгийн сонгуулийн нэг онцлог болж байна” гэв.

Нийт 119 нэр дэвшигчийн 27 буюу 22.3 хувь нь эмэгтэйчүүд байна. Нэр дэвшигчдийн ихэнх нь буюу 27 нь эдийн засагч мэргэжилтэй байгаа бол инженер 18, багш 18 хуульч 13, эмч 10 болон бусад мэргэжлийн 33 хүн байна. Мөн доктор 1, профессор 2 хүн тус тус нэр дэвшжээ

T. Отгонтуяа

 

Related news