Зургаан зүйлийн ховор амьтны судалгаа хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол орны ховор амьтны ангилалд байдаг ч ашиглалтад хамгийн их өртдөг аргаль хонь, янгир ямаа, халиун буга, тул загас, хар сүүлт, хулан адууны судалгаа хийж, тоо толгойг олшруулах шаардлагатай байна.
“Юуны түрүүнд аргаль хонь, янгир ямааны тоо толгойг тогтоон, хамгаалалтад авч, зохистой ашиглахад онцгой анхаарна. Мөн Засгийн газрын ховор амьтдыг агнах, барих зөвшөөрөл олгох журмыг өнөөгийн цаг үеийн шаардлагад нийцүүлэн өөрчлөх цаг болсон”-ыг БОАЖЯ-ны Амьтан, ургамал, байгалийн нөөцийн хэлтсийн дарга П.Цогтсайхан онцлов.
БОАЖЯ олон улсын байгууллагатай хамтраад “Говийн гайхамшигт 6” хөтөлбөр хэргжүүлдэгт хулан адуу, хар сүүлт зээр хамаарагддаг. Эдгээр зүйлд ач холбогдол өгч, тархац нутаг, тоо толгойг нь тогтоосноор хамгааллын оновчтой менежмент хэрэгжүүлэх боломжтойг тэрбээр хэлэв.
Төв Азийн унаган зэрлэг амьтны нэг хуланг хамгаалахын тулд тоо толгойг нь тогтоох, популяцийн хэвийн байдлыг хангахад зохистой менежмент хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Мөн 1980 оны үед 120 мянга тоологдсон халиун бугын тоо толгой эрс цөөрч 30 орчим мянга болсон статистик бий. Үүнийг зохистой газар нь сэргээн нутагшуулах, нягтаршил өндөр газраас өөр тийш шилжүүлэн нутагшуулна.
Түүнээс гадна спорт загасчлал болон цэнгэг усны эрүүл экосистемийг
хамгаалах ажлыг хослуулах
үүднээс тул загасыг ховор амьтныг хамгаалах мөрийн хөтөлбөрт оруулжээ. Ингэснээр тул загасны судалгааг
шинжлэх ухааны үндэслэлтэй хийж, хамгаалалт, зохистой ашиглах менежмент хийх юм.
Амьтны зүйл бүрдлийн хувьд, Монгол оронд 138 зүйл хөхтөн, 75 зүйлийн загас, 6 зүйлийн хоёр нутагтан, 22 зүйлийн мөлхөгч буюу хэвлээр явагч, 476 зүйл шувуу, 13 мянга гаруй зүйлийн шавж, 516 зүйлийн зөөлөн болон эгэл биетэн байгаа тухай судалгаа бий.
Монгол орны ховор амьтны ангилалд 14 зүйл хөхтөн, 24 зүйлийн шувуу, 6 зүйлийн мөлхөгч, 4 зүйлийн хоёр нутагтан, нэг зүйл загас, нэг зүйл дугуй амьтан, 20 зүйл шавж, 2 зүйл хавч хэлбэртэн, 4 зүйл зөөлөн биетэн гээд нийт 76 зүйлийн амьтан багтдаг юм.