Баруун бүсийн тогтвортой хөгжилд нөлөөлөх байгаль орчны асуудлаар эрдэмтэд хуралдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-06-08 12:51:24

Улс орны тогтвортой хөгжил түүнд нөлөөлөх байгаль экологийн асуудлыг судалж шинжлэх, үр дүнг улс, бүс нутгийн хөгжлийн бодлогод нэн түрүүн тусгуулах хэрэгцээ шаардлага шинэ тутам тулгарсаар байна.

Үүнд төр захиргаа, гадаад дотоодын байгууллага, олон нийтийн анхаарлыг хандуулах, энэ чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэн судлаачдыг ажлыг дэмжих, тэдгээрийг уялдуулах үүргийг шинжлэх ухааны байгууллагын хувьд Ховд их сургууль /ХИС/ чухалчлан үзэж “Монгол орны баруун бүсийн тогтвортой хөгжил ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохуй, инновацийн технологиуд” олон улсын онол практикийн бага хурлыг 06-р сарын 7-8-ны хооронд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, ОХУ-ын Алтайн техникийн их сургууль хамтран зохион байгуулж байна.

Хуралд ОХУ-ын Москва хотын Үндэсний судалгааны их сургууль, Москвагийн их сургууль, Алтайн хөдөө аж ахуйн их сургууль, Сибирийн цэцэрлэгжүүлэлтийн үндэсний судалгааны хүрээлэн, Оросын шинжлэх ухааны академи, Москвагийн Экологийн инновацийн төв зэрэг гадаадын 8 байгууллага, Ховд аймгийн ЗДТГ, Баян-Өлгийн аймгийн ЗДТГ, МУИС, ХААИС, Монголын Үндэсний их сургууль, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэн, Монэлтех компани, Баруун бүсийн хөдөө аж ахуйн хөгжлийн төв, ХИС болон түүний БӨ аймаг дахь салбар сургууль, Ховд аймгийн Байгаль орчны газар, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Алтай саяны эко бүсийн салбар, Германы ОУ-ын хамтын ажиллагааны нийгэмлэг, Биос ТББ зэрэг дотоодын 20-иод байгууллагын эрдэмтэн судлаач оролцож байна.

Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурал нь
- “Их Алтайн бүсийн уур амьсгалын өөрчлөлт, дасан зохицох арга хэлбэр”
- “Баруун бүс нутгийн ногоон хөгжил, тогтвортой хөгжил ба газар нутгийн орон зайн төлөвлөлт, цаашдын хэрэгцээ”
- “Баруун бүс нутгийн сав-шим мандал ба Тогтвортой хөдөө аж ахуйд шилжих арга зам, технологи”
- “Баруун бүс нутгийн эрчим хүчний асуудал, бага нүүрстөрөгчит эрчим хүч ашиглах боломж нөөц”
- “Баруун бүс нутгийн тусгай хамгаалалттай газар нутаг ба Аялал жуулчлалыг хөгжүүлэх нөөц, боломж” сэдвүүдийн хүрээнд эрдэмтдийн илтгэлүүдийг хэлэлцэж байгаа юм.

ОХУ-аас оролцож буй эрдэмтэн М.Ю.Шишин “Уур амьсгалын өөрчөлт: Баруун Монголын боломж”, Ховд Их Сургуулийн ийн захирал, Хүрээлэн буй орчны хамгааллын ухааны доктор М.Алтанбагана “Уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг байдал, дасан зохицох бодлогын хэрэгцээ”, ТNC ТББ-ын төлөөлөгчийн газрын Шинжлэх ухааны асуудал хариуцсан захирал Ю.Баяржаргал “Монгол Алтайн нуруу, Алтайн ар говийн экологийн бүс нутгийн үнэлгээ, хамгаалах газар нутгийг тогтоох нь”, ХИС-ийн багш, докторант Ч.Билэгтмандах “Нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөлт боловсруулахад байршлын хүчин зүйлийг харгалзан үзэх нь”, ОХУ-ын Алтайн Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн В.А.Кундиус “АПК:Баруун Монголын Эдийн засгийн өсөлтийн болон тогтвортой хөгжлийн нөөцийн чадавх ба боломж”, ХИС-ийн БӨ аймаг дахь салбар сургуулийн багш, доктор У.Бекет “Баруун бүсэд царгас тарималжуулах биологи, экологийн үндэс” ХИС-ийн багш, докторант Д.Дарьханд “Баруун Монголын бэлчээр ашиглалт, тулгамдсан асуудал”, Германы ОУ-ын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрчим хүчний үр ашиг төслийн зөвлөх инженер С.Түвшинхүү “Барилгын халаалтын эрчим хүчний хэрэгцээ ба хэрэглээг бууруулах боломж, бололцоо”, Биос ТББ-ын тэргүүн, доктор Д.Тэгшжаргал “Элсний бургас тарьж нутагшуулан эрчим хүчний зориулалтаар ашиглах боломж” Монголын Үндэсний их сургуулийн доктор, профессор Ш.Батмөнх “Баруун Монголд ботаникийн цэцэрлэг байгуулах, түүнд түшиглэсэн аялал жуулчлал хөгжүүлэх асуудал” зэрэг 40-өөд илтгэл тавих аж.

Цаашид судалгаа, үйлдвэрлэлийн бодлогоор баруун бүсийн хөгжлийг дэмжих стратегитай Ховд Их Сургууль  тус хурлаар хэлэлцэж байгаа судалгааны үр дүнг төсөл хөтөлбөр болгон хэрэгжүүлэх талаар анхаарч ажиллахаар төлөвлөж байна.

А.Бямбасүрэн

Related news