Энэ сарын 15-ныг хүртэл Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2021-02-11 15:06:27

Төв /МОНЦАМЭ/.  Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн А/01 дугаар захирамж гарч, тус сум 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллах юм.

Тус захирамжид гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд Зуунмод сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй үсчин, барааны дэлгүүрүүдийн үйл ажиллагааг энэ сарын 12-ны өдрөөс 15-ны өдөр хүртэл түр хязгаарлах юм. Харин хүнсний дэлгүүр, супермаркетууд, нийтийн хоолны газруудын үйл ажиллагааг энэ сарын 12-ны өдрөөс 15-ны өдрийг дуустал үйлчлэх цагийн хуваарийг өглөө 10:00 цагаас оройн 18:00 цаг хүртэл тогтоон мөрдүүлж ажиллахыг худалдаа үйлчилгээний газруудын эрхлэгч нар болон багийн Засаг дарга, баг багийн хэсгийн байцаагч нарт үүрэг болгожээ.

Түүнчлэн Улаанбаатар хотоос орох, сумаас гарах хөдөлгөөнийг 2 дугаар сарын 12-ны өглөөний 06.0:00 цагаас 2 дугаар сарын 16-ны өглөөний 06.00 цагийн хооронд хязгаарлаж байгаа бөгөөд зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаантай иргэн, хүнс барааны татан авалт, өвс тэжээл, шатахуун, хүнсний тээврийг зохих журмын дагуу аймгийн Шуурхай штабын  70275450 утсаар чиглэл авч хөдөлгөөн үйлдэх боломжтой аж.

Мөн дамжин өнгөрч буй бусад аймаг, орон нутгийн иргэдийг сумын төвд зогсоохгүй, худалдаа үйлчилгээний газраар үйлчлүүлэхгүй байх арга хэмжээг авч түүнд хяналт тавих, Улаанбаатар хотоос хязгаарлалтын дэглэмд ороод ирж буй иргэдийг гэрийн ажиглалтад байлгаж, тусгай GPS программыг сум руу нэвтэрч буй иргэн бүрийн гар утсанд суулган хяналт тавих, хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтныг тухай бүрт нь холбогдох хууль, дүрэм, журмын дагуу арга хэмжээ тооцон ажиллахыг тус тус үүрэг болголоо.

 

Related news