ААН-үүдийн 80 гаруй хувь нь цомхотгол хийхгүйгээр ажиллахыг чухалчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-02-14 18:45:08

Дорнод /МОНЦАМЭ/. ААН-үүдийн 80 гаруй хувь нь цомхотгол хийхгүйгээр ажиллахыг чухалчилж байна. Тодруулбал, BEST хөтөлбөрийн хүрээнд "Цар тахлын улмаас үүссэн хүндрэл бэрхшээлийг даван туулах арга замыг тодорхойлох судалгаа"-г  Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй жижиг дунд бизнес эрхлэгчээс авахад дээрх хариултыг өгчээ.

Энэ нь жижиг, дунд бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахыг илүүд үзэж, хичээж байгаагийн илэрхийлэл гэдгийг Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн тодотголоо. Цаашдаа дотооддоо халдвар гараагүй нөхцөлд бизнесийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжоор ханган ажиллахад анхаарах болно гэдгээ мөн мэдэгдэв. Дээрх судалгааны үр дүнд үндэслэн төлөвлөгөө гаргаж ажиллахаар шийдвэрлэсэн байна.

Ташрамд дурдахад, BEST хөтөлбөр нь Монгол Улсад дотоодын халдвар бүртгэгдсэн өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа онлайн горимд шилжүүлж, жижиг дунд бизнес эрхлэгчдийг чадавхжуулах зорилгын хүрээнд Дорнод аймагт 15 удаагийн сургалт, уулзалтыг зохион байгуулж, 255 бизнес эрхлэгчийг хамруулаад байгаа юм.

Related news